Өнөөдөр Монгол Улсаас Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газраас Өвөр Монголын Өдрийн сонины хорооны Солонго мэдээллийн төвд Монгол Улсаас уригдан ажиллаж байгаа Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлийн гишүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн “Ган үзэгтэн” шагналт, сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Энхбаатарын Үржинхандыг Монголын Зохиолчдын Эвлэлээс “Гомбын СЭР-ОД”-ын нэрэмжит “Батламж”-аар шагнасан сайхан мэдээллийг хуваалцлаа.

“Батламж”-ийг тус улсад суугаа Ерөнхий Консул Б.Бямбадорж, Дэд Консул Б.Багахүү нар гардуулав. Ерөнхий Консул Б.Бямбадорж “Монгол Улсаас Солонго мэдээллийн төвд уригдан ажиллаж байгаа сэтгүүлч, редактор Энхбаатарын Үржинханд нь өнгөрсөн 2015 оны төгсгөлд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ГАН ҮЗЭГТЭН шагналаар шагнагдсан манай нэр хүндтэй, ажил үйлсдээ өсөж яваа залуу сэтгүүлчдийн нэг юм. Харин өнөөдөр уран бүтээлч, зохиолч, яруу найрагчийн хувьд түүнийг Монголын Зохиолчдын Эвлэлээс залуу зохиолч, яруу найрагч нарт олгодог босго нь өндөр, нэр хүндтэй Г.Сэр-Одын БАТЛАМЖ-аар шагнаж байгааг дуулгаж, энэхүү баярт мэдээг хуваалцаж байгаадаа Ерөнхий Консулын газрын зүгээс баяртай байна. Таны цаашдын үйл хэрэг, уран бүтээлд тань гялалзсан өндөр амжилт хүсэе” гэв.

“Батламж” гардуулах ёслолд Солонго мэдээллийн төвийн удирдлага, Өвөр Монгол дахь Иргэдийн нийгэмлэгийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс байлцлаа.
