
Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны чуулган 04-р сарын 21-ний өдөр Хайнаний Бө Ао-д нээгдсэн байна. Нээлтийн үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин видео бичлэгээр "бэрхшээл сорилтуудыг хамтдаа давж, сайн сайхан ирээдүйг хамтдаа нээх" сэдэвт илтгэл тавив.
Ши Жиньпин хэлэхдээ "Эдүгээ дэлхий, цаг үе, түүхийн өөрчлөлт урьд өмнө хэзээ ч байгаагүй хурдацтай өрнөж, хүн төрөлхтөнд нухацтай хандах ёстой сорилтууд тулгарч байна. Хүн төрөлхтний түүх бидэнд хүнд хэцүү цаг үе байх тусмаа итгэлээ бэхжүүлэх ёстойг хэлдэг. Түүхийн хүрдийг ямар ч хүндрэл бэрхшээл зогсоож чадахгүй. Олон тооны сорилт бэрхшээлийн өмнө бид итгэлээ алдаж болохгүй, ухарч буцахгүй, харин итгэлээ бэхжүүлж, зоригтой урагшлах ёстой".
Ши Жиньпин онцлохдоо "Харанхуйгаас гарч гэрэл рүү шилжихийн тулд хамгийн хүчирхэг хүч бол хамтран ажиллах, хамгийн үр дүнтэй арга бол бие биедээ туслах явдал юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэг COVID-19 цар тахлын сорилтыг даван туулж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийг ахиулахад ихээхэн хүчин чармайлт гаргасан. Дэлхийн улс түмэн бол харилцан салшгүй харилцаа холбоотой хувь заяаны нэгдмэл цогц болохоор улс орнууд энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, ялалтын төлөөх цаг үеийн чиг хандлагыг дагаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах зөв чиглэлээр урагшилж, бэрхшээл сорилтуудыг хамтдаа давж, сайн сайхан ирээдүйг хамтдаа нээх ёстой".
- Хүний амь нас, эрүүл мэндийг хамтдаа хамгаалах ёстой. "COVID-19" тахлыг бүрэн дарахын тулд хүн төрөлхтөнд маш их хүчин чармайлт шаардагдана. Улс орнууд бие биенээ дэмжиж, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний уялдаа холбоог эрчимжүүлж, дэлхийн нийтийн эрүүл мэндийн засаглалыг сайжруулж, цар тахалтай тэмцэх олон улсын хүчирхэг хүчийг бүрдүүлэх ёстой. Хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй байдлыг хангахын тулд вакциныг дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болох шинж чанарыг дагаж мөрдөх шаардлагатай. Хятад улс 120 гаруй улс орон болон олон улсын байгууллагад 2 тэрбум 100 сая гаруй тун вакцин нийлүүлсэн бөгөөд Африк болон АСЕАН-д тус тус 600 сая, 150 сая тун вакцин нийлүүлж, дархлаажуулалтын талаар идэвхтэй хүчин чармайлт гаргасан байна.
Бид эдийн засгийн сэргэлтийг хамтдаа дэмжих ёстой. Бид нээлттэй дэлхийн эдийн засгийг тууштай байгуулж, макро бодлогын уялдааг бэхжүүлж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгаж, дэлхийн тэнцвэртэй, зохицуулалттай, хүртээмжтэй хөгжлийг ахиулах ёстой. Ард түмэн төвтэй хандлагыг баримталж, хөгжлийг ахиулах, ард түмний амьжиргааг хамгаалах ажлыг чухал байр сууринд тавьж, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, хөгжлийн санхүүжилт, үйлдвэржилт зэрэг чухал салбарт бодит хамтын ажиллагааг ахиулж, тэнцвэргүй, хангалтгүй хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд тогтвортой ахиц дэвшил гарсан.
- Дэлхийн энх тайван, амар амгаланг бид хамтдаа хамгаалах ёстой. Хүйтэн дайны сэтгэхүй нь дэлхийн энх тайванд саад болж, дээрэнгүй үзэл, хүчний улс төр нь дэлхийн энх тайванд аюул учруулж, бүлэг байгуулан сөргөлдөх нь 21-р зууны аюулгүй байдалд сорилтуудыг учруулах болно.
Хятад улс дэлхийн аюулгүй байдлыг ахиулах үүднээс дараах санаачилгыг дэвшүүлж болно. Аюулгүй хамтын, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа сахин хамгаална. Бүх улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, бусад улс орны дотоодын хэрэгд хөндлөнгөөс оролцохгүй байж,улс орны ард түмний бие даан сонгосон хөгжлийн зам болон нийгмийн тогтолцоог хүндэтгэнэ. НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, хүйтэн дайны сэтгэлгээг орхиж, нэг талт үзлийг эсэргүүцэж, бүлэглэл байгуулан сөргөлдөхгүй байх хэрэгтэй. Аюулгүйн салбар дахь улс орнуудын зүй ёсны ашиг сонирхлыг чухалчилж, тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой аюулгүйн тогтолцоог байгуулж, бусад оронд аюул учруулахаар дамжин өөрийн орныхоо аюулгүйг баталгаажуулахыг эсэргүүцнэ.Улс орнууд хоорондын санал зөрөлдөөн, маргааныг яриа хэлцэл, зөвлөлдөх замаар энхийн замаар шийдвэрлэхийг тууштай баримталж, хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд тустай бүхий л хүчин чармайлтыг дэмжиж, давхар стандарт,нэг талт үзлийг урвуулан ашиглахыг эсэргүүцнэ. Уламжлалт болон орчин үеийн бүс нутгийн аюулгүй байдлыг бүхэлд нь хангаж, бүс нутгийн маргаан, терроризм, цаг уурын өөрчлөлт, интернетийн аюулгүй байдал, биологийн аюулгүй байдал зэрэг бүс нутгийн маргаан, дэлхийн асуудлуудыг хамтран шийдвэрлэнэ.
Дэлхийн засаглалын тулгамдсан асуудлыг бид хамтдаа шийдвэрлэх ёстой. Дэлхийн бүх улс орнууд хувь тавилан нэгтэй том хөлөг онгоцон дээр сууж байна.Хэрвээ тэд шуургатай далайг эсэргүүцэж, гэрэлт ирээдүй рүү явахыг хүсвэл нэг завин дээр хамтдаа зүтгэх ёстой. Хэн ч хэн нэгнийг далайн эрэг рүү шидэх гэж оролдох нь байж боломгүй зүйл. Өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэг ээдрээ төвөгтэй органик нэгдэл болсон болохоор аль нэг хэсэг, аль нэг “сэлбэг”-ийг салгавал энэхүү том “машин” тэр чигтээ эвдрэх бөгөөд түүнийг салгасан хүн өөрөө ч хохирох болно. Өргөн хүрээг хамарсан зөвлөлдөх, хамтын хувь нэмэр, хамтын ашиг тусыг хүртэх дэлхийн засаглалын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг бадруулж, янз бүрийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг дэмжих шаардлагатай байна. Бид олон талт үзлийг баримталж, НҮБ-тай олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тууштай дэмжих ёстой. Тэр дундаа эрх тэгш, хамтын ажиллагаа, үнэнч шударга, хууль дээдлэх талаар том улс үлгэр дуурайлал үзүүлж, том улсын өнгө төрхийг харуулах ёстой.
Ши Жиньпин онцлохдоо "Сүүлийн хэдэн арван жилд Азийн бүс нутаг ерөнхийдөө тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн хурдацтай өсөлтийг хадгалж, "Азийн гайхамшиг"-ийг бүтээсэн юм. Ази тив өөдтэй байж л дэлхий нийт улам сайн хөгжинө. Бид Ази тивээ үргэлжлүүлэн сайн хөгжүүлж, бүтээн байгуулж, Азийн тэсвэр хатуужил, мэргэн ухаан, хүч чадлыг харуулж, дэлхийн энх тайвныг тогтворжуулагч, эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр, хамтын ажиллагааны шинэ өндөрлөгийг бий болгох ёстой.
Нэг. Азид энх тайвныг тууштай дэмжинэ. Өнөөдөр Ази тивийн санаачилсан “энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим”, "Банддунгийн үзэл баримтлал" нь улам бүр ач холбогдол өгч байна. Бид бие биенээ хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримталж, сайн хөршийн найрамдлын бодлогыг баримталж, хувь заяагаа өөрийн гартаа хатуу атгах ёстой.
Хоёр. Азийн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулна. “ Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” хүчин төгөлдөр болж, Хятад Лаосын төмөр зам баригдаж, хөдөлгөөнд нэвтэрч, бүс нутгийн холболтын түвшинг үр дүнтэй сайжруулав. Бид энэ боломжийг ашиглан Азид илүү том, илүү нээлттэй зах зээлийг бүрдүүлэн, Ази тивд харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, шинэ алхам хийх ёстой.
Гурав. Азийн эв нэгдлийг хамтаар дэмжинэ. АСЕАН –ы бүс нутгийн бүтцийн төв байрыг бэхжүүлж, талуудын шаардлагыг харгалзан үзсэн, бүх талын ашиг сонирхолд нийцсэн бүс нутгийн дэг журмыг сахиулах шаардлагатай байна. Бүс нутгийн доторх болон гаднах, том, жижиг, хүчтэй, сул гэлтгүй бүх улс орон эмх замбараагүй байдал үүсгэлгүйгээр Азидаа гялбаа нэмэн, бүгд энх тайван хөгжлийн замаар алхаж, хамтдаа ялалт байгуулж, эв нэгдэлтэй, дэвшилтэт Азийн гэр бүлийг бий болгох ёстой".
Ши Жиньпин тэмдэглэхдээ "Хятадын эдийн засаг хүчтэй, уян хатан, асар их нөөц боломж, маневр хийх өргөн орон зайтай, урт хугацааны эерэг суурь нь өөрчлөгдөхгүй, дэлхийн эдийн засгийг тогтворжуулах, сэргээхэд хүчтэй эрч хүч өгч, улс орнуудад зах зээлийн өргөн боломжийг бүх нийтээр хангах болно. Хятад улс хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, өндөр чанартай хөгжлийг ахиулах болно. Дэлхийд ямар ч өөрчлөлт гарсан ч Хятадын өөрчлөлт, нээлттэй байдалд итгэх итгэл, хүсэл зориг хувирахгүй. Хятад улс энх тайвны хөгжлийн замыг тууштай баримталж, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байх болно".
Ши Жиньпин эцэст нь хэлэхдээ "Бид хамтдаа зүтгэж, уйгагүй хөдөлмөрлөж чадвал хамтдаа ялалт байгуулж, хамтын ажиллагааны агуу хүчийг нэгтгэх нь гарцаагүй. Урагшлах замд янз бүрийн сорилт бэрхшээлийг даван туулж, хүн төрөлхтний илүү гэрэл гэгээтэй, сайн сайхан ирээдүйг авчрах болно".
