solongonews
Улаан үхрээр баяжих замаа нээнэ
2017-02-22 11:13
Тунляо хотын Хорчин Зүүн гарын хойд хошуу нь “Хятадын махны үхрийн аж үйлдвэрийн хүчирхэг хошуу”-г байгуулах тухай зорилтын дагуу ажиллаж байна.

ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн Х Хурлаар Өвөр Монголыг бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, малын ашиг шимийг үйлдвэрлэн боловсруулах суурин болгон бүтээн байгуулах тухай дурджээ. “Улаан үхрийн нутаг” хэмээгдсэн Хорчин Зүүн гарын хойд хошуу тус хурлын санааг хэрэгжүүлэхдээ, “Улаан үхрийн аж үйлдвэрийг илүү хөгжүүлж, 2018 он болоход үхрийн тоо толгойг 1 саяд хүргэж, жилд 300 мянгаас дээш үхрийг нарийн боловсруулж, Хятад улсын хэмжээнд алдартай махны үхрийн аж үйлдвэрийн хүчирхэг хошууг байгуулах” зорилтыг дурдсан бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, хөрөнгө оруулалтын баталгааг хангаж, эдийн засгийн хэлбэрээ шинэчлэн, орчин үеийн мал аж ахуй, тариалангийн системийг байгуулах зэрэг талаар бодитой арга хэмжээ тогтоожээ.

Хорчин Зүүн гарын хойд хошууны Уул суурингийн Хилийн сөөг багийн ард Гүө Цай ердөө 4.6 га талбайд эрдэнэ шиш тарьж, 10 гаруй үхэр тэжээдэг. Энэ жилийн байдлаар 15 мянган кг эрдэнэ шиш, 8 үхэр худалджээ.

- Эрдэнэ шишээ жин бүрийг 0.45 юаниар худалдаж, тарианы үр, химийн бордооны зарлагадаа ч хүрсэнгүй. 8 тугал худалдаад харин 60 мянган юанийн орлого олсон. Үхэр тэжээх нь илүү орлого олох юм байна. Энэ жил нэмж хоёр үнээ худалдаж авсан гэгдээ ярьж байв.

Гүө Цайтай адил үхрийн тоо толгойгоо нэмэгдүүлэхийг хүсэж бодож байгаа малчин тариачин Хорчин Зүүн гарын хойд хошуунд цөөн бус бий. Ганзага суурингийн Ургалдай баг нь 286 айлын 893 хүн амтай мал аж ахуй тариалангийн баг болно.

- Багийн хэмжээнд нийт 4000 гаруй толгой үхэртэй, нэг хүнд дунджаар 5 үхэр ногдож, бордож байгаа махны үхэр жил бүр 1000 толгойг давж, мал аж ахуйн орлого нийт орлогын 70 хувийг эзэлж байна гэж тус багийн дарга Соёлт танилцууллаа.

Бэлчээрлэн маллахыг зогсоож, өвс тарих, үр тариаг бордооны таримал болгон өөрчлөх зэрэг төслийг хэрэгжүүлснээс Хорчин Зүүн гарын хойд хошууны өвсний аж үйлдвэр түргэн хөгжсөн байна. 2016 онд хошууны хэмжээнд хөх бордоо тарьсан талбай 80 мянган га талбайд хүрч, үүнээс тусгай зориулалтын хөх бордооны талбай 40 мянган га талбайд хүрч, 2015 оноос 20 мянган га талбайгаар нэмэгджээ. Ялангуяа ургац хураалтыг нэмэгдүүлэх шинэ арга технологи, шинэ төслийг хэрэгжүүлснээр малчин тариачдын өвс бордоо тарих идэвхийг нэмэгдүүлжээ. Өнгөрсөн жил Шургалдай баг дусалган услах аргаар 33 га талбай эрдэнэ шиш туршилтаар тарьж, 0.06 га талбай бүрээс 750 кг эрдэнэ шиш хурааж, уналт нь өмнөхөөсөө 5 дахин нэмэгджээ.

- Өвс бордоо тарих талбай нэмэгдсэн болон тарианы иш сүрлийг ашиглах нь дээшилснээр үхрээ хашаалан маллах ба бордоход тэжээл бордооны хангалттай баталгаа болж байна хэмээн тус багийн малчин Сээван ярив.

Хорчин Зүүн гарын хойд хошуу нь Өвөр Монголын үхрийн үүлдэр угсааг сайжруулах ажлыг хамгийн тэргүүнд хийсэн нутгийн хувьд 70 гаруй жилийн гар хээлтүүлэг хийсэн түүхтэй. Тус хошуу гар хээлтүүлгийн ажлыг илүү сайжруулж, үхрийн үүлдэр угсааг цаашдаа чанаржуулахын зэрэгцээ эх малд нь нарийн бордоо өгөх, эх тугалыг салган тэжээх зэрэг аргыг дэлгэрүүлэн, эх малын үржлийн хэмжээг 75 хувьд хүртэл дээшлүүлж, үхрийн тоо толгой болон чанар чансааг дээшлүүлж байна. Үүний зэрэгцээ эр тугалыг шууд бордох зэрэг аргыг дэлгэрүүлж, малын гаргалтын хугацааг хурдасгасан бөгөөд үр ашгийг нь дээшлүүлж байна. Сээван бидэнд энэ тухай ийм нэгэн данс тооцоо бодож өгсөн юм. Нэг тугалыг 12 сар бордвол 750 кг болж өснө. 12 сар бордоход нэг тугал бараг 6000 юанийн өвс бордоо хэрэглэнэ. Ийнхүү тугалын биеийн үнийг хасаад нэг тугалаас 5000-6000 юанийн цэвэр орлого олно гэв.

Одоо тус хошуунд томоохон хэмжээний тэжээж үржүүлэх талбай 20 гаруй байгаа бөгөөд мянгаас дээш үхэртэй тэжээж үржүүлэх талбай гурав, зуугаас дээш үхэртэй тэжээж үржүүлэх талбай 13 бий. Үхэр тэжээх хоршоо 870, гэр бүлийн мал аж ахуйн талбай 36 байна. Хоршоо + гишүүн + хөрөнгө оруулах + ашгаа хуваалцах загвар бол тус хошууны үхэр тэжээх хоршоог хөгжүүлэхэд хэрэгжүүлж байгаа нэгэн үр дүнтэй арга хэлбэр болно. Даруй хоршооны гишүүд үхрээрээ хувь оруулж, тарианы газраа хоршоондоо шилжүүлэн өгч, жилийн эцэст ашгаа хуваалцана. Ганзага суурингийн Хайсгай багийн Эрхихудаг дугуйланд байгаа “Хөгжих үхэр тэжээх хоршоо” нь энэ хэлбэрийн хоршоо болно. 2015 оны 11 дүгээр сард байгуулагдсан тус хоршоо одоо 10 гаруй гишүүн өрхийн 284 үхэртэй болжээ. Хоршооны гишүүд 31.7 га талбайтай тарианы газраа 0.06 га бүрийг 500 юаниар хоршоондоо шилжүүлэн өгч, хөх бордоо болон чанар сайтай өвс тарьж, арчилж ургуулах ажлыг бүгдийг машин технологи ашиглан гүйцэтгэж, эх малын үржлийн хэмжээ 98 хувьд хүрч, жилд 180 гаруй тугал тосож, тугал бүрийг 6000 юаниар тооцоолбол 1 сая гаруй юанийн ашиг олох болно.

Өмнө нь Хорчин Зүүн гарын хойд хошууны мал малладаг нутаг нь гол төлөв Чулуут, Багатал зэрэг мал аж ахуй тариаланг хослуулсан оронд төвлөрч байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд үр тарианы үнэ ханш тогтвортой бус, малын ашиг шимийн үр ашиг сайн, иш сүрлийн ашиглалт өндөр болсон зэрэг олон талын шалтгаанаас болж тус хошууны зүүн ба өмнө хэсгийн тариалах нутгийн тариачид үхэр тэжээх нь илүү болж, үхэр тэжээх нь тасралтгүй нэмэгдэж байна. 2016 онд эдгээр сум суурингийн үхрийн тоо толгой нь өнгөрсөн жилээс 12000 тоо толгойгоор нэмэгдэж, тус хошууны үхэр 1 сая толгойд хүргэх зорилтыг биелүүлэх хамгийн нөөц хүчтэй нутаг болжээ.

“2017 оны мал аж ахуйн оны бүртгэлд тус хошууны үхрийн тоо толгой 770 мянгаар тоолуулсан. Хөгжлийн тухай үзэл ойлголт нэгдэж, зорилт үүргээ тодорхой болгож, хөгжлийн арга хэмжээ тогтоогдлоо. Ханцуй шамлан хичээн ажиллаж, шандас эрчлэн сайн ажиллах л юм бол 2018 он гэхэд хошууны хэмжээнд үхрийн тоо толгойг 1 саяд хүргэж, Хятад улсын хэмжээнд алдартай махны үхрийн аж үйлдвэрийн хүчирхэг хошууг байгуулах зорилт цагтаа биелэгдэх нь лавтай гэж Хорчин Зүүн гарын хойд хошууны дэд дарга Жан Дали итгэл төгөлдөр ярьж байлаа.

Найруулагч: УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл