solongonews
Эргэн дурсахад...
2017-08-25 11:15
Магнаг чиг талынхаа уудам хөндийгөөр
Мөнгөн голууд мяралзан урсана даа
Манантай уулынхаа жимстэй ойгоор нь
Магтаалчин хөхөө дуугаа дуулна
Ай хө ай хө
Өсөж төрсөн Үзэмчин нутгийнхаа
Үзэсгэлэнт бүхнийг бахархаад барна уу даа...

Бахархаад бахдаад барамгүй үзэсгэлэн сайхан Шил нутгийн Зүүн Үзэмчин хошуунд зуны дэлгэр сайхан цагаар гурав дахь удаагийн Солонго аялал амжилт дүүрэн, ганзага дүүрэн боллоо.

Үзэсгэлэнт Үзэмчин нутгаар аялсан "Солонго аялал"-ын баг

Манай энэ удагийн аялалд Монгол Улаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын Зөвлөх Д.Бямба, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын техникийн ажилтан Д.Алтанцэцэг, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн оюутан Б.Ариунаа, Өвөр Монголын Их Сургуулийн оюутан Т.Ануундарь нар оролцсон билээ. Ингээд бид аяллаа эргэн дурсаж бяцхан ярилцлага өрнүүлснээ та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа таатай байна. Онцлон хэлэхэд манай багийн нэг гишүүн Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын техникийн ажилтан Д.Алтанцэцэг эгч маань хүндэтгэх шалтгааны улмаас ярилцлагад хүрэлцэн ирж амжаагүй болно.

- Сайн байцгаана уу, сайхан амарцгаав уу? Аяллын алжаал ядаргаа тайлагдав уу? Манай уншигчдад өөрсдийгөө товч танилцуулна уу?

Д.Бямба: Монгол Улаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын Зөвлөх Д.Бямба гэдэг хүн байна. Хөххотод ирээд нэг жил болж байна.

Б.Ариунаа: Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их сургуульд магистрт суралцдаг Ариунаа байна. Хөххотод ирээд долоон жил болж байна. Бакалавраа мөн Хөххотод үзэж төгссөн.

"Солонго аялал"-ын баг малчин Зоригтынд

Т.Ануундарь: Өвөр Монголын Их Сургуульд бакалаврт суралцаж байгаа Ануундарь байна. Өвөр Монголд ирээд 3 жил болж байна.

- Бид бүхэн зуны сайхан дэлгэр цагаар Шил нутгаар аялаад ирлээ. Аяллын хугацаанд малчин айл өрхийн ажил амьдралтай танилцаад ирлээ. Та бүхэн Өвөр Монголд ирэхээс өмнөх сэтгэгдэл, тэр дундаа хөдөө орон нутгаар, малчин айлаар буухад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцвал?

Д.Бямба: Өмнө нь ганц хоёр удаа Хөххотод ирж байсан. Хамгийн сүүлд 2000 онд Хөххотод ирсэн юм байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд маш их өргөжин тэлж сайхан хот болон хөгжсөн байна. Хөххотыг танихын аргагүй том хот болжээ. Орон нутгаар нь бол явж үзээгүй байсан. Солонго аяллаар Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуугаар явлаа. Малчдын амьдрал ахуйтай биечлэн танилцлаа. Их сайхан хөдөө нутаг байна. Өвөр Монголын малчид яаж амьдардаг, яаж мал ахуйгаа эрхэлдэг талаар төсөөлөлгүй байсан. Энэхүү аяллаар дамжуулан их сайхан танилцлаа. Тав зургаан айлаар орлоо. Адуу, хонь, үхэр зэрэг таван хошуу малаа өсгөн үржүүлж байгаа айл өрхөөр орлоо, бизнес эрхэлж байгаа малчин өрхөөр ч бас орж үзлээ. Ингээд харахад малчдын ахуй амьдрал сайжирч сайхан болсон гэдэг нь харагдаж байлаа.

"Солонго аялал"-ын баг малчин Батнасангийнд

Т.Ануундарь: Өвөр Монголд ирээд гурван жил болохдоо хөдөө орон нутаг, малчин айлаар нь бууж байсангүй. Эрээн хотоос Хөххот ирэх замдаа машины цонхоор хөдөөний айлын гадаад үзэмжийг харж байсан боловч яг яаж аж төрдөг талаар ямар ч ойлголт байгаагүй. Зүүн Үзэмчин нутгаар яваад нэлээд олон айлын аж амьдралтай танилцлаа. Сэтгэл маш өндөр байна. Монголын хөдөөний айлтай зарим зүйлээрээ төстэй мөн ялгаатай зүйл их байсан.

- Аяллын хугацаанд хамгийн ихээр сэтгэлд үлдсэн дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцана уу?

Д.Бямба: Монголд байхдаа боддог байлаа. Малчдад газар хуваагаад өгсөн гэж сонсоод тэр жаахан газарт яаж малаа малладаг юм бол гэж боддог байлаа. Очоод бодит байдлаар хараад амьдралтай нь танилцахад малчдын ам бүлийн тооноос хамаараад мөн орон нутгийн байршлаас жишээлэхэд хотын ойролцоо эсвэл хил залгаа зах газар гэдгээс хамаараад газрын хэмжээ өөр байдаг юм билээ. Хамгийн багадаа нэг хүнд 700 га газар хуваадаг бөгөөд ам бүлийн тоогоор бодохоор 6-7 мянган га болно гэхээр нэлээд хангалттай. Ямар ч малыг тэр газарт маллаж болохоор юм байна. Өмнө нь манайд хотын айлуудад хашааны газар өгдөг жишгээр төсөөлж байсан.  

Т.Ануундарь: Хамгийн сэтгэлд хоногшсон дурсамж гэвэл жуулчны баазтай айлд очиход захиалгын дагуу хонь гаргах таарсан. Ингээд гэдэс арилгах ажилд гар бие оролцсон. Халуун гүзээтэй баасанд гар дүрэх тэр мэдрэмж хэзээ ч мартагдашгүй дурсамж байсан. Би хэчнээн хөдөө өссөн ч гүзээтэй баасыг гардаж асгаж байгаагүй.

"Солонго аялал"-ын баг хүүхдийн зусланд

Б.Ариунаа: Миний хувьд очсон газар бүр их өвөрмөц онцлогтой сайхан дурсамжууд үлдээсэн. Тэр дундаа Хадаа ахынд очиход биднийг халуун дотноор хүлээж аваад орой нь бидэнд зориулаад галын наадам хийх тэр мөч их сэтгэлд үлдсэн.

- Малчдын амьдралтай танилцаад гар бие оролцоод явахад Монголын малчдын амьдралтай адил төстэй тал, ялгаа зөрөөтэй тал нь юу байв?

Б.Ариунаа: Мал маллах арга ухаан нь ерөнхийдөө Монголтой адилхан байна. Ялгаатай тал нь гэвэл сүү цагаан идээгээ боловсруулах тал дээр байсан. Өөр аргаар боловсруулж байгаа нь анзаарагдаж байлаа.

Д.Бямба: Манайхан малаа дагаж явдаг, өдөр бүр хурааж ирнэ. Хаана явааг нь дандаа харах шаардлага гардаг. Харин энд бол өөрсдийн эдлэн газартаа бэлчээрлүүлдэг учир малаа дагаж явах шаардлага гарахгүй. Мал нь ч хол явна гэсэн асуудал байхгүй, явсан ч хашаан дотроо явж байдаг болохоор малчид зав чөлөө ихтэй юм байна. Хашаатай болохоор суурьшмал суудгаараа манайхаас арай өөр. Айлууд нь бүгд байшинтай. Гэхдээ монгол гэрээ уламжлал болгоод хэрэглэдэг ч суурьшмал байдалтай байгаа болохоор аль болох тохь тухтай байдлыг илүүд үзэх нь зүйтэй. Үүгээрээ бас онцлог байлаа.

Т.Ануундарь: Улиастай суурингийн адуучин Батнасангийнд очиход Монголоос адилгүй тал нь гүү унагаа тус тусад нь хашаалдаг юм байна лээ. Монголд зэлэнд унагаа чагталж саадаг. Гүү саах цагийн хооронд гүүгээ идээшлүүлдэггүй нь жаахан санаа зовоосон асуудал байсан. Монголд цаг цагаар саахдаа гүүгээ идээшлүүлээд дахин саадаг. Гэхдээ энэ айл өдөрт гурван удаа саадаг юм билээ.

- Энэ жилийн хувьд ӨМӨЗО-ны 70 жилийн ой тохиож байгаа. Та бүхний нүдээр Өвөр Монголын хөгжил өөрчлөлт ямар шатанд явна вэ?

Б.Ариунаа: Анх ирж байсан үеэ одооныхтой харьцуулахад их хурдацтай хөгжиж байна. Бодит байдал дээр их хурдтай хөгжиж байгаа. Барилга байгууламж их өргөнөөр нэмэгдэж байна гэж харж байгаа.

Д.Бямба: 2010 онд анх ирж байсан тухайгаа ярьж байсан. 10 гаруй жилийн дараа ирэхэд Хөххот хаяа тэлж танигдахын аргагүй болтлоо хөгжсөн байна. Анх ирж байхад хотын захиргааны байшинг захруугаа барьж эхэлж байлаа. Тэр үед хоосон шахуу газар дээр Засгийн газрыг барьж байсан. Хотыг тойрсон хурдны замтай болж, тойрог замын дагуу том том хорооллууд сүндэрлэн боссон байна. Одоо тэр хоосон харагдаж байсан Засгийн газрын ойролцоо маш их байгууламж, бүхэл бүтэн хот боссон байна. Нэлээд хэдэн том үйлдвэрүүдийг мөн барьсан байна. Тун удахгүй метро ашиглалтад орох гэж байгаа гэх мэт дурдаад байвал маш их байна. Хөххотын нүүр царай өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа нь бодит амьдрал дээр харагдаж байгаа. Энэ жилийн хувьд их онцлог жил, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд Хөххот өөрийн нүүр царайгаа өөрчлөн засаж байна. Бүтээн байгуугуулалтыг их хийж, олон барилга байгууламжийг шинэчиллээ. Олон зам харилцааг нээлээ бас засаж шинэчиллээ. Мөн Хөххотын их дээд сургуулиуд маш олон оюутан элсүүлдэг болсон байна. Монгол Улсаас гэхэд олон оюутан их дээд сургуулиудад суралцаж байна. Ингээд харахад ӨМӨЗО мөн Хөххот маш хурдацтай хөгжиж байгаа нь ажиглагдаж байна.  

Т.Ануундарь: Анх Далан хар уулаар уруудаад орж ирэхэд Хөххот тийм ч үзэсгэлэнтэй сайхан харагдаагүй. Цаг хугацаа явах тусам дасаж, илүү сайхныг нь мэдэрч амьдралын маань нэгэн мартагдахааргүй мөчтэй яах аргагүй холбогдсон сайхан хот. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Мөн ӨМИС-ийн 60 жилийн ой тохиож байгаа давхар давхар баяртай сайхан жил байна. Энэхүү ойн хүрээнд маш олон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж мөн өөрийн зүгээс энэхүү тэмцээн уралдаануудад оролцсон. Ялангуяа ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын тоглолтод миний бие оролцож байгаадаа баяртай байна.

- Бид бүхэн амьдралынхаа мартагдашгүй нэг гарагийг Өвөр Монголын хөдөө орон нутгаар аялж өнгөрүүллээ. Та бүхэндээ сүүлийн хэдэн хормыг үлдээж байна.

Д.Бямбаа: Олон газраар танилцлаа гэж бид дээр ярьсан. Хүүхдийн зуслан нээсэн байгаа нь их онцлогтой санаглаа. Хөххотод өвөл, зун гээд хоёр л удаа сурагчдын амралт тавьдаг. Манайд хүүхдийн зуслан бол их байдаг. Харин миний ажигласнаар Өвөр Монголд хүүхдийн зуслан их бага байдаг санагддаг. Энэхүү зуслан хоромхон зуур өргөжих нь ойлгомжтой байна. Манай хүүхдийн байгууллагууд, Монголын хүүхдийн зуслангийн байгууллагууд хамтарч хоёр орны хүүхдүүдийн харилцааг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллавал сайхан байна. Өвөр Монголын хүүхдүүд Монгол Улсын хүүхдийн зусланд амрах, улс орны хөгжил цэцэглэлттэй танилцах боломж бас өргөн байна гэдгийг харж байлаа. Яагаад гэвэл зусланд хүүхэд амарна гэдэг аялал жуулчлалын нэг хэлбэр. Тиймээс энэ чиглэлийг нэлээд өргөжүүлэх шаардлагатай юм уу гэж ажиглагдлаа.

Мөн Солонго мэдээллийн төв маш олон хэлбэрээр манай Консулын газартай хамтарч ажилладаг. Ажлын хүрээнд манайхаас аялалд бас оролцлоо. Бидэнтэй явсан гурван сэтгүүлч байнга мэдээгээ гаргаж, бидний аяллын талаарх мэдээлэл тасралтгүй явж байсан. Ажилдаа мэргэшсэн, ажлын төлөө хүмүүс байдаг юм байна. Аяллаа ч хийгээд ажлаа ч хийгээд явдаг тун завгүй хичээнгүй ажилладаг хамт олон. Ажлын байран дээр нь ирээд танилцахад цөөн хүний хүчээр маш их зүйлийг хийдэг юм байна. Танай хамт олон маш бүтээлч хамт олон байна. Та бүхэнд маш их баярлалаа гэдгээ илэрхийлж байна.  

Т.Ануундарь: Солонго аялал маш сайхан зохион байгуулагдсан. Энэхүү аялал миний өмнө нь явж байсан аяллуудаас хамгийн сайхан нь байлаа. Мөн хамгийн дурсамжтай нь боллоо. Солонго мэдээллийн төвийн хамт олон аяллын хугацаанд бидний аюулгүй байдал, амар тайван байдлыг үнэхээр сайн хангаж чадсан. Солонго мэдээллийн төвийн хамт олондоо цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэж байна.

Б.Ариунаа: Энэхүү сайхан аялалд хамруулсан Солонго мэдээллийн төвийн хамт олонд үнэхээр их баярлалаа. Аяллын хугацаанд маш их зүйлийг мэдэж авлаа. Өөрийн биеэр оролцож маш сайхан дурсамжийг үлдээж чадлаа. Та бүхэндээ ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэж байна.

- Маш их баярлалаа. Бидний Солонго аялал та бүхний хүчээр маш сайхан болж өндөрлөлөө. Бидний ажлыг үргэлж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Цаашдын сурлага хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилт хүсэж байна. Сайн сайхныг хүсье!

Зохиогч: Ярилцлага, зургийг: Б.Туяа, М.Банди, Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго аялал
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл