Хятадын ГХЯ-ны сайд Ван И 06-р сарын 03-нд Гүй-Я хотноо Хятад Афганистан Пакистаны гадаад хэргийн сайд нарын 4-р видео уулзалтыг даргалсан бөгөөд Афганистаны ГХ-ийн сайд Атмар, Пакистаны ГХ-ийн сайд Курейш оролцжээ. Гурван орны ГХ-ийн сайд “Афганистаны энх тайвнаар эвлэрэх үйл явц” болон “Хятад Афганистан Пакистан гурван талын хамтын ажиллагаа” хоёр сэдвийн хүрээнд санал бодлоо найрсгаар гүнзгий солилцож, олон шинэ нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Ван И хэлэхдээ "Өдгөө олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд ээдрээтэй гүнзгий хувиралт гарч буйтай холбоотойгоор гадаадын цэрэг армиуд Афганистанаас цэргээ хурдацтай татаж, Афганистаны дотооддоо энх тайвнаар эвлэрэх үйл явцад ноцтой нөлөөлөн, зэвсэгт мөргөлдөөн, терроризмын үйл ажиллагаа улмаар нэмэгдсээр байна. Одоогийн нөхцөл байдалд гурван талаараа зөвшилцөн хамтран ажиллаж, Афганистаны нөхцөл байдлыг тус улс болон бүс нутгийн орнуудын хамтын ашиг сонирхолд нийцүүлэх ёстой" гэжээ.
Афганистаны энхийн эвлэрлийн үйл явцыг дэмжиж, даруй гал зогсоон, хүчирхийллийг эцэс болгох ёстой хэмээн гурван тал онцолсон бөгөөд цар тахлын эсрэг хамтран тэмцэж, иргэдийн амьжиргаа, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг Афганистанд өрнүүлж, бүс нутгийн ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхийг зөвшөөрчээ.
