solongonews
Хятадын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсан уу?
2016-11-16 13:57
Олон нийтийн сүлжээгээр Хятадын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсан тухай мэдээлэл нийтлэгдсэн. Энэ мэдээлэл үнэн эсэхийг лавлаж холбогдох байгууллагуудаас мэдээлэл авснаа хүргэе.

Олон нийтийн сүлжээгээр Хятадын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсан тухай  мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг лавлаж холбогдох байгууллагуудаас мэдээлэл авснаа хүргэе.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ тухайд дараах мэдэгдлийг гаргалаа.

 

Сүүлийн үед “Күнз Боловсролын Төв” нэртэй сургалтын байгууллага Монгол Улсын хэвлэл мэдээлэл, интернетээр “БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хүсэлт авч эхэллээ” гэсэн сурталчилгаа мэдээлэл гаргаж мөн үүний дотор “HSK шаардахгүй”, “хамрагдах оюутны тоо заагаагүй” гэх мэдээлэл гарч байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дараах зүйлийг албан ёсоор мэдэгдэж байна.

Нэгдүгээрт, “Күнз Боловсролын Төв” нь БНХАУ-аас Монгол Улсад албан ёсоор байгуулсан “Күнзийн Институт”-тэй ямар ч холбоогүй бөгөөд уг байгууллагын “БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг” хэмээн нэрийдэж буй хүсэлт авах үйлдэл нь БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөхгүй болно.

Хоёрдугаарт, “БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг”-тэй холбогдох албан ёсны мэдээлэл нь БНХАУ-ын Үндэсний тэтгэлгийн сангийн зөвлөл (CSC)-өөс (вэб сайт: www.csc.edu.cn) зарлагддаг. БНХАУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй “БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг” хөтөлбөрийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран зохион байгуулдаг. Мөн элсэлт авах мэдээллийг дээрх хоёр байгууллага хамтарч өөрсдийн албан ёсны вэб сайт болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг болно.

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллийн сайтуудаар дамжуулан  гаргасан мэдэгдэлд "Күнз" ХХК-ийн харъяа "Күнз боловсролын төв"  тайлбар  мэдэгдэл хийлээ.

 

"Күнз" ХХК-ийн харъяа Күнз боловсролын төв нь Хятад хэлний сургалт болон БНХАУ-ын 50 гаруй их дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулдаг билээ.

Өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн хүнд нөхцөлд оюутан залуусыг тэтгэлгээр суралцах боломжийг судалж 2 дахь жилдээ БНХАУ-ын Засгийн газраас БНХАУ дахь их, дээд сургуулиудад олгодог тэтгэлэгт хүсэлт авах тухай мэдээллийг 2016.11.01-нд гаргасан болно.

Энэхүү мэдээллийг 2016 оны 11-р сарын 7-ны өдөр www.unuudur.mn-ээс манай төвтэй холбогдож өөрийн вэб сайт дээрээ байрлуулах талаар асуун мөн БСШУ-ны яамнаас орон тооны мэдээллийг авч нэгтгэн байрлуулсан болно.

Тухайн мэдээллийг байршуулахдаа БНХАУ-ын элчин сайдын яам болон БСШУ яам-аас зарласан тэтгэлэг мэт агуулгатай мэдээ бэлдэж гаргасан болно. Тухайн мэдээг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа мэдээллийн сайтууд болон ТВ-үүд сайн дураараа хуулбарлан түгээсэн бөгөөд манай зүгээс төлбөртэй сурталчилгаа явуулаагүй болно. Энэхүү буруу ойлголт өгсөн мэдээллийг манай талаас тухайн сайтуудтай холбогдож устгуулсан болно.

Энэхүү тэтгэлэгт хүсэлт авах үйлчилгээ нь тухайн хүсэлт гаргагчид мэргэжил сонгох, материал бэлдэх, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Мөн энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан хэн нэгэн хүнийг хохироосон, луйвардсан зүйл байхгүй бөгөөд зуучлалын хөлс авдаггүй үйл ажиллагаа болно.

2015 онд бидний үзүүлсэн тэтгэлэгт хүсэлт авах үйлчилгээгээр нийт 10 хүсэлт гаргагч тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдсаныг дуулгахад таатай байна гэлээ.

 

 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл