solongonews
Үндэсний соёлыг түгээгч урлагийн нэгэн гэр бүл
2016-07-01 20:10
Хослон амьдрах хорвоод зөнгийн алтан наран доор гайхамшигт хос толгойтой морин хуурын аялгуугаар олны сонорыг мялааж, басхүү өөрсдөө ч түүндээ уяран хөглөгдөж урам зоригоор жигүүрлэн яваа нэгэн гэгээлэг гэр бүл урлагийн ертөнцөд мөрөө үлдээж явна.

    Морин хуур гэгч монголчуудын уламжлалт хөгжмийн зэмсгийн нэг, үндэстний нэгэн зүйлийн бэлгэ тэмдэг билээ. Харин хос толгойтой морин хуур гэхээр хэн бүхэнд содон санагдах биз ээ. Тэрхүү сонин содон бүтээлийг урласан урлагийн гэр бүл энэ оны тавдугаар сарын эхээр Улаанбаатар хотноо зохиогдсон “Морин хуурын олон улсын наадам-симпозиум”-д амжилттай оролцоод ирлээ. Улаанбаатар хотноо 2008 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж байгаа тус симпозиумд Монгол, Америк, Герман, Франц, Бельги, Орос, Хятад зэрэг долоон улсын судлаач, морин хуурч, зэмсэг урлаач, уран бүтээлчид оролцсон юм. Тэдний дунд авьяас билэг, уйгагүй хөдөлмөрөө урлагт зориулж яваа Хятад улсын морин хуурч, судлаач Чэн Шуэдун, түүний гэргий хос толгойтой морин хуурыг санаачлан урласан уран бүтээлч Х.Сэцэнхуар нар олны анхаарлыг онцгой татаж байлаа. Монгол үндэстний бахархал болсон язгуур урлагийг өөрсдийн биеэр үлгэрлэн түгээж буй тэд сурсан эрдмээрээ үндэсний соёлыг уламжлан өвлүүлэхийн төлөө хоёр орны гэрэлт тайзнаа дуулан хуурдаж явна. Энэ л сэтгэл зүрхээ зориулж яваа амжилтаараа яах аргагүй нэгэн соёлын гүүр болсон гэр бүл болохоо харууллаа.

                                       Хос толгойтой морин хуур урлаач

     Хишигдалайн Сэцэнхуар. Өвөр Монголын Баяннуур аймгийн уугуул,  тал нутгийн малчны хүүхэд. Бага насны хүүхдүүдийн бүжгийн багш мэргэжилтэй тэрээр хожим нь хивс нэхэж, хатгамал хатгах зэргээр гар урлалын олон бүтээл урласан гарын ур дүйтэй нэгэн. Ханьтайгаа хамт сүүлийн арав гаруй жил урлаг соёл, хуур, хөгжимтэй илүү ойр дотно явна. Тэд Монгол Улсад зохиогдсон “Морин хуурын олон улсын наадам-симпозиум”-д 2010 оноос хойш дөрөв дэх удаа оролцоод байгаа нь энэ юм. Нэг толгойтой морин хуур хүмүүсийн нүдэнд дасал болж, он жилүүдийн уртад зүрх сэтгэлд нь тэр янзаараа хоногшсон байдаг. Харин уран бүтээлч Х.Сэцэнхуар хос толгойтой морин хуурыг санаачлан зохиохдоо арга билэг гэдэг талаас нь бодож холоос харахад ганц толгойтой боловч ойртоод харвал хос морин толгой нь тов тодхон харагдахуйц байхаар сэтгэсэн байна.   Х.Сэцэнхуар:

- Өнөө цагийн гол урсгал болох ганц толгойтой морин хуурыг хараад арга билгийн ухаанд нийцүүлэн хос толгойтой хуур хийх санаа анх төрсөн л дөө. Ингэхдээ морин хуурын өөрийнх нь цогц шинжийг улам төгөлдөржүүлэн баяжуулахыг эрмэлзсэн. Морин хуурын домог үлгэрт хайр сэтгэл, нисдэг морь гардаг. Хорон санаатан далавчийг нь хайчилсны улмаас мориных нь зүс, алхаа гишгээ хүртэл өөрчлөгдсөн гэдэг домогтой. Жонон хар морь далавчаа тасдуулснаар өрөөлтэй шаргал морь болсон ч гэлцдэг. Чухам үүнээс үндэслэж энэ хоёр зүсийг сонгосон юм. Хуурын царан дээрээ энэ хоёр мориныхоо явдал төрхийг тусган гаргасан гэж ярьлаа. “Жонон хар”-ын төрх байдлаар урласан энэхүү шинэ содон бүтээлд Монгол Улсаас, мөн БНХАУ-аас албан ёсны патент буюу зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ. Үүнээс гадна, тэрээр төмөр хуур, хулсан хуур, нуман хуур тоглодог авьяаслаг нэгэн аж. 

   - Энэ удаагийн Олон улсын морин хуурын наадам-симпозиумд “Албан ёсны зохиогчийн эрх бүхий хос толгойт морин хуурын гарал үүсэл” илтгэлээр оролцоод ирлээ. 2018 онд Монгол Улсад зохиогдох энэ наадамд дахин оролцохоор төлөвлөж байна. Тэр үеэр болох хуур урлаачдын уралдаанд хос толгойтой хуураараа оролцоно. Миний ажиллаж, амьдардаг Баяннуур аймгийн Урадын хойд хошуунд хос толгойтой хуурын баримал хийхээр зэхэж байна. Тун удахгүй дууны уран бүтээлүүд ч ар араасаа төрөх юм. Ханьтайгаа хамтдаа урлагийн гэгээн замаар алхаж, олон сайхан бүтээлтэй, анд нөхөдтэй болсоор байна, амжилттай сайхан байна аа гэж хуур урлаач Сэцэнхуар бидэнтэй хуучилсан юм.

                                 Хичээж чадвал юунд ч хүрч болно

     Чэн Шуэдун Өмнөд орны Сичуан мужийн Чинду хотод мэндэлсэн. Аав, ээж нь цэргийн хүмүүс боловч балчир ахуй наснаасаа урлагт сонирхолтой хүүхэд байв. Биеийн тамирын багш мэргэжилтэй. Наяад оноос бие даан англи хэл сурсан. Мэргэжлээрээ багшилж байсан боловч дараа нь нэг хэсэгтээ аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагчаар ажиллаж байв. Нэг удаа Өвөр Монголын Дөрвөд хошуунд аялж явахдаа монгол гэрт анх удаа уртын дуу, морин хуурын аялгуу сонсоод шууд л сэтгэл татагдсан гэнэ. Чэн Шуэдун:

-Тэр аялгуу сэтгэлд хоногшиж, тал нутагт очиж үзэх хүсэлдээ хөтлөгдөн энэ ер бусын дуу хуур чухам ямар учиртай болохыг сонирхож эхэлсэн юм. Дараа нь Бээжин хотод очоод энэ тухайд олон төрлийн ном, судалгааны бүтээлүүд судалсан даа. Тэгээд Хөххотын “Улаан мөчир” чуулгынхантай танилцаж, тэдний тоглолтыг ч сонирхов. 1999 онд Жинэн хотод морин хуурын багшаар ажилладаг Рискава гэдэг төвд нэртэй Өвөр Монгол морин хуурчид шавь орж ёстой л ном ёсоор нь заалган сурсан даа. Бас Хөххотын хялгасан цуурын багш Ч.Отгонбаяр, нэрт багш Лу.Бадмаа нараар заалгаад улам ч сонирхолтой болсон. Ер нь морин хуур сурахын тулд Бээжин, Хөххот, Улаанбаатар гээд олон газраар явж, бараг л хоёр, гурван байр худалдан авах мөнгөө морин хуур сурахдаа зарцуулсан байдаг юм гэж инээмсэглэн ярьсан юм.

                            /Баруун гараараа хуурдаж байгаа нь/

Хаа хүрэхээ мэдэж байгаа хүнд дэлхий хүртэл зам тавьж өгдөг гэдэг. Чэн Шуэдун энэ удаагийн наадамд ардын богино дууны аялгуу хөгжимдөж оролцсон байна. Баруун, зүүн гараараа морин хуур хуурддаг энэ өвөрмөц хуурч 2014 оны наадамд Ц.Пүрэвхүүгийн зохиол “Икэлийн эгшигт нутаг” бүтээлийг баруун, зүүн гараараа хуурдаж олны сэтгэлийг догдлуулж байв. Солгой гараараа тоглоход бас учир бий гэнэ. Морин хуурын нарийн хялгас нь гадна дотор талдаа байх учиртай. Тиймээс Чэн Шуэдун аливаа тоглолтод оролцохдоо хоёр хууртай очдог байна. Баруун, солгой хоёр гараараа морин хуур тоглодгоороо залууст үлгэр дууриал үзүүлж, хичээвэл чухам юунд ч хүрч болдог юм шүү гэдгийг л харуулах, үүнийгээ улам ихээр түгээн дэлгэрүүлэхийг зорьсон гэж ярьлаа. Хуурдахаас гадна уртын дуу дуулж, хөөмийлж чаддаг тэрээр Монгол Улсын төрийн туульч, ерөөл магтаалч, хүндэт профессор, хөөмий судлаач, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Одсүрэнгийн шавь юм. Чэн Шуэдун:

     -Тухайн нутаг орныхонтой нь яг адилхан дуугарахгүй ч гэсэн ер нь ойртуулна гэж боддог. 2009 онд Монгол Улсад анх зохиогдсон хөөмийчдийн анхдугаар уралдаанд “Хонин жороо морь”, “Цомбон туурайт хүрэн” хоёрыг хөөмийлж оролцож байв. 2012 онд Улаанбаатар хотод болсон морин хуурын олон улсын наадамд, Ховд хотод зохиогдсон хөөмийн уралдаанд оролцож, урын сангаа баяжуулсан. Энэ бүхэнд миний хань Сэцэнхуар ямагт хамт байж, үргэлж намайг дэмжиж урамшуулдаг юм гэж тэрээр бахархан ярьж байлаа.  

                              /Зүүн гараараа хуурдаж байгаа нь/

                               Уртын дуу увдислаг идтэй

      - Уртын дуу сонсохоор аяндаа нулимс мэлмэрээд байдаг, энэ ямар учиртай дуу вэ гэж бодогдоод Бээжин хотод очиж холбогдох ном бүтээлүүд уншиж судалсан гэж Чэн Шуэдун сонирхууллаа. Улмаар Хөххотод ирээд Монгол Улсаас уригдан багшилж буй МУСТА Ц.Бэрцэцэг багшийн хичээлд суусан. Уртын дууг анх 2005 онд Хэнтийн С.Нансалмаа, Баянхонгор аймгийн уугуул Д.Хорлоо зэрэг багш нараар заалгаж сурчээ. Дараа нь СУИС-ийн уртын дууны Ц.Дэлгэр багшаар мөн заалгасан байна. Чэн Шуэдун:

- “Эр бор харцага”, “Цомбон туурайт хүлэг”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Тэгш таван хүсэл”, “Хоёр бор” зэрэг бүхий л дуунуудаа өөрөө хуурдаад, өөрөө дуулна. Арав гаруй дууг өөрийн болгож, сурч авсан даа. Хөххотод анх 2007 онд Орос, Хятад, Монгол Улсын уран бүтээлчид оролцсон уртын дууны уралдаан болоход “Эр бор харцага” дуугаар оролцсон юм. Дараа жил нь Хөххотод болсон Дундад улсын найман муж орныг хамарсан уртын дууны уралдаанд мөн оролцсон. Тэнд надаас бусад нь бүгд монгол үндэстэн ястнууд байсан даа гэж ярьлаа. Басхүү “Уртын дуу бол хүний сэтгэлийн эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний дуулал юм. Би архи уудаггүй ч харин уртын дууны аялгуунд өөрийн эрхгүй согтуурдаг” гэж Чэн Шуэдун нэгэнтээ ярьсан нь бий. Заримдаа хүний дуулахыг сонсож байгаад аяндаа нулимс мэлмэрүүлнэ. Морин хуураар хуурдаж байхад нүдэнд аяндаа нулимс дүүрээд ирдэг, тийм л увдислаг идтэй гэж сэтгэл догдлон ярьсан билээ.  Õятад үндэстэн байж гэмээнэ уртын дуу, морин хуур, хөөмийн эрдмийг хичээнгүйлэн сураад хоёр орны тайзнаа олны сонор, мэлмийг баясгаж, монголын язгуур урлагийг биеэрээ үлгэрлэн түгээж яваа нь îíöãîé ñàíàãäàíà.

      “Хүсэл тэмүүлэл, зориг л байвал хийж чадахгүй ажил, хүрэхгүй өндөрлөг байдаггүй” гэж ярих дуртай ñî¸ëûí ýë÷ болсон энэ уран бүтээлч гэр бүл ийнхүү Монгол Улсад зохиогдсон Олон улсын морин хуурын наадмын аянаас ганзага дүүрэн эргэж ирэхэд нутаг орон нь бахархан угтаж,  цаашид хийх олон сайхан ажил үйлс, уран бүтээлд нь урам зориг бэлэглэлээ.

                                                                                                           Нийтлэл: Э.ҮРЖИНХАНД

 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл