Рационал эргэцүүлэлд илүүтэй итгэж үнэмшдэг хүмүүст энэ дасгал хамгийн тохиромжтой. Бие суларсан төлөв байдал нь халуун дулааны мэдрэмж, чимчгэнэх мэдрэмж, хүнд оргих мэдрэмжтэй шууд холбоотой. Тэгэхээр үгэн ятгалга, үнэмшүүлэлүүд нь эдгээр мэдрэмжийн дүрслэлийг багтааж байдаг. Биеэ суллах өгүүлбэрүүдийг дотроо хэлэн давтаж болно. Эсвэл утас, диктофон, айпод, FM тоглуулагч дээрээ бичиж аваад биеэ суллаж байх үедээ сонсож болно. Дасгалыг баруун гарын сарвуунаас эхлэх хэрэгтэй. Хэд хэдэн удаа давтан дадалтай болж, сарвууг суллаж сурсны дараа биеийн бусад хэсгийг аажмаар хамруулна. Үгэн үнэмшүүлэл дараах байдалтай байж болно. Жишээлэхэд, “Миний баруун гар суларсан байна… баруун гарын сарвуу хүнд бас дулаан болжээ. Суларсан сайхан тайван мэдрэмж сарвуугаар бүхэлд нь нэвчин урсаж байгаа нь мэдрэгдэж байна…Секунд тутам гар улам хүнд, улам дулаахан болсоор… Сарвуугаар халуун бүлээн мэдрэмж таран урсаж байна…Сарвуу орчин тойрондоо дулаан цацруулж байна… миний гар бүрэн суларчээ…”
Юу юугүй олон өгүүлбэр дараалан хэлж, бодлоо дарах гэсний хэрэггүй. Хамгийн гол өгүүлбэрийг хуваан, чимээгүй хэлэхтэй зэрэгцэн төрж байгаа мэдрэмжүүдээ анхаарна. Ятгалга, үнэмшүүлэл олон төрөл янз байх албагүй. Хэдхэн төрлийн тогтмол хэлц тогтмол ордог байхад хангалттай. Хэсэг хугацааны дараагаар таны холбоост ой тогтоол нь бие суларч тайвширсан байдлыг тодорхой тооны үг, хэллэгтэй баттай холбодог болно. Улмаар тодорхой хугацааны дараа дадсан хүн “Миний бие бүрэн суларсан байна” гэсэн ганцхан өгүүлбэр хэлээд биеэ бүрэн сулладаг, сэтгэлээ засдаг чадвартай болдог.
