solongonews
Алт аргамжсан ” Монгол хот”
2016-10-13 11:04
Арилжаа наймаа эрхлэгчдийг ”Aлтан аргамжаа” гэж Чингисийн үед нэрлэдэг байсан гэж бодохоор монголчууд их эртнээс арилжаа наймааны чухал чанарыг мэдэрсэн байх юм.

           Гэхдээ Чингис хааны үед манайхан хэвийн цайг халуун хошуут хониор сольж, хэдэн ширхэг шүрийг агтаараа арилжин хэдэн мөнгөн ембүүгээр  данжлах зэргээр наймаа худалдааны ухаанд "Яруу" түүхтэй гэдгээ ч мартаж үл болно. Тэр нь хэдийгээр эртний түүх гэдэг ч орчин үед монгол худалдаа гэж дурдахаар зээлийн буланд ганц хоёр хүний эрхэлсэн жижиг дэлгүүр санаанд ордог. Олон жилийн туршид нийгэм, түүхийн шалтгаанаас нэг талаар монголчууд арилжааны ухаанд мөхөсдөж, нөгөө талаар үндэстний онцлогт бараа бүтээгдэхүүнээ нэрт брэнд болгон үйлдвэрлэж чадаагүй. Цэвэр байгальлаг уугуул соёлоо бусдад таниулж чадаагүйн улмаас манайхан зах зээлд хараахан хөлөө олж чадаагүй нь үнэн. 

 Хөххотын Вэй Дүөли Моул худалдааны их дэлгүүрт "Монгол хот" худалдааны тасаг байгуулагдсан бөгөөд Хятад улсын хамгийн том монгол барааны “хот” мэндлэв. Энэ давхарт тэр аяараа органик, цул монгол бараа бүтээгдэхүүн борлуулах бөгөөд монгол бизнесмэн нэгэн доор цугларан ажиллах орон зайг хангаснаар худалдааны иж бүрэн зах зээл болсон байна. Мах, махан бүтээгдэхүүн сүү, сүүн бүтээгдэхүүнээ хөдөөнөөс шууд бөөнөөр нь тээвэрлэн авчирдаг учир замын зардал мөнгийг хэмнэн хямд үнээр хэрэглэгчдэд хүрч, малчид ч  ашиг хүртэж байна.

- Хөххотод монгол худалдааны тусгай том дэлгүүр байдаггүй нь их харамсалтай. Бид "Монгол хот" худалдааны тасаг байгуулах гэж өнгөрсөн жилийн долоодугаар сараас эхлэн төлөвлөж энэ жилийн 9-р сарын 10-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн юм гэж "Монгол хот" тусгай дэлгүүр үүсгэн байгуулагчийн нэг Өвөр Монголын Хангарди арилжаа худалдааны компаний дарга Манлай ярьсан юм.

Арилжаална гэдэг ашиг олдог. Мөн соёл, бараа бүтээгдэхүүний солилцоог ахиулж, нөхөрсөг харилцааг бий болгодог. Дэлхийн үндэстнүүд соёлоороо ялгагдаж байдгийн учир үндэстний онцлогийг харуулж чадах бараа бүтээгдэхүүн нь тэр нутгийн түүх соёлыг хэсэгхэн боловч харуулж байх учиртай. Тийм учраас жуулчид хаа газар очсон ч тэр нутгийн, тухайн орны бүтээгдэхүүнээс өвөрлөж, соёлтой нь танилцах дуртай байдаг.

Хурдны замаар ирсэн Сөнид хонины мах буюу "Монгол хот"-ынхон

Сөнид баруун хошуугаар нутагтай малчин Цэцэнбадрах "Монгол хот"-д монгол хоолны газар, махны дэлгүүр ажиллуулж, амьжиргаагаа дээшлүүлэхээр ажиллаж байна.

- Манай Сөнидийн мах арай тийм хямд байх ёсгүй дээ. Сүүлийн гурван жилд махны үнэ буурч, малчид бүтэн жилийн турш нар салхинд борлож малынхаа хойноос гүйсээр одоо өр зээлээ буцаах нь байтугай хүү мөнгийг нь ч төлөх чадалгүй болжээ гэж Цэцэнбадрах ярьж байсан юм.

    Ингээд тэрээр хонь малаа хариулж хөдөө нутагтаа амьдарч суухдаа өнгөрсөн хугацаанд мал борлуулалтын хэлбэр нь орчин үеийн зах зээлтэй зохицолдохоо больж, малчид эрхбиш өөрчлөлт хийж нутгийн хониныхоо тухайд бодох цаг болсныг мэдэрсэн гэнэ. 11 малчин айл нэгдэн "Сөнид баруун хошууны Сайхантал суурингийн Хатанхошуу гацаанд нутгийн хонины мах борлуулах тусгай хоршоожил” байгуулсан байна. Ингэснээр өнгөрсөн онд Хөххотод болсон хоршоожлын эзэмшил хамааралтын тухай сургалтад хамрагдан суралцахдаа "Монгол хот” байгуулах гэж байгааг сонсоод энд ирж хоолны газар нээсэн нь энэ гэнэ.

- Дэлгүүр хэсэж байгаа хүмүүст зориулж бид "Монгол хот"-ын хоолны газартаа түргэн хоол хийдэг. Манай энд Сөнид, Үзэмчин, Баяннуур, Хөлөнбуйр зэрэг газраас нутгийн хонины махыг нь шууд зөөвөрлөн авчирч бий. Энэ нь нэг талаар малчдад ашиг хүртээн нөгөө талаар уламжлалт мал борлуулалтын арга хэлбэрээ өөрчилж байгаа юм гэж Өвөр Монголын Хангарди арилжаа худалдааны компаний захирал Батбилэг танилцуулж байлаа.

Бүтэн нэг давхрыг тэр чигээр нь эзэлсэн “Монгол хот” худалдааны тасгийг байгуулсан өдрөөс эхлэн тоолоход Цэцэнбадрахын хоолны газар нь арав хоног ч хүрэхгүй богино хугацаанд арваад хонь худалджээ. Түүнчлэн ястай мах, гэдэс дотор, хавирга, хаа гуяыг нь тус тус уутлаад худалдахад хэрэглэгчдийн таашаалд нийцэж, нутгийн малын махны хүрэх ёстой үнэ ханшдаа хүрч чадлаа.

Гэхдээ насаараа малчин явсан тэрээр Хөххотыг зорьж, энэ их түм түжигнэсэн худалдааны газарт хоолны газар нээнэ гэдэг ямар их зориг хэрэгтэй гэдгийг хажуугаас нь хараад мэдэж эс чадна. Өмнө нь хоолны газар  ажиллуулах туршлага ч байхгүй түүнд хийж байгаа зүйлээ тунгаах, суралцах шаардлага тавигдаж байв.

- Би хоёр хүүхэдтэй, том нь удалгүй оюутан болно зардал мөнгө хэрэгтэй.  Өмнө нь би бизнес хийж байгаагүй туршлага мөхөс байна. Хоолны үнэр амтыг нь сайжруулах, ариун цэвэр байлгах, үнэ ханшийг нь тогтоох гээд л ажил тасрахгүй. Гэхдээ манайхан хоршоожлын махаа наашаа шууд зөөвөрлөж худалдаж байгаа болохоор үнэр амтны тал дээр санаа зоволтгүй. Сөнид баруун хошуунаас түргэний замаар гуравхан цагийн дотор Хөххот орчихно. Ингэж хийвэл миний хувьд их ашигтай, махаа ч худалдчихна, нарийн сайхан боловсруулаад хоол болгочихож ч болно гэж  Цэцэнбадрах ярьсан юм.

 

              Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай

 - Нүүдэл мал аж ахуй эрхэлж байсан болоод ч тэр үү, бизнес худалдаанд гаршаагүй ч юм уу манай монголчууд ер нь холбоолж хоршоод нэрт брэнд гаргах тал дээр дутмаг байна. Орчин үед дэлхийн эдийн засгийн байдлаас харахад брэнд, тусгайжсан үйлдвэрлэл худалдаа л хэрэглэгчдийн таашаалд хүрдэг болжээ. Тэгэхээр манай монгол худалдаа ч заавал тусгайжих, холбоолж, өөрийнхөө үйл ажиллагааг бусдад таниулж, үнэ өртгийг нь мэдрүүлэх хэрэгтэй байна. Үнэндээ бохирдолгүй хүнсийг чухалчлан үздэг энэ үеийнхэнд манай монгол хоол хамгийн сайн сонголт. Харин үүнийгээ хэрэгцээнд хүргэсэн хүн хэд байна? Тиймдээ бид "Mонгол хот"-ыг байгуулаад худалдаа төдий биш монгол соёлыг харуулах тал дээр их анхаарсан гэж Батбилиг захирал танилцуулав.

Шилийнгол аймгийн Хөвөөт Шар хошуунд нутагтай Батбилиг 2000 онд Өвөр  Монголын Хөдөө Аж ахуйн их сургуулийг дүүргэсэн. Тэрээр төгссөний дараа олон төрлийн ажил хийж байсан ч юу нэгийг бүтээх хүсэлдээ хөтлөгдөн нэг их тогтвортой байж чадаагүй. Үүний улмаас гэр бүлийн хүн нь Японд байсантай холбоотой, өөрөө ч сурч боловсрон хөгжсөн гүрэнд ухаан сойх бодолтой 2002 онд Япон улсыг чиглэж,  магистр хамгаалсан байна.

- Би Коби их сургуулийн менежерийн мэргэжил сурсан, одоо доктор цол хамгаалахаар бэлтгэж байна гэж Батбилиг танилцуулсан юм.

             Түүнд Япон улсад амьдарч, хөгжсөн гүрний хөгжилтэй хөл нийлүүлэн амьдрах чадал бүрэн байсан ч 2010 онд нутаг буцсан Батбилигт цаана нь өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл байлаа. Япон сургуульд суусан монгол хүүхэд харь хэлээр ус цас шиг ярихыг хараад өөрийн хүүхэд нь төрөлх хэлээ мэдэхгүй, соёлоо ойлгохгүй байсан тул нутгаа зорьсон залуу өнөөдөр "Монгол хот"-ыг байгуулжээ.

“Монгол хот"-д мах, сүүн бүтээгдэхүүн, хувцас загвар, гар урлал, өдөр тутмын хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн, хүүхдийн боловсролын ном бичиг зэрэг үйлчилгээний төрөл бүрдсэн нь нэгэн онцлог болсон байна.

Тийм ээ, өчнөөн жилийн турш олон төрлийн ажилд оролцон, амьдралын халыг дааж, "Монгол хот"-ыг байгуулсан хүн болгонд өөрийн гэсэн түүхтэй, аливаа бүхэнд нь нутгийн үнэртэй. Ийнхүү олон хүний хамтын чармайлгаар Хөххотод "Монгол хот" босож, алтан аргамжаа болсон байна.

Зохиогч: Соёмбу
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл