ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын IV чуулганы үеэр Засгийн газрын дарга Баатрын “Засгийн газрын ажлын тайлан”-д энэ жил Өвөр Монголыг ядуурлаас гаргах ажлыг сайн хийж, 210 мянган хүнийг ядуурлаас гаргаж, орны зэргийн 10 ядуу хүндрэлтэй хошуу шянийг ядуурлаас гаргахыг баталж, хөдөлмөрийн чадвартай ядуу өрх бүрд 30 мянган юаниас дээш зээл олгож, ядуу хүндрэлтэй 40 мянган айл өрхийг дэмжиж газар орны онцлогтой аж үйлдвэр хөгжүүлж, өрх бүр орлогоо нэмэгдүүлэх олон төрлийн хөгжлийн арга замыг олгоно гэж дурджээ. Энэхүү баярт мэдээ ядуу амьдралаа зүдүүхэн додомдож яваа ядуу өрхийн хувьд “баяр дээр баяр” гэлтэй.

2015 оны Өвөр Монголын ядуурлыг бууруулах ажлын хурал дээр ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ван Жүнь ядуу хүндрэлтэй газар оронд газар орны онцлогтой аж үйлдвэрийг хөгжүүлэхийг тэтгэн дэмжиж, иж бүрэн нийгмийн баталгааны системийг алхам алхмаар байгуулж, 2017 он болоход ядуу хүндрэлтэй байдлыг үндсэнд нь арилгаж, Өвөр Монголын ядуу хүндрэлтэй гол гол хошуу шянийг ядуурлаас ангижруулна гэж дурдаж билээ.
ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн гишүүн, Шулуунхөх хошууны Улс төрийн зөвлөгөөний дэд дарга Оюундалай хэлэхдээ:
- Засгийн газрын ажлын тайланд Өвөр Монголын ядуурлыг бууруулах ажлыг улам чангаруулж, жилд нийт 150 тэрбум юаний ядуурлыг бууруулах хөрөнгө мөнгө оруулна гэж дурдсан нь ядуу хүндрэлтэй ард иргэдийн хувьд маш баярлууштай явдал болно. Үүнд, санхүүгийн талаас дэмжин ядуурлыг бууруулах, аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах, ажил олголтоор ядуурлыг бууруулах зэрэг төрийн бодлогыг хэрэгжүүлснээр амьдралын боломжгүй ядуу хүндрэлтэй малчид, тариачдыг ядуурлаас гаргаж, чинээлэг замаар замнахад чухал нөхцөл хангаж өгчээ. Бодитоор хэрэгжүүлэхэд бид юуны өмнө ядуу болон хөгжлийн бэрхшээлтэйг тодорхой ялган салгаж, хөдөлмөрийн чадвартай ядуу хүндрэлтэй хүн амыг газар орны онцлогтой аж үйлдвэрийн төрөл хэлбэрээр тэтгэж, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй дорой буурай ядуу хүндрэлтэй хүн амыг бүтэлтэй харж хандвал зохино гэж өөрийн саналаа дэлгэлээ.
