Учир нь тэмээний нас жил, хүч тэнхээ, даацаар нь аян жин, унаанд ялгаж хэрэглэдэг билээ. Үүнд, тэмээний нас жилийг шүд, нүдийг нь үзэж мэддэг. Тэмээ ботгоноосоо дөрвөн нас хүртэл сүүн шүдээрээ байдаг. Таван нас хүрэхэд хоёр халбаган шүд ургадаг, зургаан насандаа дөрвөн шүд ургадаг, долоон нас хүрэхэд зургаан шүд ургаж шүд нь бүрддэг байна. Тэмээний өсөлтийн нас нь тулж, аргил насны тэмээ болдог. Мөн тэмээний нүдийг үзэж, нүдэнд нь ойж харагдах үзэгдэл хэдий тунгалаг тод байна, тэмээний нас төдий бага залуу, нүдэнд нь ойж харагдах үзэгдэл бүдэг буюу балархай бол идэр насны, эсвэл хөгшин тэмээ байдаг. Ингэнд соёо шүд ургадаггүй, буур, атан тэмээнд соёо шүд ургадаг.

