- Малчин Болдбаатарын байгуулсан оюунлаг мал аж ахуйн талбайд үзэж сонссон зүйл
Урьхан хавар хөдөө саатаж талын малчид төл малаа тосоод тун завгүй байсан 3 дугаар сарын 20-ны үед сурвалжлагч Сөнид зүүн хошууны Мандалт суурингийн Саруултал багийн малчин Болдбаатарынд хүрч билээ. Цаг үеийн хөгжлийн бэлгэ тэмдэг болсон техник технологийг малчин айлын амьдралд шууд ашигласнаараа тэднийх бусад айлыг бодвол юм болгон нь өег харагдаж өөрийн өнгөөрөө онцлог байв.
Шинэ энергийн байшиндаа дулаахан тохилог хаваржина
Малчин Болдбаатар эхнэрийн хамт мал ахуйн ажлаа хийхээр өглөө эрт гарвал үд болоход гэртээ орж ирнэ. Үдэлж амраад гаднах ажилдаа дахин гарвал орой гэртээ орно. Хүү нь эхнэртэйгээ суурингийн төвд хоолны газартаа ажилладаг болохоор хөдөөгийн ажлаа тэд ингэж л амжуулж нэг өдрийг үддэг ажээ. Өмнө нь өвөл хавар гаднах ажлаа хийж яваад орж ирэхэд гал унтарч гэр хүйтэн болно гэж зовдог байсан бол өнгөрсөн жил шинэ энергийн орон сууц байгуулснаас гэр өрөө нь тогтмол дулаанаа хадгалан зовох юмгүй болжээ.
Малчин Болдбаатар: - Манайх энэ байшингаа өнгөрсөн жилийн зун барьсан. Нийт 98 мянган юань хүрч, хагасыг нь Засгийн газраас гаргаж, хагасыг нь өөрөө гаргасан. Энэ шинэ маягийн байшин нарны энергийг ашигладаг болохоор өвлийн цаг гал түлэхгүй бөгөөд нүүрс авах зардлаа ч хэмнэнэ хэмээн шинэ гэрээ магтан ярилаа. Шинэ энергийн орон сууцны дулааны хэм нь өвлийн өдөр ч + 30 градус хүрдэг бөгөөд өдөр нь нарны элчийг шингээж шөнөдөө ч дулаахан. Нарны энергиэрээ усаа халаавал 24 цаг халуун устай. Малчин Болдбаатарынх шинэ энергийн байшин барьж орон сууцны нөхцөл нь урьд гараагүйгээр сайжирч, хөдөө нутагт хотын амьдралыг ч эдэлж болдог гэдгийг олон нийтэд харуулжээ.
Шинэ технологийг ашиглаж хүнд нүсэр ажлаа хөнгөлнө
Гэртээ сууж байгаад мал унааныхаа байдлыг мэднэ, худаг усан дээрээ очихгүй ч мал унаагаа услах зэрэг нь малчдын хувьд томоохон хүсэл юм. Сүүлийн хэдэн жилд нэг хэсэг хүмүүсийн шаргуу судалгаа, шинэ санаачилгаар хөдөө нутагт ийм амьдрал ирж байгаа гэдгийг малчин Болдбаатарын мал аж ахуйн үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа шинэ технологийг бид мэдсэн юм.
Зуны халуун өвлийн хүйтэнд худаг дээр зогсож мал усална гэдэг бас хэцүү ажил. Худаг ус нь гэрээсээ долоон газрын зайтай байгаа малчин Болдбаатарын хувьд байн дахин худаг ус уруугаа гүйнэ гэдэг яршиг ихтэй бөгөөд мотоцикл машины тос гэж бага бус зардал гардаг. Гэтэл тэдний өвөлжөөний нутагт цахилгаан нэвтэрч цахилгаанаар ус татаж малаа услах болсон. Зуслангийн худгаа бас өөрчилж мал унаа ирвэл өөртөө ус гардаг болгосноос мал аж ахуйн үйлдвэрлэл дэх нэгэн хүнд нүсэр хөдөлмөрөөс өөрийгөө чөлөөлсөн байлаа.
Түүний мал аж ахуйн үйлдвэрлэлдээ хийсэн бас нэгэн шинэчлэлт бол хороо хашаандаа камер байрлуулсан явдал болно. Энэхүү камерыг харахад жижигхэн ч чадал нь маш их, камертаа түшиглэн зурагт дээрээ гэрийнхээ ойр хавь, хороо хашаан дахь мал сүргийн байдлаа тодоос тод олж харна. Төл тосох үед их хэрэг болдог байна. Мөн камераараа цаг уурын байдлыг мэдэж болдог. Тэрчлэн ухаалаг гар утсандаа APP-г нь татаж аваад гар утсаараа хороо хашаа, гэр байшин, мал сүргээ хаана ч явсан үзэж харж болдог болохоор гадагш гарсан ч санаа амар юм.
