
Монголчууд хаврын халгайг бүх төрлийн ужиг хууч, дархлаа буурсан үед өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай. Халгайг шөлтэй, шөлгүй, бууз, хуушуур, хүйтэн зууш ямар ч хоолонд бүр хольж хэрэглэж болох мөртөө хүний биеийн эрүүл мэнд болон гоо сайханд ач тустай байдаг. Халгайн гайхамшигт эмчилгээний үйлдлийн тухай Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн Уламжлалт тасгийн эмч Цагаанцэцэгтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
Хаврын улиралд халгай хамгийн тэргүүнд ургаж, хүний биед шим тэжээлээ өгөхөөр ирдэг. Түүнд маш олон өргөстэй, нарийн өргөс нь шатаах мэт хатгаж, хатгуулсан хэсэг хорсон загатнадаг. Үүнийг халгайд түлүүлэх гэж ярина. Энэхүү өргөст ургамал халтай хадуу ч гэлээ олон талын үйлдэлтэй байж, ядаргаа тайлахаараа гайхалтай бөгөөд зүрхний ажиллага, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээ нөхдөг. Үүнд хаврын шинэ халгай хамгийн чанартай, шим тэжээлтэй гэдгийг олон жилийн үйлдлэг туршилт нэгэнт нотлон баталжээ. Үүний тухай эмч Цагаанцэцэг: “Тавандугаар сарын халгайг ардын уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэдэг. 5 дугаар сарын дунджаас 6 дугаар сарын дундаж хүртэл халгай бараг 25 — 30 см ургасан байдаг. Энэ үед халгайг түүж шөл, бууз, хуушуурт хийж идхэд ядаргаа тайлдаг юм. Учир нь халгайд уураг, олон төрлийн витамин, өөх, төмөр, цайр, манган, хөхүүр, кальц, натри, зэс зэрэг хүний биеийн эрүүл мэндэд ашигтай олон зүйлийн бичил элемент элбэг агуулагддаг. Мөн ч халгай нь цусны шинэ хуучны солилцоог түргэтгэдэг тул настай хүмүүс бам өвчинд сайн гэж хавар түүж иддэг юм” гэжээ.

Ер нь халгайг 8 , 9 дүгээр сарт ч түүж авч хатааж хэрэглэдэг юм. Намрын сүүлээр халгайг хураан авч дараад хавар нь тураж эцсэн малд өгөхөд даруйхан л тэнхэрдэг. Цагаанцэцэг эмч: “Халгай нь шим тэжээл баялаг тул биеийн дархлааг сайжруулах, нүүр царай өнгөлөг болгох зорилгоор хэрэглэж болно. Халуун өвчнийг бөөлжүүлж доголуулах, хавдрыг хариулах, шар усыг арилгаж, хор хий тайлах үйдэлтэй байж, элэг, цөс, ходоод, шулуун гэдсэний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх ба эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайн навчаар хийсэн ханд болон эмчилгээний хоолнуудыг өргөн хэрэглэж бий. Мөн ч халгайг усанд чанаад шүүсээр нь хөлөө угаавал бам өвчинд их тустай байдаг. Гоо сайхны хувьд, халгай үс унахыг зогсоох, үсээ урт ургуулах, үсний өнгийг гялгар сайхан болгох, арьсыг өнгөлөг уян болгох үйлдэлтэй” гэв. / Бэлтгэсэн нь Зул /
