solongonews
Хаяагдмал ясыг ховор эрдэнэ болгосон хүн
2017-04-20 15:16
Ясан урлал гэж монгол үндэстний үнэт өв соёлын нэгэн болох юм. Энэхүү өв соёлоо өвлөн уламжилж дэлгэрүүлэхээр зүтгэж яваа хүмүүст Зүүн Үзэмчин хошууны Улиастай балгасын төвт гар урлалын дэлгүүр эрхэлж байгаа Хөгжилт дурдагдана.

Саяхан сурвалжлагч Хөгжилтийнд хүрэхэд тэрээр үхрийн эврээр Үзэмчин бүсгүйчүүдийн үсний даруулга хийж байлаа. Дэлгүүрт нь тавиастай гар урлалын бүтээлийг нь сонирхоод өөрийн эрхгүй нүүдэл соёлын амьдралын дундах монголчуудын байгаль ахуйтай зохицсон байгалийн бохирдолгүй амьдрахуйн арга ухааныг бишрэн бахархаж Хөгжилтийн нүүдэл соёлоо бүрэн хадгалсан гар урлалын бүтээгдэхүүн, үндэс урлал, модон сийлмэл, арьсан урлалыг үнэн сэтгэлээсээ бахархаж билээ.

Амьтны ясны угийн хэвийг эвдэхгүйгээр зураг төлөвлөгөөгөө гэж огт хийхгүй, өөрийн бодлоороо нэг талаас нь эхлэн сийлдэг. Ясан сийлбэрийн багаж гэх нэг л сийлбэрийн хутагтай энгийн багажаар ер бусын бүтээл хийдэг болохоор малын ясаа өөрөө авч ирэн сийлүүлэх хүн ч олон байдаг.

Өдөржин гудам талбай цэвэрлэхдээ хаягдсан ясыг түүж авч ирэн өгдөг хот тохижилтын цэвэрлэгч ч их харамссан байдалтай сурвалжлагчид: “Та хагас сарын өмнө ирсэн бол түүний хийсэн амьтны загвар, ясан урлал, казах тэрэг өрөөгөөр дүүрэн байсныг харах байсан. Өөр  газраас хүмүүс ирээд сургалтын багаж болгохоор бүгдийг нь худалдаж аваад явсан. Хөгжилт юмыг их нарийн хийдэг. Монгол гэрийн загвар хийхдээ хана болгонд үдээртэй хийж, амьдрал дундах монгол гэр ямар байдаг тэр хэвээр нь хийдэг. Хэзээ ямар ажил дааж авсан ч түүнийгээ хийж дуусгахгүй бол амардаггүй нь түүний баримтлал юм. Ажлаа хийж дуусаж байж хоол ундаа иддэг, ёстой зоригтой хүн” гэж ярилаа.

Хөгжилт бага байхдаа эмийн хордлогоос болж насны хөгжлийн бэрхшээлтэй болж, сонсгол болон ярих чадвараа алджээ. Гэвч төрөлхийн гар уран тэрээр 2005 онд нутгийн сийлбэрч Цэцэнгэрэлээс ясан урлал сурч, ясан сийлмэл, амьтны загвар зэргийг урлаж бүтээх мэргэжлийг богино хугацаанд бүрэн эзэмшиж, бүтээлийг нь авахаар гаднын муж орноос ч зорин ирдэг хүн олон болжээ.

Дэлхийн соёлын үзэсгэлэнд олон удаа оролцсон улсын хоёрдугаар зэргийн ясан сийлбэрч, орны зэрэглэлийн бодисын бус соёлын өв ясан сийлбэрийн уламжлагч Цэцэнгэрэл: - Төрөлх ухаан сэргэлэн, гар уран, зүтгэл сайн, хөгжлийн бэрхшээлтэй боловч уран авьяас, ухаан санаа, ойлголт нь эрүүл хүнээс давснаас өнөөдрийн энэхүү амжилтыг олсон юм. Түүний  хүч хөлс зүтгэлийг гар урлалын бүтээлээс нь олж харна. Гэхдээ асар их зүтгэл хийгээд зориг орж, тасралтгүй суралцан судалж, шинэчлэлт хийж бодит байдалтай нийцэх нь маш чухал байдаг. Энэхүү мэргэжлийг сурч эзэмшихэд нэлээд цаг хугацаа хийгээд баримтлал хэрэгтэй гэж багшийн зүгээс Хөгжилтөд өндөр үнэлэлт өглөө.

 “Хичээл зүтгэл хүнийг гомдоохгүй” гэдгээр 2007 онд дүүгийнхээ дэмжлэгээр Хөгжилт өөрийн гэсэн гар урлалын дэлгүүрээ нээжээ. 2009 онд хошууны зэрэглэлийн үзэмчин ясан сийлбэрийн мэргэжлийн өвлөгч болж, 2010 онд аймгийн “Үзэмчин ясан сийлбэрийн ур ухааны бодисын бус соёлын өвийн төлөөлөгч уламжлагч” болж, урьд хожид улс орны гар урлалын шагнал хөхүүллийг 50 гаруй удаа хүртэж, 500 гаруй амьтны загвар, хэдэн мянган амьтны ясан урлал хийж хол ойрынхондоо танигдсан гар урлаач болж шагшигдана.

Зохиогч: Сургалт
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл