solongonews
Аяга цайнаас ундарсан мөрөөдлийн дуулал
2021-08-24 20:42
Аяга цайнаас ундарсан мөрөөдлийн дуулал

       Шингэх нарны улбар туяанд ижилхэн өнгөөр жигдэрсэн Хятадын Минь Нань хэв загварын барилгууд хараа дүүрэн сүндэрлэж, энэ нутгийн нэгэн онцгой сайхан үзэмж болно. Цэвэр тэгш, өргөн уужим гудамж, зүйлийн цэцэг дэлгэрсэн нам гүмхэн нутгийн тайван тогтуун аж төрхийг хараад “Энэ нутгийн иргэд ямар сайхан жаргалтай юм бэ” гэх мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлнэ.

     Хөвөө зах нь харагдахгүй эзгүй тал, ширхэг өвс ургах нөхцөл таруу, жил туж шар шуурга босож хацар нүүрийг хайр найргүй зүсэн тэнгэрийн царайг харж дэн дунтай амьдарч байсан нутаг гэхэд энэ нутагт очоогүй хүн байтугай очсон хэн бүхэн итгэж ядна.

       Тэнгэр газрын хувирал гайхамшигт түүхийг бүтээсэн гэхэд болохоор энэ нутаг Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ы Юүн Нин шяньд харьяатай 210 квадрат километр талбайг эзлэн орших Мниь Нин суурин ажээ.

                                                                Нөхөрсөг хайраар амилсан зураг

       Хятадын баруун бүс нутаг нь газар нутгаар өргөн уудам хэдий ч газар зүйн, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нийтээрээ цөл говь, уулархаг газар буюу далайн түвшнээс 3000 метр өндөр, хүйтний эрч чангарсан газар нутаг олон бий. Үүний улмаас энэ нутагт хүн амын суурьшил сийрэг бөгөөд хүн амьтан оршин тогтноход тохиромжгүй хэмээн нэрд гарчээ.

      Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ы Ши Хайгө нь ийм нөхцөл байдалтай баруун бүс нутагт байрлах ба хөвөө хязгаар нь харагдахгүй эзгүй талаар жил туж элс чулуу, шороон шуурга босон хүн амьтан суурин суурьшихад тохиромжгүй газар нутаг хэмээн 1970-аад онд зарласан байлаа. Байгаль эхээс энэ нутагт үлдээсэн өвөрмөц газар зүй, экологийн орчин нь энэ нутгийг ядуурлын гүнд оруулж, өмсөж зүүх байтугай амь голоо зогоох нь ч асуудал болж байсан түүхтэй. Ялангуяа эрүүл мэндийн баталгаа, зам харилцаа, боловсролын түвшин, эдийн засаг зэргийн нөхцөл байдлаар их хоцронгуй болж иргэдийн амьжиргаа туйлын хүнд болж, зовлон амсаж байсан нь энэ нутгийн үнэн бодит байдал юм.

        1996 онд ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлөөс "Ерөнхий хоёр нөхцөл байдал"-ын стратегийн үзэл баримтлалын дагуу ядуурлыг бууруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр Фү Жянь муж Ниншяд туслах нөхөрлөлийн тунхгийг нийтэлсэн байна. Тухайн үед дарга Ши Жиньпин Фү Жянь муж Ниншяд туслан ядуурлыг бууруулах ажлын хэсгийг даргалж байжээ. Фү Жянь муж Ниншягийн ядуурлыг бууруулахад туслан, тус уулархаг нутгийн иргэдийг нүүлгэн энд суурьшуулснаар Минь Нин суурин бий болж, түүнийг бүтээн байгуулах урт хугацааны түүхэн хуудсыг нээлээ. Үйлсийн их тоосыг босгож дэвшихдээ хоёр нутгийн иргэд хахир шуурганд гуядуулж, халуун наранд шаруулахаас буцахгүй зүтгэж, Хатан голын сав газрыг ухаж, суваг татан, үржил шимгүй газрыг засан сайжруулж, хөгжил цэцэглэлтийн аяны жолоог заллаа. Гар гараа холбож, алхаагаа нэгтгэн, зам, барилга барьж, цөлжилтөөс сэргийлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэн, ядуурлыг бууруулах зорилгоор иргэдийг уриалан шаргуу ажиллаж, хамтдаа шинэ сайхан орчныг бүтээн байгуулахаар мэрийн чармайсан үр жимсний элбэг хураалтыг өнөөдрийн Минь Нин суурингийн дүр төрөх гоо сайхнаар дэлгэгдэж байгаа юм. Өнө удах дотно нөхөрлөлийн итгэл зүтгэлээр амьдрал босох ажээ. Фүжянь муж 20 гаруй жилийн турш Минь Нин суурингийн ажлыг өөрийн ажил болгон, чин сэтгэлээсээ дэмжсээр ирсэн нь үнэн юм. Ялангуяа ХКН-ын XVIII их хурлаас хойш үйлдвэрлэл, хөрөнгө мөнгө, технологи, хүний нөөцийн тал дээрх тусламжийг улам бүр нэмэгдүүлсэн нөхцөл байдалд одоогийн байдлаар суурингийн иргэдэд "3 + 1" загвар бий болгон, амьдрал ядуу буурай иргэдийн үйлдвэрлэлийг дэмжиж, ядуурлаас гарахад нь гүн итгэл хүчийг өгсөн байна.

       Хөдөлмөр хүнд хүртээл олгож, хүчин зүтгэл, хүн ардын сэтгэлийг баясгах юм. Өнөөдрийн Минь Нин суурингийн оршин суугчид эхэн үеийн 8000 хүн амаас 66 мянган хүн амтай болж, ашиг орлого нь нүүлгэн шилжүүлэх эхэн үеийн 500 юаниас 2020 онд 14.96 мянган юаньд хүрчээ. Хятадын ядуурлыг бууруулсан үлгэр жишээ нутаг цол хүртэн, нутаг усныхаа нэр алдрыг гадаад дотоодод таниулсан төдийгүй орчин үеийн экологийн шилжин суурьших үзүүлэлтийн суурин болж сүндэрлэхэд агуу нөхөрлөлийн солонго татаж, аз жаргалын дуу цуурайтна.

 

 Газрын хишиг газартаа

       “Газрын хишиг газартаа” гэдэгчлэн нүүдэллэж нутагшсан газар нутагтаа галаа хөгжөөж, энэ нутгийн ашиг шимийг хүртэж явахын дээр аж үйлдвэр байгуулан аж төрж байгаа Минь Нин сууринг хөгжил цэцэглэлтийн гэрэл гялбаагаар мялаана.

     Минь Нин суурин бол Дарга Ши Жиньпиний нэрлэсэн нэрийдэл төдийгүй зүүн баруун бүс нутгийн ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны жишиг ажлыг өөрөө мөрдөн зүтгэж бүтээн байгуулсан билээ. Минь Нинь сууринг ядуурлаас бууруулах ажилд хамтран ажиллах 20 гаруй жилийн хугацаанд хоёр муж орон давуу талаа нөхөж, харилцан ашигтай байдал, урт хугацааны хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн дагуу аж ахуйн нэгжийг татан авчирч, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргаанд ашиг хүртээхийг баримтлан ажилласаар ирсэн юм. Гар гараа холбож, алхаагаа нэгтгэн ялангуяа сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулах аж үйлдвэрүүд  ар араасаа байгуулагдаж, дарс, мөөгний  аж үйлдвэр, үхэр үржүүлэх, гар урлал, цай зэрэг онцлог шинжтэй аж үйлдвэрүүдийг шинэ технологиор хөгжүүлэхийн зэрэгцээ цахим худалдаанд тулгуурлан энэ нутгийн нэртэй бүтээгдэхүүнийг борлуулан, цахим худалдааны шинэ загварыг бүрдүүлж, суурингийн хөгжил цэцэглэлд шинэ эрч хүч болж байгаа ажээ. Жишээлэхэд цагаан мөөг тарьж ургуулах суурин байрлах Минь Нин суурингийн “Хэ Фа” эко тариалангийн шинжлэх ухаан, технологи хөгжлийн ХК, Минь Нин суурингийн Хэмэй цахим худалдаагаар ядуурлыг бууруулах үйлдвэр, “Минь Ниний үлгэр” технологийн ХК зэрэг аж үйлдвэрүүд нь ашиг орлогоор холболдох тогтолцоог байгуулан, тосгоны иргэдийг ажлын байраар хангах төдийгүй тосгоны иргэд компанид хувьцаа эзэмших хэлбэрээр жилийн эцсийн ашиг орлогоос хувь  хүртэн тосгоны нийтийн эдийн засгийн орлогыг нэг хэмжээнд нэмэгдүүлж байгаа ажээ.

“Нэг нутгийн хөрс шороо нэг нутгийн иргэдийг тэжээдэг” хэмээн Фү Жянь, Ниншя нутгийн иргэдийн халшраагүй хүчин зүтгэлээр тус суурин өдгөө Ниншягийн ӨЗО-ы нэгэн брэнд болж, "тосгон бүхэн салбартай, өрх бүр баяжих боломжоор хангагдсан", эдийн засгийн шинэ эзэмшлийг цогцлоож, тосгоны хамтын эдийн засгийн орлого 6 сая юаниас давж, шинэ зуунд шинэ дүр төрхөөр аз жаргалтай амьдралаа итгэл төгөлдөр цогцлооно.

 

                                                     Мөрөөдөл хөглөсөн “Найман эрдэнийн цай”

Хятад улс цайны ургац ихтэй нутаг төдийгүй цайны соёлын үүсэл хөгжлийн орон юм. Үүнчлэн 4000, 5000 жилийн түүхээрээ дэлхий дахинд танигдсан билээ. Цай бол Хятадын олон үндэстний сайхан ундаа. Хятад улсад цайг тарьж ургуулах өргөн уудам газар нутагтай бөгөөд олон нийтэд хамгийн их таашаагдсан бие сэтгэлийн эрүүл мэндэд томоохон тус дэм үзүүлэх ногоон ундаа хэмээн дэлхийн хэмжээнд алдаршсан байдаг. Цайны соёл нь Хятадын уламжлалт соёлын төлөөлөгч чанарын нэг ажээ.

Үүнд Фү Жянь муж нь эртнээс цайны нутаг хэмээн танигдсан бөгөөд цайны төрөл зүйлээр хамгийн олон орон нутгийн нэг болно. Фү Жянь мужийн энэхүү цайны ур ухааныг бусад бүс нутагт авч ирэн, цайны аж үйлдвэрлэлийн жолоо сунган ажиллаж, тус нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн төдийгүй аялал жуулчлалыг ч хөгжүүлэхэд хүчин зүтгэл үзүүлэн ажиллаж байгаагийн нэгэн жишээ бол “Минь Ниний үлгэр” технологийн ХК болно. Тус компанийг үүсгэн байгуулагч залуу Тан Дүндүн төрсөн нутаг Фж Жянь мужийн онцгой бүтээгдэхүүн, ур чадвар, технологийг Минь Нин сууринд нэвтрүүлэн энэ нутгийн онцгой бүтээгдэхүүнд суурилан өмнөд умард нутгийг холбосон цайны аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, тухайн нутгийн өрцөд залуу насны цог жавхаа, үйлсийн хүч хөлсөө өргөж явна.

      Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчдийн цахимаар хамтран сурвалжлах баг Минь Нин сууринд байрлах Минь Нин цайны соёлын төвөөр зочлон энэхүү компанитай газар дээр нь танилцсан билээ. 4000 гаруй кв.км талбайд 2020 онд байгуулагдсан тус компани нь үйлдвэрлэх, судалгаа хийх, соёлыг нэгтгэсэн ерөнхий чанар бүхий цай үйлдвэрлэх компани  юм. Тус компани Инншягийн орон нутгийн онцгой бүтээгдэхүүнд суурилж, “Бүс ба зам”, “Ядуурлыг бууруулах” стратегийн төслийн дагуу Фү Жянь муж Ниншяд туслан ядуурлыг бууруулах хамтын ажиллагааг эрчимжүүлэн, “Минь Ниний үлгэр” хэмээх брэндийг эрчимтэй хөгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа юм. Түүнчлэн эдийн засгийн үр ашиг авахын зэрэгцээ нийгмийн үүрэг хариуцлагыг шударга гүйцэтгэж, Ниншягийн экологийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг ахиулж байна. Компанийн менежер Тан Дүндүн “Би Фү Жянь мужийн хүн. Аав ээжтэйгээ цайны аж үйлдвэрлэл эрхэлдэг. Минь Нин суурингийн тухай кино үзээд маш их сэтгэл хөдөлсөн. Тиймээс нутгийнхаа олон төрлийн цай, цайны ухааныг Минь Нин сууринд авч ирэн хоёр нутгийн онцгой бүтээгдэхүүнийг нийлүүлэн “Найман эрдэнийн цай”-г шинээр боловсруулан зах зээлд гаргалаа. “Найман эрдэнийн цай” нь Фү Жянь мужийн Мөли цэцгийн цай ба лонганы, дээр нь Ниншягийн онцгой бүтээгдэхүүн болох чоно, улаан огноо, үзэм, хушга, долоогоны гүнжид зэрэг арав орчим байгалийн жимснээс бүрдсэн уламжлалт нууц жор, орчин үеийн технологийг ашиглан нэг аяга цайнаас найман төрлийн шим тэжээлийг хүртэх боломжтой амтат ундааг боловсруулан гаргасан. Минь Нин суурин дахь цайны аж үйлдвэрлэлийн хөгжлийн дагуу нутгийн залууст цайны соёлын мэргэжлийн сургалт явуулж, Минь Ниний иргэдэд ажлын байр хангахын зэрэгцээ иргэдийн орлогыг нэмэгдүүлэн, цайны аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулан, хамтдаа баяр жаргалтай амьдарлаа цогцлоон байгуулахад итгэл төгөлдөр байна” хэмээн баяртай ярьж байлаа.

Найрсаг тэнгэрийн намуухан хормойноос алтан наран шижир туяагаа цацруулж, түмэн бодист амилах хүч өгнө. Минь Ниний үлгэрээр яригдсан “Найман эрдэнийн цай” энэ нутгийн элгэнд ундарч, хоёр нутгийн хүсэл мөрөөдлийн уянгат эгшиг хангинана.

Зохиогч: Хань Хуншя,ХөүРүй, Т.Буянхишиг,С.Урьхан
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл