solongonews
Инээд бэлэглэгчдийн үр сад
2018-01-24 12:24
Инээмсэглэл авч байгаа хүнийг баяжуулдаг атлаа өгч байгааг нь үгүйрүүлдэггүй. Эгэл амьдралд өнгө нэмж, гэрэл гэгээ цацруулан сэтгэл зүрхээ, алт шиг үнэтэй цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулан байж ард олондоо инээд бэлэглэгч гэмээнэ чухам та бидний дунд тоотой хэдхэн хэрнээ эгэл даруухан орших тэр л ховорхон эрхмүүд байдаг. Энэ олон авьяастнууд дундаас алиалагч гэж чухам ямархан хүмүүс байдаг юм бол.

        Эртний үед хаад ноёд, ихэс дээдсийн өмнө “алиа салбадай” гэгч олноос онцгой ялгагдах эрээн өнгийн хувцас өмсөж олныг баясгадаг хэсэг бүлэг хүмүүс байсан бөгөөд тэр нь цаг хугацааны явцад хөгжсөөр өдгөө Алиалагч гэж урлагийн бүхэл бүтэн нэгэн төрөл болтлоо хөгжжээ. Эр зориг, авхаалж самбаа, эрч хүчээр дүүрэн тэр л хүмүүсийн тухай энэхэн зуур өгүүлэх нь илүүц биш болов уу. Нэгэн цагт буюу 1970-80-аад онд олныг инээлгэн баясгаж явсан Т.Латиф хэмээх жүжигчин Монголын ард түмэнд үл мартагдах нэр, мөрөө тодхон үлдээсэн билээ.

 “... Борхон зүрх минь түг түг хийнэ

     Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” хэмээн дуулах тэр цагийн нэгэн дууг аялахад ялангуяа, тухайн үеийн хэн хүнд ямархан нэгэн бодол төрөх биз ээ. Түмэн олонд инээд бэлэглэж явдаг хүн бодит амьдрал дээр үнэхээр инээд цалгисан хөгжилтэй нэгэн байдаг болов уу? Жүжигчин Т.Латиф Драмын театрт байхдаа олон гол дүрүүдэд тоглосон байдаг. “Ээдрээ” жүжгийн Доголон Дорлиг, “Гарын таван хуруу” киноны таван хүүхдийн нэг, “Амьдралын нахиа”, “Улаан дарцаг”, “Хүний мөр” зэрэг олон кинонуудад мартагдашгүй дүр бүтээсэн нь бий. Түүнийг алиалагч болоогүй байхад нь хүүхдүүд дагаж гүйдэг байсан гэдэг. Тиймдээ ч инээдмийн салбарын хүнийг хүүхдүүд өөрсдөө мэдэрдэг үү, дагаад гүйгээд байх юм гэсэн яриа ч хүртэл гарсан аж.

37 насандаа Гавьяатын шагналд тодорхойлогдсон ч харамсалтай нь шагнал гардахын өмнөхөн санамсаргүй тохиолоор драмын театраас хөөгдсөн тэр жилдээ бүтэн жил гаруйн хугацаанд циркэд малчнаар ажилласан гэдэг. Ингээд үүрээр эртлэн босож циркийн гадна талыг цэвэрлэдэг байсан гэх. Алтан үеийн жүжигчин Цээеэ гуай тэр үед ид алиалагч байв. Портнер дутаж байх үед нь найруулагчид хоёр, гурван удаа алиалагч болооч гэсэн санал тавихад нь хэдийгээр татгалзсан ч олон удаа ятгасны эцэст Цээеэ гуайтай хамтарч, дараа нь жүжигчин Батсүх сургуулиа төгсөж ирээд хамт ажилласан байдаг. Ингээд алиалагч болох зам нь нээгдсэн жүжигчин Т.Латиф циркийн тайзнаа дүрээ мөнхөлсөн юм. Тэрээр Чехийн Копенгагэн, Дани зэрэг олон улс орнуудад очиж тоглолтоо хийжээ.

1990 онд циркэд суудал дүүрэн үзэгчидтэй тайлан тоглолтоо хийгээд 1991 онд тэнгэр болсон билээ. “Халаасандаа гараа хийгээд миний халаасанд “Гавьяат” байна гэж ярьж байсан нь үр садынх нь сэтгэлд их тод байдаг” гэж Л.Нурбулан дурсан ярьж байлаа. Нурбулан бол жүжигчин Латиф агсны отгон хүү, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, “Хүүхдийн анд” шагналт жүжигчин, орчин үеийн алиалагч юм. Тэрээр монголын хүүхэд, багачуудын дотны найз, хүүхдүүдэд хүндлэгдсэн нэгэн. Залуу хүний эрч хүч, урам зоригоор хүүхдийн Хандгай театраа байгуулан монгол орноо тойрон аялсан тоглолт хийж, 2014 оны 05-р сарын 31-нд Хүүхдийн баярыг угтан Улаанбаатар хотноо Бие даасан тоглолтоо хийж байсан цагаас хойш олон улсын хүүхдүүдэд инээд хөөр бэлэглэсээр явна. Авьяас билигт аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн яваа түүнийг ӨМӨЗО-нд ирж хүүхэд, багачуудад хөгжилтэй тоглолтоороо бэлэг барьж буйтай тааралдсан нь чухам энэхүү сэдвийг хөндөн бичихэд хүргэсэн юм. Тэр дундаа Өвөр Монголын “Айзам” компаний урилгаар Ордос хотын хүүхэд, багачуудад тоглолтоо сонирхуулан, хичээл сургалт явуулсан нь хүүхэд гэлтгүй, багш нарт нь ч онцгой сэтгэгдэл үлдээсэн байна.

Нурбулан:

- Миний бодлоор алиалагч хүний онцлог тоглолтууд дундуур, циркийн шилдэг үзүүлбэрүүд дундуур гардаг. Үзэгчдийг хөгжөөх журмаар часхийтэл гараад л буудаг. Хувцас нь голдуу эрээн мяраан, гял цал, бөмбөлөгтэй гэх зэрэг хүн хараад шууд инээхүйц, үе дамжиж ирсэн. Бас нэг онцлог нь алиалагч ганцаарчилсан тоглолт хийж болдог. Дан хүүхдэд зориулж тоглож болдгоороо бас давуу талтай. Өвөр Монголд алиалагч төрөл төдийлэн сайн хөгжөөгүй байх. Гэхдээ хүүхдүүд маш дуртай хүлээж авдаг. Ер нь энэ төрөлд хүмүүс их цөөн байдаг л даа. Хамгийн том онцлог бол хил хязгаар, нас хүйс үл харгалзаж ойлгодог, үзэгчдийг инээлгэдэг. Ямар ч тайлбар хэрэггүй гэж ярьсан юм.

Жүжигчин Нурбуланы тоглолтын онцлог нь илбэ үзүүлэх, хөгжилтэй хошин шог, хөдөлгөөнт жүжиг, хүүхдүүдийг дууриаж элэглэх маягаар хүүхэд, багачуудад ухаарал, инээд хөөрийг зэрэг бэлэглэдэг. Түүний тоглолтыг үзсэн хүүхдүүдийн нүдэнд нь гал бадарч, инээд баяраар дүүрэн гэрэлтэх нь үнэхээр сэтгэл хөдлөм сайхан санагдана. Нурбулан:

- Өвөр Монгол дахь тоглолтын үеэр амралтын өдрүүд таарсан юм. Тоглолтоо хийчихээд буцах гэтэл аймгийн нэгэн багш тааралдаад “Хүүхдүүд их сонин болчихлоо. Нэг их хөгжилтэй, дуу шуутай болоод таны тоглолтын дууг хүртэл дуулаад хөдөлгөөнтэй, эмх замбараагүй болчихлоо” гэж бараг зэмлэх шахуу хэлсэн юм. Бид хүүхдийн дуунуудад хөгжилтэй аяс хэмнэл оруулж дуулдаг. Тэгээд би бодсон л доо, хүүхдүүд нээрээ л их хөөрч баярлан, тоглолт үзсэний дараа маш чөлөөтэй болдог нь ажиглагддаг. Тоглолтын дундаас хойш хүүхдүүд өөрсдөө баярлаад хөөрөөд өөрийн эрхгүй хамтдаа дуулж бүжиглэдэг гэж ярьлаа. Дашрамд дурдахад, жүжигчин Л.Нурбулан 2018 оны 01-р сарын 19-нд Хүүхдийн уран уншлагын “Айзам” цомгийн нээлтийн ёслолоо хийх юм байна. Түүний тоглолтыг дэлхийн аль ч орны хүүхдүүд ойлгодог бөгөөд англи, хятад хүүхдүүдэд зориулж олон тоглолт хийсэн аж. Нас болоод хэлний хувьд хил хязгаар гэж үгүй. Өдгөө Өвөр Монгол хүүхдүүд ч гэсэн ойлгож, гурван настай балчираас дунд, ахлах ангийн хүүхдүүд ч мөн тоглолтыг нь баяртайгаар хүлээж авдаг байна.

Нурбулан:

- Ордос хотод тоглох үеэр тоглолтын өмнө “Арай л том хүүхдүүд байна даа” гэж бодож байсан боловч санаанд оромгүй маш сайхан хүлээж авсан. Өнгөрсөн зун Өвөр Монголд анх удаа тоглолтоо хийсэн юм. Үгийн урлагаар бас хичээллэсэн. Би МУГЖ Л.Чаминчулуун, СУИС-ийн багш, дэд профессор Н.Ганхуяг багш нарынхаа шавь. Алтан үеийн жүжигчдийг их хүндэлдэг. Монголд ч, Өвөр Монголд ч гэсэн олон шавь хүмүүжүүлсэн Чаминчулуун багшийнхаа нэрийг өндөрт өргөх юмсан гэж боддог. Аавыгаа л их санадаг даа. Ш.Уянгын “Аав” гэдэг шүлгийг үргэлж санаж явдаг. Аавынхаа ажлыг үргэлжлүүлэх юмсан гэсэн их хүслээр хичээж явна. Бид 2010 онд Монгол Улсын циркийн алиалагч гэж бүрэлдэхүүнээрээ Турк Улсад долоон сар гаруй хугацаанд циркийн тоглолт тоглосон. Мөн тоглолтоос гадна, бяцхан лекц, тайзны яриа, уншлагын чиглэлээр хичээл зөвлөгөө өгдөг. Хүүхдэд зориулсан тоглолт бол урлагийн тусгай төрөл. Бусад төрөл жанаруудаас эрс ялгаатай гэж тэрээр ярьлаа. Жүжигчин Л.Нурбулан хүүхдэд зориулсан тоглолтоос гадна, уран бүтээлч хүний хувьд амжилттай яваагаа бидэнд сонирхуулсан юм. Монголынхоо “Single lady” киноны нэгдүгээр анги, “Ээжийн дайсан”, “Такси” нэг, хоёр, гуравдугаар анги, “Царайлаг өдрүүд” зэрэг кинонуудад, мөн дуучин Ариунаагийн “Домгийн өглөө” клип зэрэг олон бүтээлд дүр бүтээснээ жишээ татан хэлсэн билээ. Түүний туйлын нэгэн зорилго нь Хандгай театртайгаа автобусаар эх орноороо, мөн хил дамнаж тоглолтоо хийх мөрөөдөлтэй гэдгээ хэлж байлаа.

Нурбулан:

- Би эх орондоо дэлхийн сонгодог хүүхдийн жүжгийг тавих зорилготой. Энэ зорилго минь удахгүй хэрэгжинэ. Хандгай театр маань мэргэжлийн жүжигчин, уран нугараач, дуучин, цагаригаар наадагч гэсэн бүрэлдэхүүнтэй. Бид гурван хүүхэлдэйтэй тоглодог. Алиалагчид хүүхдийн хошин жүжиг, мөн хошин шог гараануудтай. Ерөнхийдөө долоон хүний бүрэлдэхүүнтэй. Латифын нэрэмжит хүүхдийн Хандгай театр буюу Нурбулан гэдэг нь “Гэрэлт хандгай” гэсэн үг л дээ. Өөрийн нэрээрээ энэхүү театраа нэрлэсэн. Бид нэлээд олон хүүхдийн жүжгүүд тоглосон. “Цондоолой Цүндээлэй эмгэн шулмыг дарсан нь” нэг, хоёрдугаар анги гэх зэргээр нэрлэгдэнэ. Ер нь энэ алиалагчийн төрлөөрөө заримдаа асууж лавлах зүйл их гардаг л даа. Батсүх ах, Цээеэ ах, аав минь гээд алтан үеийн хүмүүс минь нэгэнт тэнгэрийн оронд очсон болохоор өөрийн эрхгүй урлагийн энэ салбарыг цааш нь үргэлжлүүлэх юмсан гэж хичээж явдаг хэмээн тэрээр сэтгэлээ дэлгэн ярьсан юм.

Ийнхүү ямар ч орчуулагчгүй, тайлбаргүйгээр ойлголцдог урлагийн нэгэн өвөрмөц төрөлд “Инээд бэлэглэгчдийн үр сад” хичээн хөдөлмөрлөж, алтан үеийнхний, тэр дундаа аавынхаа үйлсийг үргэлжлүүлэн амжилтын оргил өөд өгсөж явна.

                                                                       

                  

                                                      Нийтлэлийг: Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл