solongonews
“Торго загвар” ХХК Хөххот дахь салбараа нээлээ
2016-10-16 21:28
Амралтын өдөр буюу аравдугаар сарын 16-ны өдөр Хөххотын И Гао Шу Ма худалдааны төвийн нэг давхарт Монгол Улсын “Торго загвар” ХХК-ний ӨМӨЗО-ны Хөххот дахь салбар нээлтээ хийж, тууз хайчлах ёслол боллоо.

     Нээлтийн ёслолд “Торго загвар” ХХК-ний удирдлага, хамт олон, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Монгол Улсын шадар сайдын зөвлөх Х.Дамдинсүрэн, МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Амархүү нарын урлаг соёл, бизнесийн салбарын нэр хүндтэй төлөөллүүд болон Хятад, Өвөр Монголын хамтран ажилласан байгууллага, бусад албаны хүмүүс оролцов. Нүүдэлчин соёлын үнэт өв түүхэн улбааг бүтээл бүртээ хадгалж, Монгол Үндэстний онцлогийг өвлөж түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх замаар дэлхийд таниулах эрхэм зорилготой “Торго загвар” ХХК нь 16 жилийн туршид үйл ажиллагаагаа явуулж байна.

   Үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэн тэлж буй энэхүү Хөххот дахь салбарт дэлгэгдсэн бүх бүтээл “Торго загвар” ХХК-ний дизайнер О.Болдын бүтээлүүд юм. Дэлхийн найман улс оронд өөрийн бүтээлээ танилцуулж байсан ур чадвартай загвар зохион бүтээгч О.Болд:

- Манай компаний салбар Өвөр Монголын ахан дүүст маань хүрч эхэлж байгаад их баяртай байна. Энд одоогоор нийтдээ 150 гаруй хувцас дэлгэгдээд байгаа. Загварын онцлог нь үндэсний хээ угалз, гоёл чимэглэлийг орчин үеийн загварын чин хандлагатай хослуулсан. Бүх бүтээлүүд угсаатан зүйн судалгаатай үндэстэн ястны хувцаснууд, үндэсний болон европ загварыг хослуулж зохиосон загварын хувцаснууд бий. Энэ нь цааш цаашдаа нэмэгдэнэ.

МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөн:    - Юуны өмнө Торго компаний хамт олондоо баяр хүргэж байна. Энэ компани бол Монгол Улсдаа нэгдүгээрт тэргүүлэх брэнд. Брэнд гэдэг нь монгол үндэстний өв соёл шингэсэн өөрийн гэсэн онцлогтойн дээр Хятад улстай байнга харилцаатай байдаг бид бүхний харилцаанд торго гэдэг материалаар дамжуулж монголчуудын эртнээс уламжлагдаж ирсэн өв соёл, үндэсний хувцас, ялангуяа Хөххотод Өвөр Монголчуудын маань дунд дэлгэгдэж байгаад би маш их баяртай байна. Өнөөдөр бидний үндэсний хувцасны соёл үнэн түүхээрээ яваа юу, бид хувцсаа зөв өмсөж байгаа юу, түүхээ зөв үргэлжлүүлж байгаа юу гэдэг дээр Торго компаний үйл ажиллагаа, хувцасны соёл маш том үүрэг гүйцэтгэж байдаг. Өвөр Монголын олон сайхан хосууд хуримаа хийхдээ Монгол Улс руу явж дээл хувцсаа захиалж хийлгэдэг. Дээл гэдэг энэ сайхан үндэсний хувцсыг өмсөхийн тулд гурван удаа өмсөж биед нь тааруулж байж сая өмсгөл болдог. Ингэж өмсөж биедээ тааруулахын тулд наанадаж нааш цаашаа ирж очих замын зардал талаас нь бодоод үзсэн ч Торго компаний салбар нээгдсэнэрээ Өвөр Монголчуудад маань хичнээн амар болж байна. Энэ бол хамгийн чухал зүйл. Миний хувьд энэ компанитай урлагийхан дундаасаа, ялангуяа эстрад дуучдын дундаасаа нэлээд эртнээс холбогдож, хамтарч ажилласан хүмүүсийн нэг. Торго компаниар хийлгэсэн хамгийн сайхан дээлийг Гуанжөүгийн ХVI Их Олимпийн наадмыг хааж дуулахад өмсөж байсан. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Монгол хүн анх удаа Гуанжоугийн ХVI Их Олимпийн наадмын хаалтыг хааж дуулахдаа цагаан өнгөтэй монгол үндэсний дээл хувцсаа өмсөөд “Хоймор нутгийн хийморь” гэдэг дууг монгол хэлээрээ дуулсан. Энэ түүхэн үйл явдалд миний өмсөж байсан цагаан дээл, Торго компаний бүтээл нүүр царай болж чадсан. Тиймээс Торго компаний хамт олонд баярлалаа. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа нээгдэх боломж олгосон Хятадын, Өвөр Монголын бизнес эрхлэгчиддээ баярлалаа. Эцсийн эцэст энэ бол монголчууд бидний түүх соёл, монгол хүний болоод Хятад улсын хоорондын харилцааны язгуур эрх ашиг. Бид биеэрээ, оюун ухаанаараа, үүх түүх соёлоороо холбогдоно. Үүний хамгийн том нүүр, толь нь бол "Торго" юм.

О.Лхагвасүрэн: - Компани маань жил бүр загварын коллекцийг гаргадаг. Нэг жилд ойролцоогоор 100 гаруй шинэ хувцасны загвар гаргадаг. Бидний нэг онцлог бол бэлэн хувцас гэхээсээ илүү хувь хүний сонирхолд нийцүүлж, тухайн хүний хүсэлд тусгайлан зориулан танд тааруулж урлаж өгдөг. Дэлхийн соёлд нөлөө үзүүлсэн том үндэстнүүдийн нэг бол яах аргагүй нүүдэлчин соёлт үндэстэн. Бидний бүтээл орчин цагийн хэрэгцээнд нийцэх хэрэгтэй. Харахад орчин үеийн хувцас, гэвч монгол үндэсний өнгө төрх эрхэмсгээр хадгалагдаж байдаг онцлогтой. Ер нь үндэсний хувцсыг тодорхой баяр ёслолд ч юмуу, тодорхой уламжлалд тааруулдаг. Харин бид олон улсын стандартад нийцсэн брэндлэг байлгах зорилгоор ажилладаг. Мөн Торго ХХК-ний дэргэд олон жил үйл ажиллагаа явуулсан загварын агентлаг байдаг. Бид энэ нээлтийн ёслолд өөрсдийн мэргэжлийн загвар өмсөгчидтэйгээ ирсэн.

  “Торго загвар” ХХК нь үндсэн материалаа БНХАУ-ын Ханжөү хотын зуун хувийн цэвэр хүр хорхойн шүлсээр уламжлалт аргаар нэхэгддэг торгоны үйлдвэрт өнгө, хээний тусгай захиалгаар хийлгүүлдэг байна. Мөн жил бүр зохиогддог хувцасны материалын үзэсгэлэн, Япон улсаас даавуу, БНСУ-аас цэвэр хөвөн даавуу, шүр чимэглэл, үндсэн материалуудаа сонгож авдаг нь тус компаний нэгэн давуу тал аж. Ийнхүү та бидний сайн мэдэх "Торго загвар" ХХК-ний Хөххот дахь нээлтийн ёслол өрнүүн болж, хоёр улсын үндэсний хувцас соёлоо эрхэмлэгч өргөн олон хуран цугларсан юм.

                                                                                                                       Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл