Мянга мянган залуус эрдмийн их далайгаас эрдэнэс хайхаар эх орноосоо гарч, харь орныг зорих цуваа үеийн үед үргэлжилсээр билээ. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны боловсролын салбарын хурдтай хөгжлийн үр шимээр олон мянган залуус сурч боловсорч байна. Ингээд та бүхэндээ Монгол Улсаас Өвөр Монголын Багшийн Их Сургуульд магистрт суралцаж буй Ч.Энхсайнхантай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
- Сайн байна уу, хичээл сурлага өндөр үү, төгсөх дөхөж байгаа гэсэн хичээл ихтэй байна уу ?
- Сайн, сайн байна уу, Энэ хавар миний хувьд хичээл ихтэй байна аа. Мэргэжлийн бүх хичээлээ үзэж дуусгаад байгаа ч дипломын ажил эхэлчихсэн. Тун удахгүй урьдчилсан хамгаалалтандаа орох гэж байгаа.
- Хөххотод хэд дэх жилдээ суралцаж байна вэ. Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа байх. Ер нь сард хэдэн юаний тэтгэлэг авч байна, хүрэлцээтэй байна уу ?
- Миний бие анх 2012 оны 09 дүгээр сард Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн хэлний бэлтгэлд ирээд 2013 оноос Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуульд Уул уурхайн чиглэлээр бакалаврт суралцаж төгссөн. 2017 оноос Өвөр Монголын Багшийн Их Сургуульдаа буцаж ирээд Эдийн засгийн чиглэлээр магистрт хоёр дахь жилдээ суралцаж байна. Магистрын хувьд сард 3000 юаний тэтгэлэг авч байгаа. Миний хувьд тэтгэлэг маань хүрэлцээтэй байна. Ер нь юунд хэр зарцуулахаасаа болно доо.
- Анх Хөххотод суралцахаар ирж байсан тухайгаа дурсан ярихгүй юу. Мэдээж, өөрийн нутаг биш хүний нутаг хойно ойлгож мэдэхгүй зүйл олон байсан байх?
- Анх ирэхийн өмнө Өвөр Монгол орон, тэр тусмаа Хөххотын тухай тийм ч сайн мэддэггүй байсан. Ер нь хилийн дээс алхаж байгаагүй. Гэхдээ эх орныхоо хилийн дээсийг алхаж, хэдийгээр хүний нутагт ирлээ ч гэсэн Хөххот надад маш дотно, хуучин танил хот мэт санагдсан. Өвөр Монголчууд маань маш найрсаг хүмүүс байдгийг мэдэрсэн. Анх ирээд Хятадаар сайн ярьж чадахгүй, ойр зуур гараад дэлгүүр орох, хоол идэхэд хэлж ойлгуулж чадахгүй хүндрэлтэй байсан. Мөн ханз үсэг цээжлэхэд хэцүү байлаа.
- Хичээлдээ хэр шимтэй сурч байна. Яг өөрийн дуртай мэргэжлээрээ сурч байна уу ?
- Нэгэнт л хүний газарт сурахын хүсэл өвөрлөж ирснээс хойш хичээн сурч байна. Аль болох л ихийг сурч мэдэх чин зорилгоо барьж байгаа. Одоогийн магистрт сурч буй эдийн засгийн хичээл маань миний багаасаа сурахыг хүсч байсан мэргэжил маань юм.
- Монголтой харьцуулбал хичээл хөтөлбөрийн хувьд зөрөөтэй зүйл байна уу?
- Мэдээж хоёр улсын тогтолцоо өөр учир сургалтын хөтөлбөр ч өөр өөр тал бий. Энд бол хичээл ихтэй, цаг их шахуу байдаг. Яг хуваарийн дагуу бүх юмаа шаарддаг. Монголд бол харьцангуй чөлөөтэй байдаг.
- Хятад оронд сурч байгаагийн хувьд Хятад хэлийг хэр сурч байна. Хятад хэл ер нь сурахад хэцүү юм уу. Өчнөөн жил болсон хүний хувьд өөрийн гэсэн хэл сурах техниктэй болсон байх?
- Дажгүй сурч байгаа, өөрийнхөө хэмжээнд их хичээн суралцаж байна. Сүүлийн үед дэлхий нийтээрээ Хятад хэлийг сурах их аянд нэгдэж байгаа. Монголд ч олон залуус Хятад хэлийг шимтэн сурч байна. Хятад хэлийг суралцахад надад тийм ч хялбар санагддаггүй ээ. Ханзаа сайн мэдэх хэрэгтэй. Нэг ханз үсэг дээр нэг зурлага нэмэхэд л өөр үсэг болчихно. Хятад хэлний дөрвөн авиаг гаргаж сурахад ч хэцүү байдаг. Миний хувьд одоогоор ойр зуурын авиаг чөлөөтэй ярьж ойлгуулж чадах хэмжээнд хүрсэн. Намайг дөнгөж ирэхэд манай өрөөний гурван залуу өмнө нь ирээд нэг жил Хятад хэл сурчихсан байсан. Нэг залуу нь Монголдоо байхад сайн сурсан байсан. Тэр найз маань надад зурагтаар хүүхэлдэйн кино тавьж өгөөд доогуур гарч байгаа ханзыг нь хараад уншаад бай, хүүхэлдэйн киноны ханз нь давхцаж гардаг. Төв аялгуугаар ярьдаг, хялбархан байдаг гэж зөвлөдөг байсан. Тэгээд л хүүхэлдэйн кино сайн үздэг болсон. Хүнтэй сайн яриад байх юм бол Хятад хэлийг хялбархан сурах боломжтой.
- Оюутан хүний хувьд чөлөөт цагаа бас яаж өнгөрүүлж байна вэ. Ололт амжилт хэр байна?
- Мэргэжлийн хичээлтэй үед чөлөөт цаг бага байдаг. Одоо диплом бичиж байгаа учир диплом бичихийн хажуугаар чөлөөт цаг гарч байгаа. Тэгээд чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх зорилготойгоор фитнест явж байна. Мөн хөл бөмбөг, гар бөмбөг, теннисний тэмцээн уралдаанд баг хамт олонтойгоо оролцоод чамгүй амжилтууд үзүүлсэн. Сургуулиа төлөөлөөд Чанчүньд болсон 32 орны 100 гаруй оюутан залуус оролцсон Хятад хэлний тэмцээнд оролцоод шилдэг 32-т багтаж байсан. Өнөөдөр ч гэсэн удахгүй болох гадаад оюутнуудын хөл бөмбөгийн тэмцээнд багаараа оролцох гээд бэлтгэлдээ явж байна.
- Танай сургуульд монгол оюутнууд хэр олон байна. Монгол оюутнууд бусад улсын оюутнуудаас юугаар давуу байдаг гэж боддог вэ?
- Манай сургуульд одоогоор 100 гаруй Монгол Улсын оюутан суралцаж байгаа. Монгол оюутнуудын хувьд гэвэл юмыг хурдан сурдаг, идэвх санаачилгатай байдаг. Тухайлбал, гадаад оюутнуудын дунд арга хэмжээ зохион байгуулахад манай Монгол оюутнууд их идэвхтэй, амжилттай оролцдог.
- Төгсөөд нутаг буцах уу, ер нь ямар төлөвлөгөөтэй байна?
- Энэ талаар одоохондоо шийдсэн юм бага байгаа. Хэрэв энд тогтмол ажил олчихвол ажиллаж үзэх сонирхолтой байна. Бага ч гэсэн ажлын туршлагатай болчихоод эх орондоо буцна.
- Өөрөө сурч буй хугацаандаа Хятад оронтой хэр танилцав. Мөн Өвөр Монголын хөдөө орон нутгаар явж үзэв үү, юуг ажиглаж мэдэв?
- Хятад орны үүх түүх, соёл иргэншлийн талаар чамгүй мэдлэгтэй болсон. Өвөр Монголын нэлээн хэдэн аймаг хотуудаар явж үзсэн. Өнгөрсөн жил гэхэд л Солонго Мэдээллийн Төвөөс зохион байгуулсан “Солонго аялал”-аар Ордос хотын Отогийн Өмнөд хошууны хөдөөгийн гурван малчин айлд очиж, ахуй амьдралтай нь танилцан, ажил хөдөлмөрт нь оролцож, их сонирхолтой зүйлүүдийг олж мэдсэн. Тэндхийн малчид их тохилог суудаг юм билээ. Мал аж ахуйн хувьд гэхэд нэлээд техникжсэн, дэд бүтцийн байгууламжийг сайн хийсэн харагдсан.
- Хятад оронд суралцахаар ирэх гэж буй оюутан дүү нартаа юу гэж зөвлөмөөр байна?
- Сүүлийн үед Хятад оронд суралцахаар ирж буй монгол оюутан залуус олон болж байгаа. Нэг зүйлийг зөвлөж хэлэхэд энд ирэхээсээ өмнө Монголдоо хятад хэлний сургалтад суугаад анхан шатны хэлний боловсролтой болоод ирвэл арай илүү давуу талтай болно. Хятадын хаа ч явж байсан хувь хүн биш, Монгол хүн гэдгээр нь хүлээж авах болохоор эх орныхоо нэрийг өргөж яваагийн учир хичээж суралцах хэрэгтэй гэж боддог.
- Ярилцлага өгсөн танд баярлалаа. Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
- Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.
