
9-р сарын 26-ны өдөр, "Хятад Монголын найрамдал" сургуулийн танхимд Монгол улс дахь Хятадын харьяат нар, цагаачдын холбооноос БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойд зориулж зохион байгуулсан баярын хүлээн авалт хийв. Тус арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, Соёлын газрын зөвлөх Ли Вэй, Улс төрийн газрын дарга Гүө Имин, Консулын газрын дарга Линь Чан болон Монгол улс дахь Хятадын харьяат нар, цагаачдын холбоо, Хятад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн сэтгүүлч нийт 100 гаруй хүн оролцжээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн: Өнгөрсөн 69 жил ХКН Хятадын нийт ард түмнийг удирдан бүх хүчээ дайчлан ажиллаж, бэрхшээлийг даван туулсан онцгой он жилүүд байлаа. Одоо БНХАУ эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт орж, үндэсний нийт хүчин чадал ихэд эрчимжиж, олон төрлийн ажил үйлс цэцэглэн хөгжиж, ард иргэдийн амьжиргааны түвшин илэрхий сайжирч байна. Ялангуяа ХКН-ын XIX их хурлаас хойш, Хятадын онцлогтой социализм хөгжлийн шинэ эринд дэвшин орж, Хятад улс хөгжлийн түүхэн шинэ гараагаа эхлүүлсэн билээ. Хятад улс улам их өрнөн хөгжиж, манай агуу эх орны ирээдүй улам гэрэлтэй болж, Хятадын олон “гайхамшиг"-ийг бүтээн, асар их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Тэрээр: МУ дахь Хятадын харьяат нар, цагаачид шаргуу хөдөлмөрлөж, Хятад, Монголын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Үүнд ЭСЯ-ны өмнөөс чин сэтгэлийн хүндэтгэл, талархал илэрхийлье. Олны хүч оломгүй далай гэгчээр, Монгол улс дахь Хятадын харьяат нар, цагаачдын холбооны удирдлагаар, амьжиргааны түвшнээ дээшлүүлэх, нийгэмд нэр нөлөөгөө нэмэгдүүлэхийн төлөө, цаашид бүх хүчээ дайчлан улам эрчтэй ажиллахыг та бүхнээс хүсэж байна гэжээ.

МУ дахь Хятадын харьяат нар, цагаачдын холбооны тэргүүн Бай Шуанжань: ЭСЯ, Төрийн зөвлөлийн дэргэдэх Харьяат нарын хэрэг эрхлэх албаны удирдлага, Монгол улс дахь Хятадын байгууламж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр, Хятадын харьяат нар, цагаачид түүхэн шинэ боломж, давуу талаа ашиглаж, халуун дулаан энэ нутагт ажил үйлсээ хөгжүүлж ирлээ. Бид хятад хэлний боловсрол, Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх, Хятад, Монгол хоёр орны найрамдал нөхөрлөлд үргэлжлэн идэвхтэй хувь нэмэр оруулна гэжээ.
Хүлээн авалтын үеэр "Монгол Хятадын найрамдал" сургуулийн сурагчид Хятадын онцлогтой, баялаг агуулга бүхий дуу бүжгийн тоглолт хийсэн юм.
