Өдөр бүр антиоксидант болон амин дэм хэрэгтэй
Цаг агаар хүйтрэх, өдөр богиносох, шинэ хүнсний ногоо, жимс жимсгэнэ багасах тусам хүний бие организм амин дэмийн дутагдалд ордог. Тиймээс хоол хүнсэндээ амин дэмтэй бүтээгдэхүүн хэрэглэж, арьсандаа амин дэмээр баялаг тос түрхэж, тэжээлийн маск тавих нь зүйтэй. Хүйтний улиралд өөрийн хэрэглэж буй хүнснийхээ илчлэгийг бага зэрэг нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд энэ үед ургамлын гаралтай тос (оливын, гүнжидийн, бүйлсний, хар гоньдны тос )-ыг хэрэглээрэй. Үүнээс гадна чанартай тос, амин дэмийн эх үүсвэр нь авокадо юм. Авокадог жин нэмнэ гэж санаа зовохгүйгээр өдөр тутам хүссэн хэмжээгээрээ идэх боломжтой. Хэдийгээр авокадо илчлэг ихтэй ч липидийн солилцоог тэнцвэржүүлэхэд тустай.
Арьсны судсыг хамгаалах
Намрын салхи, цаг агаарын даралт огцом буурснаас болж хүйтэн газраас дулаан газар руу орох үед нүүрний арьсны судас бүдүүрэх асуудал тулгардаг. Энэ үед нүүр халуу дүүгэж, хуурайшиж, арьсны өнгө жигд бус болдог. Нүүрний судсыг хамгаалахад хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн тус болох бөгөөд та ямар ч гоо сайхны салонд очсон тэд танд тохирох бүтээгдэхүүнийг санал болгож чадна.
