solongonews
Бээжингийн гудамжны нээлт
2014-10-27 20:41
Уг зам нь Хятад, Монгол хоёр улсын зам, барилгын ажил гүйцэтгэдэг компани хамтран хийж гүйцэтгэсэн орчин үеийн зам барилгын шаардлагад бүрэн нийцсэн 71 см зузаантай, явган хүний болон авто замын гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай.

   БНХАУ-ын засгийн газрын 60 сая юаний буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийг шинэчлэх ажил дуусаж нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр буюу 10 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

         Хуучнаар “Залуучуудын Өргөн Чөлөө” хэмээн нэрлэгддэг байсан уг замыг анх 1961 онд ашиглалтад оруулсан бөгөөд түүнээс хойш их засварын ажил хийгдээгүй байжээ. Хуучин хоёр урсгалтай, дөрвөн эгнээ зам, гүүртэй байсан бол 2010 онд МУ-ын Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) шийдвэрээр “Бээжингийн гудамж” хэмээн нэрийдэх болжээ. Энэхүү замыг өргөтгөн шинэчилснээр хоёр урсгал зургаан эгнээтэй, борооны ус зайлуулах шугам сүлжээ, явган хүний замын болон авто замын гэрэлтүүлэг бүхий ногоон байгууламжтай иж бүрэн 900 метрийн урттай гудам зам болон шинэчлэгдсэн байна.

        Уг замыг МУ-ын нийслэлийн авто замын газрын захиалгаар БНХАУ-ын “Бээжин констракшн инженеринг групп” -ийн зам барилгын ажил гүйцэтгэдэг компани хийж гүйцэтгэсэн ба уг ажил нь гэрээнд заасан хугацаанаас хоёр сарын өмнө ажлаа хийж дуусгасан байна. Нээлтийн ёслолын үйл ажиллагаагаар МУ-ын Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын хотын захирагч Э.Бат-Үүл МУ-ын НИТХ-ын хүндэд тэмдгийг БНХАУ-ын “Бээжин констракшн инженеринг групп” -ийн төслийн ахлагч Ли Пэн болон гүүрийн хэсгийн ахлагч Чинь Ханбинь нарт гардуулав. Дараа нь Бээжингийн гудамжийг нээх тууз хайчлах ёслол боллоо.

        МУ-ын Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын хотын захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ: -Улаанбаатар хотын гол судал болсон энэ замыг тохилог сайхан засаж, иж бүрэн зохицуулахад хөрөнгө мөнгөө гаргаж тусалсан Хятадын засгийн газар, Хятадын ард түмэнд маш их баярлан талархаж байна. Үүн шиг чанартай зам одоохондоо Улаанбаатар хотод хараахан байхгүй. Хоёр улсын найрамдлыг бэлгэдсэн их сайхан үйл явдал болж байна гэв.

        БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч ноён Ян Чиньдүн хэлэхдээ: -Бээжин констракшнд дэмжлэг үзүүлсэн эрхэм хотын дарга Э.Бат-Үүлд баярлалаа. Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа залгалдсан сайн хөршийн орон юм. Урт хугацааны турш Хятад улс нь өөрийн чадлынхаа хүрээнд МУ-д дэмжлэг үзүүлсээр ирсэн ба зам тээвэр, барилгын салбарт томоохон санхүүжилт хийж байгаа төдийгүй эдийн засаг болоод иргэдийн амьжиргаанд тус дэм болж байна гэж үзэж байна. Энэхүү найрсаг харилцаагаа цаашдаа улам бэхжүүлж, эв найрамдалтай хамтран ажиллахыг хүсэж байна. Мөн уг Бээжингийн гудамж нь Хятад, Монгол хоёр орны найрамдалт харилцаанд сайн сайхан бэлгэ тэмдэг болно гэж би итгэж байна гэжээ.

 

   Уг зам нь Хятад, Монгол хоёр улсын зам барилгын ажил гүйцэтгэдэг компани хамтран хийж гүйцэтгэсэн орчин үеийн зам барилгын шаардлагад бүрэн нийцсэн 71 см зузаантай, явган хүний болон авто замын гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай. Мөн замын доорх инженерийн шугам сүлжээг 100 хувь өргөтгөн шинэчилж, хонгилын системд оруулжээ.

Бэлтгэсэн: Шинэцэцг, Хавар

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл