solongonews
Удам залгасан уран оёдолчин
2017-08-03 20:53
Тунгалаг Баруун Үзэмчин хошууны Хоолтынгол суурингийн Алтангол багийн малчин билээ. Тэрээр 1989 онд хошууны төв Балгаргол сууринд ирж “Бадрал” монгол оёдлын газар нээсэн байна.

Тунгалгийн нагац ээж Пагмаа нь уран хүн байсан бөгөөд ээж Рулмаа нь ч нутаг усандаа нэртэй уран оёдолчин байсан гэдэг. Ийнхүү Тунгалаг ээжийнхээ уран оёдлыг залгамжлан сурснаараа удам залгасан оёдолчин болжээ. Тэр өөрийн дур сонирхол, амьдралын хэрэгцээ, эдийн засгийн нөхцөлөөс болж үндэстний хувцас заслаа зах дээлд гаргахын төлөө энэхүү дэлгүүрээ эрхэлжээ. Үндэстний онцлогтой хувцас засал, Үзэмчиний өвөрмөц онцлогоо хадгалсан дээл тэрлэгийг оёхоор голлож байв. Түүний 8 сарын хугацаанд 5.8 сая зүү хатгаж оёсон үзэмчин тэрлэг нь үзэхэд гоёмсог, өмсөхөд таатай, харахад туйлын эвлэг байдаг. 1888800 шүрийг хэлхсэн шүрэн угалзтай тэрлэг нь хуучин хэлбэр загвараа хадгалан, шинэ янзаар урлан оёсноор туйлын хээнцэр харагдана. Мөн 188 гуулин товч даруулж оёсон чөлөөт тэрлэг нь сэрүүн тааламжтай, бие барьсан сайхан төрхийг гайхуулж, шинэ маягийн хэв намбатай билээ. Ийнхүү энэхүү гурван тэрлэгээ гиннесийн тэмдэглэлд бүртгүүлэн тэмдэглүүлэхээр ажиллаж байна.

Түүний хүртэж байсан шагналын тухай яривал 2007 онд Шилийнгол аймгийн үндэстний хувцас заслын уралдаанд шүр холбон хэлхэж оёсон угалзтай тэрлэгээрээ тэргүүн шагналыг хүртэв. 2008 онд Шилийнхотын анхны үндэстний хувцас заслын наадамд хоёр төрлийн тэрлэг нь тус бүр хоёрдугаар, гуравдугаар байрын шагнал хүртэж, тус жил шинэ маягийн чөлөөт тэрлэгээрээ шинэ маягийн хувцас заслын хоёрдугаар байрын шагналыг хүртэж билээ. 2009 онд Зүүн Үзэмчин хошуунд зохион байгуулагдсан мөнгөн өвлийн наадамд дээлээрээ хоёрдугаар байрын шагнал зэрэг шагнал олон удаа хүртэж байв. Мөн аймгийн хэмжээний хөдөө тосгон мал аж ахуйн орны эмэгтэйчүүдийн “Хоёрыг сурч, хоёрыг адилтгах” уралдааны эмэгтэй мэргэжилтний яруу алдрыг хүртэж, 2016 оны Шилийнгол аймгийн зэргийн биет бус соёлын өвийн үзэмчин хувцас засал хийх мэргэжлийн төлөөлөгч, өвлөн уламжлагчийн яруу алдрыг хүртсэн байна.

Зохиогч: А·Эрхэмбат
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл