...Амьдралаа би чамд хайртай
Аа аа, амьдралаа би чамд ... гэж дуулах өнчин хүү байсхийгээд л даарч бээрсэн бяцхан хоёр гараа хумбайлган амандаа ойртуулж амьсгалах тоолонд нь савсан гарах уураар үлээж бүлээцүүлнэ.
Тэгснээ божин бор алгаа хооронд нь үрж дэргэдээ суух бяцхан охины хацарт хүргэн дулаацуулж, зөрөн одох олноос гуйлга гуйн горьдлогын харцаа илгээнэ. Хөл нь хэт их даарснаас болж, тэсэхүй бэрх янгинахад хуучирч маажийсан гутлаа хооронд нь хавираад уйлахаас наагуур зогсохыг ганган хээнцэр тэрэгний цонхоор хөмсөг зангируулан ажиж суусан жолооч залуу хаалга сэвхийтэл нээгээд Чимгээгийн орж ирэхийг ч анзаарсангүй. Чимгээ бол эрх танхи өссөн өлсөж даарах хийгээд зовлон зүдгүүр гээчийг бараг л мэдэхгүй нэгэн бөгөөд одоо ид нэрд гарч яваа амжилт бүтээл дүүрэн дуучин бүсгүй. Тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хангаж яваа нь энэ. Тамираад хандаж:
- За болчихлоо. Одоо урилгаа хэвлүүлчихвэл ч ажил ер нь цэгцрэх гээд байна шүү, хурдан яваарай гээд инээмсэглэн бичиг цааснуудаа цэгцэлж цүнхэндээ хийлээ. Тэгээд Тамираа руу харснаа:
-Үгүй, чи чинь юу гөлрөөд суучихаа вэ? гээд толгойгоо өндөлзүүлэн байж Тамирын харж байсан зүг рүү нь харвал нааш цааш алхах хүмүүсийн хөл доор гуйлга гуйх бяцхан хүү, охин хоёрыг олж харлаа.

- За явъя аа, явъя гэж Тамирааг шавдуулахад хариуд нь хоолойгоо засаж, зангиагаа суллаад машинаас буумагц шууд л мөнөөх хоёр жаал руу зүглэв. Сул дорой хөөрхий хоёрыг өрөвдөх сэтгэл нь нэг л мэдэхэд түүнийг энд авчирчихлаа. Хаанаас олсон юм бол гэмээр хуучирч навтайсан цаасан хайрцганд хэдэн задгай дэвсгэрт нийлээд ердөө л зуу ч хүрэхгүй төгрөг байхыг харсан Тамираа хэтэвчээ үзтэл ямар ч мөнгө байсангүй.
- Өө, нээрээ цалингаа одоо авах бил үү гэж бодмогц Чимгээ рүү даллавал бүсгүй хүлээж ядсандаа бухимдсан нь илт, машины цонхоор толгойгоо цухуйлган:
- Наанаа юу хийгээд байгаа юм бэ? Хурдлаач гэм гэж үнэгэн захтай савхин хүрмэн дотроосоо цухуйж ядан хашгирав. Тамираа хөөрхий жаалуудад хэдэн төгрөг өгчих санаатай задгай мөнгө хайж халаасаа ухан зогстол Чимгээ хэдийдээ хүрээд ирснийг бүү мэд урт хоншоортой ганган гутлаараа мөнөөх хайрцгийг өшиглөж зайлуулснаа:
- Чи чинь яасан завтай хүн бэ! Таван цаас авах гэж байгаа бол үгэнд орооч гээд машин руугаа гунхалзан алхлав. Тамираа уйлж зогсох хоёр жаалыг аргадаж:
- За, миний хоёр дүү уучлаарай, ах нь цалингаа буухаар та хоёрт мөнгө авчирч өгнө өө гээд мөнөөх хайрцгийг нь дөхүүлж өгчихөөд машин руугаа түргэн түргэн алхаж одлоо. Тэд замын хөдөлгөөнд орох үед:
- Ийм ядаргаатай юмнууд орчлонгоор дүүрэн байх юм зүгээр. Бүгдэд нь тусална гэвэл энэ нас чинь хүрэхгүй шүү, Тамир минь гээд хээв нэг уруулаа будаж эхлэв. Энэ байдлыг хараад эгдүүцсэн Тамир:
- Юу гэсэн үг вэ, таны Чингүүнээ ингээд зогсож байсан бол та яах байсан бэ? гээд асуучхав. Үүнийг сонсоод илт ундууцсан Чимгээ нүдээ эргэлдүүлэн сүрхий том харснаа:
- Миний хүү ингэж явахгүй, ойлгов уу чи! Үгүй ер өө, Нийгмийн хог шаар өмөөрөөд сүйд болох нь ээ. Цаг бага байна, хурдан хэдэн бичиг цаасаа хүргэж өгөх минь, дуугүй наад урд замаа л хар, мэдэв үү гээд угаас хэнийг ч болов захирч сурсан зангаар захиргаадчихаад ширэв татах нь тэр.
- Хэвлийгээсээ хүн төрүүлсэн эх хүн байж, ийм хахир хатуу сэтгэлтэй гэж таныг ёстой мэдсэнгүй шүү гэж Тамир амьсгал давчдан хэлэхэд Чимгээгийн дургүй улам ч хүрч нүдээ гялалзуулан:
- Юу гэсэн бэ чи? Надтай ингэж ярьдаг хүн байдаггүй юм шүү, дуугүй наад жолоогоо барь за юу! гэв. Тамир улам ч эгдүүцэн бусдын бишрэн сонсдог өнөөх уянга цээл хоолойтой алдарт дуучны сэтгэл ийм өчүүхэн байхын чинээ санаагүй тул саяын гуйлга гуйж суусан хоёр жаалыг шимшрэн өрөвдөхийн хэрээр юутай ч жаахан ч гэсэн мөнгө өгмөөр санагдаж шууд л жолоогоо огцом эргүүлэх нь тэр. Гайхаж хоцорсон Чимгээ:
- Үгүй чи чинь хаачих нь вэ? Буцаач гэм. Бид хоцрох нь байна шүү дээ. Би чамайг буц гэж байна! гэж чихний хэнгэрэг хагалах шахам чангаар хашгирахад Тамир:
- Дуучин гуай, жаахан аядаач. Би таны цагаас таван минут хумсалчихъя, харин та цалинг минь өгчих, илүүчлэх задгай мөнгө байвал бүр сайн байна, тэр хоёрт өгчихөөд л шууд буцна гэвэл Чимгээ тас тасхийтэл хүйтнээр инээгээд:
- Өө за, Байтлаа бүр даажигнах нь ээ! Үгүй шүү. Яасан ч адгийн гуйлгачинд мөнгө өгөхгүй. Энэ чинь миний хөдөлмөр, миний мөнгийг чи тэр муу хоёр халтар жаалд өгнө ч гэж ярихгүй шүү, Алив буцаач гэм! гээд жолоо булаацалдаж гарах нь тэр. Тэгтэл яах ийхийн зуургүй тар няр хийх их чимээ гарч, замын голд хоёр машин дохиогоо хангинуулах дуунаар аймшигт автын ослын сургаар сандарч мэгдсэн улсууд энд тэндээс цугларан ирэх нь тэр. Чимгээ арай гэж толгойгоо өндийлгөөд харвал хажууд нь Тамираа ухаан алдан унасан байх ба нүүр нь нил цус болсон байв. Бүсгүй гэмтсэн гараа дааж ядан хөдөлгөмөгц ямар ч тэнхэлгүй сульдахын дээр хамаг бие нь тэсэхийн аргагүй хөндүүрлэж ухаан нь балартах мөчид мэлсхийсэн их гэрэл нүдийг нь гялбуулан бүрхээд ирэв. Бие нь аажмаар хөнгөрөх шиг болж, үгээр илэрхийлэхийн аргагүй эрх чөлөөтэй болоход хөл нь өөрөө өргөгдөж байх шиг санагдав. Чимгээ хаашаа явж буйгаа мэдэхгүй ч жингүйдэх мэт тэр гэрлийн зүг гүйсээр нэгэн хүүгийн дэргэд ирлээ. Тэгснээ гэнэт тэсэхийн аргагүй даарч, дагжин чичрэхийн хэрээр:
- Би харимаар байна, даараад байна гээд л өөрийн эрхгүй асгартал уйлж гарав. Тийнхүү уйлж байтал нөгөө хүү хоёр гараа хооронд нь үрж үрж байснаа Чимгээгийн хацрыг дулаацуулан гунигтай ч гэмээр харцаар харснаа:
- Миний дүү, тэсээрэй. Хоёулаа удахгүй гэртээ харина аа. Гэхдээ одоохон. Эхлээд ах нь талхны мөнгө олох хэрэгтэй байна, битгий уйлаарай за юу гэж аргадангуй хэлээд:
- Сайхан сэтгэлт хүмүүс минь, буяныг бодож арав таван төгрөг хайрлаач, харин би танд дуу дуулж өгье:
...Амьдралаа би чамд хайртай
Аа аа, амьдралаа би чамд... гээд л дуулж эхлэхэд Чимгээ хэзээ нэг цагт хаа ч юм бэ яг энэ л дуу хоолойг яах аргагүй сонсож байсан шиг санагдана. Тэгээд дагжин чичрэхдээ гараа амандаа хүргээд хажуу тийш харвал өндрөөрөө өөртэй нь чацуу шахуу хэмжээтэй хуучирч салмарсан цаасан хайрцаг дотор хүмүүс элдэв янзын хир буртаг болсон цаасны хог хаягдлууд шидлээд л яваад байв. Гэхдээ тийм муухай юмаа хаяж байгаа мөртлөө цаанаа л нэг сэжиглэнгүй ч гэмээр, зарим нь бүр харамлаж байна уу даа ч гэмээр буруу харан байж шидчихээд хурдхан явж одох нь хачин. Харин хацрыг нь дулаацуулсан нөгөө хүү нэг л танил санагдахад Чимгээ яаж ч хичээгээд саяхан эрүүл саруул явсан бодит амьдралд нь гуйлга гуйж тааралдсан тэр хүүг таньж чадсангүй. Тэгж байтал үгүйлшгүй ихээр өлсөж цангахад Чимгээ жижигхэн бор гараараа хайрцагтай хог руу өөрийн эрхгүй сарвайлаа. Энэ үед гуйлга гуйж зогссон хүү:
- Ингээд ид миний дүү, за май гээд найрсгаар инээмсэглэн хогноос атга атгаар нь авч өгөв. Чимгээ сая л тэр хүүг бүдэг бадаг санах шиг боллоо. Тэгээд зогтусан хайрцаг руу хог шидэх хүмүүсийг нэг бүрчлэн ажвал бүгд л хаа ч юм бэ тааралдсан танил царайнууд. Тийм ээ, тэд яах аргагүй түүний дэмжигчид, хамтран ажилладаг ивээн тэтгэгч, найруулагч, найз нөхөд, дууг нь сонсох дуртай шүтэн бишрэгчид нь байх юм. Хачирхалтай нь тэд Чимгээг огт таньсан шинжгүй. Бүсгүй юу ч ойлгохоо байж гагцхүү өлсөхгүйн тулд өнөөх хайрцагтай хог цааснаас идэж эхлэв. Хэсэг зажлаад үзвэл амттай ч юм шиг санагдахад бүр ч амтархан үмхэлж гарлаа. Хүмүүсийн хиртэй гараараа базсан цаасыг ухаан мадаггүй хоёр гараараа ам руугаа чихэн хацраа бумбайтал дүүргэн зажилж байтал гэнэт нэг хүн гарыг нь барьж зогсоогоод:
- Миний дүү, ийм муухай юм идэхээ боль, наадах чинь хүмүүсийн шуналын хир шингэсэн мөнгө. Ахад нь байхгүй л дээ. Ямар ч мөнгө алга. Гэхдээ май, энэ миний СЭТГЭЛ гээд гараа сарвайхад нь харвал алган дээр нь алим байлаа. Тэр том гарыг дагуулсаар дээш харвал жолооч Тамираа дотно зөөлөн харцаар түүнийг энэрэн харж байв. Чимгээ үнэхээр их өлсөж даарч байсан учир тэрхүү алимыг чичирсэн гараараа аваад идэхээр завдтал хэн нэг нь Тамирааг зандчин загнасаар авч одох үед өнөөх гэрэл дахиад мэлсхийтэл туслаа. Нүд нээхийн аргагүй гялбасан их гэрэлд арайхийн сормуусаа цавчсаар нүдээ нээвэл эмнэлгийн өрөөнд эм дусал залгаатай байх агаад эмч нар нааш цааш гүйлдэн сандралдаж байх нь тэр. Дуучин бүсгүй үг хэлмээр байвч ямар ч тэнхэл алга.
Харин мөнөөх гуйлга гуйж зогссон хоёр жаал осол гарах үед хамгийн түрүүнд ойролцоох эмнэлэг рүү гүйж тусламж дуудсаны ачаар Чимгээ одоо энд байгаа билээ. Тэд орой болгон дээвэр дээр нь гарч өдөржин дуулж байж олсон мөнгөө тоолдог эмнэлгийн харалдаах байшин дээрээс бүсгүйн хэвтэж буй өрөөний цонх руу анхааралтай харж байснаа:
- Хараач, тэр эгч нүдээ нээсэн, сэргэчихлээ шүү дээ. Тийм ээ, ямар гоё вэ, бид хоёр тэр эгчийг аварчихлаа гээд алгаа ташиж, үсрэн дэвхцэн баярлацгааж байлаа.
/“Шувуутай цүнх” өгүүллэгийн түүврээс/
МЗЭ-ийн Г.Сэр-Одын шагналт
Энхбаатарын ҮРЖИНХАНД
