Хүн бүрт хийх шаардлагатай ч хийхийг хүсэхгүй ажил гэж байдаг болов уу. Дургүйд хүчгүй гэгчээр тухайн ажлыг хийх гэхээр таны санаанд нэг л нийцэхгүй, барьж авч чадахгүй л байна уу. Тэгвэл бид танд хиймээргүй байгаа ажлаа хэрхэн эхлүүлэх талаар зөвлөгөөг хүргэе.
1.Тухайн даалгаварыг хуанли дээрээ төлөвлө
Цаг хугацаа хангалттай байгаа гэж үзсэн үедээ хүн илүү анхааралтай, бүтээмжтэй ажиллаж чаддаг. Тиймээс богино хугацаанд яарсан шийдвэр гаргаж аливаа даалгаврыг гүйцэтгэхийн оронд хуанли дээрээ тэмдэглэж, төлөвлөсний дараа даалгаврыг гүйцэтгэх нь илүү хялбар байдаг юм.
“Өглөө бүр өглөөнийхөө цайг уусны дараа би хийх ёстой ажлын төлөвлөгөөгөө харж, цахим шуудан ирсэн эсэхийг шалгадаг: Харин дараа нь хийх ёстой ажлуудаа хуанли дээр боломжоороо төлөвлөдөг”. Жастин Пот, сэтгүүлч, блогер
Мэдээж хийх ажлын төлөвлөгөө жагсааж бичих нь муугүй зүйл ч хуанли ашиглах нь илүү тохиромжтой. Алдартай бизнесменүүд, хэт их ачаалалтай хүмүүс хуанли хөтлөх аргыг сонгодог бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд хангалттай мэдээллийг өгч чаддаг байна. Ажлын жагсаалтыг харснаар та тухайн ажилд хэдэн өдөр, хэдэн цаг зарцуулсан, эсвэл тухайн ажлыг гүйцэтгэхэд ямар хугацаа үлдсэн талаар мэдэхгүй болно. Харин хуанли-гаас та бүхнийг харах боломжтой.
Энэхүү арга барил нь 2 давуу талтай. Нэгдүгээрт, цаг хугацааг нөөц гэж харах боломжийг олгохоос гадна ирээдүйд хийх ёстой ажлыг тань харуулах юм.
2.Ажлынхаа төлөвлөгөөнөөс бусадтай хуваалц
Бид өөрөө өөртөө маш гайхалтайгаар худал хэлж чаддаг. Жишээлбэл: би эхлээд сонирхолтой кино үзчихээд, харин дараа нь ажлаа хийе хэмээн өөртөө маш амархан итгүүлдэг. Гэвч эхний сонирхолтой киноны араас ээлжит сонирхолтой бичлэг, сонирхолтой кино гэж үргэлжилсээр цаг хугацааг бид ямар ч хэрэггүй зүйлд зарцуулсан болохоо ойлгодог.
Харин эргэн тойрны хүмүүсийн хувьд энэ аргыг ашиглах боломжгүй. Тиймээс ажлын хамтрагч эсвэл өөрийнхөө итгэдэг хэн нэгэнд өнөөдөр заавал хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулаарай. Таныг хянаж, төлөвлөсөн даалгавраа гүйцэтгэхгүй байгаа тохиолдолд танд сануулахыг тэднээс хүсээрэй. Эцэст нь гэж хэлэхэд тухайн ажлыг хойшлуулах талаар өөртэйгөө ярих нь илүү амар байдаг бол бусдаас “чи юу ч хийсэнгүй юу” гэж сонсох нь тийм ч таатай биш гэдэгтэй та санал нэгдэж байна уу?
3.Хамгийн таагүй зүйлээсээ эхэлж ажлаа гүйцэтгэ
Одоог хүртэл дургүй ажлаа хийх зориггүй л явна уу? Тэгвэл үүнээс ч илүү таагүй, тогтмол хийгддэг уйтгартай даалгаврыг олоод уг даалгавраа хэсэг хугацаанд хийгээд үзээрэй. Хэсэг хугацааны дараа та өөрөө өмнө нь орхисон ажлаа хийх хүсэл эрмэлзэлтэй болох болно.
“Хамгийн дургүй зүйлээ хийгээд үз. Үүнд: цэвэрлэгээ, төдийлөн онцгой бус бусад ажил гэх мэт. Энэ төрлийн ажлын хажууд үндсэн ажил тань танд үнэхээр сонирхолтой санагдаж эхэлнэ”,-Зохион бүтээгч, Питер Малмгрен
Цэвэрлэгээ – хийх хүсэлгүй байгаа ажлынхаа дундуур хийхэд хамгийн тохиромжтой ажил. Учир нь цэвэрлэгээ хийхэд онцгой анхаарал, чадвар шаардагдахгүй билээ. Хэрвээ та дургүй ажлаа хийхээс өөр аргагүй гэдэгтэй эвлэрч байвал эхлээд бүх ажлаа хойш нь тавьж, бага зэрэг өөрийгөө саатуулах ажил хийгээрэй.
Ингээд та тухайн ажлыг илүү эрч хүчтэйгээр сонирхолтойгоор хийх болно. Гэхдээ хэтрүүлэн хийх хэрэггүй гэдгийг санаарай. Эс тэгвээс та бүтэн өдрийг хэрэггүй зүйлд зарцуулах юм.
4.Аливаа даалгаврын учрыг 5 минутад олно гэж өөртөө амла
Хэдийгээр та гайхалтай зүйлийг төлөвлөж байгаа ч тухайн зүйлийг эхлүүлж чадахгүй л байна уу? Тэгвэл та уг даалгаврынхаа асуудлыг 5 минутын дотор л шийдвэрлэнэ гэж өөртөө амлаарай.
Ширээнийхээ ард сууж, цагаа 5 минутын хугацаатай тавьж юунд ч анхаарал сарниулахгүйгээр ажиллах хэрэгтэй юм. Хажуугаар нь өөр даалгавар амжуулна гэж санасны ч хэрэггүй. Ямар нэг даалгаварт тавхан минут анхаарал хандуулах гэдэг тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Хамгийн гол нь ийнхүү 5 минутыг зарцуулахад л та дараа нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй болоход оршино.
Хэрвээ танд 2-оос доош минутын хугацаанд хийж дуусгах боломжтой ажил байгаа бол яг одоо хий. Жижиг ажлуудыг тэр дор нь шийдвэрлэх чадварт суралцаарай. Энэ тохиолдолд жижиг ажлууд таны хийх ёстой ажлын жагсаалтад зай эзлэхгүй.
