solongonews
Маргааш Луут завины баяр тохионо
2022-06-02 10:56
Луут завины баяр энэ жил аргын тооллын 06-р сарын 03-нд тохиож байна.

Жил бүрийн билгийн тооллын 05-р сарын 05-нд болдог Хятадын уламжлалт Луут завины баяр энэ жилийн хувьд аргын тооллын 06-р сарын 03-нд тохиож байна. Хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэн энэхүү баяр мөн Цагаан сар, Ханш нээх өдөр, Намрын дунд сарын 15 буюу Тэргэл сарны баяр нь Хятадын дөрвөн их уламжлалт баяр хэмээгддэг бөгөөд эдгээр баяраар Хятадад бүх нийтээрээ амардаг.

Луут завины баяр

Луут завины баярыг тэмдэглэх болсон түүх нь Байлдаант улсын үеийн Чү улсын төрийн их түшмэл Чюй Юаньтай холбоотой. Тэрээр мөхсөн төрийнхөө төлөө эмгэнэн, мөрний усанд харайж, амиа егүүтгэсэн бол ихэд гашуудсан иргэд түүний бие цогцсыг загасны хоол болгохгүйн тулд навчинд будаа ороож, гол руу хаяж байсан гэлцдэг. Үүнээс хойш жил бүрийн билгийн тооллын 05 дугаар сарын 05-нд Луут завины баярыг ард нийтээрээ тэмдэглэх болжээ.

Луут завиар уралдах зан үйл

Уламжлалт зан үйлийн хувьд нутаг нутагт өөр өөрөөр тэмдэглэдэг ч ихэвчлэн навчинд боосон будаа идэх, луут завиар уралдах, үд дундын нарнаар ус авах, мөн өглөө эртлэн босож ууланд авиран нар гарахаас өмнө морин агь түүж, гэрийнхээ үүдэнд өлгөх гэх мэт зан үйлүүд хийдэг.

Навчинд боосон будаа буюу "Жүнз"

2006 оны 05 дугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс Луут завины баярыг үндэсний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, 2008 оноос эхлэн үндэсний хэмжээнд нийтээр амрах баярын өдөр болгон зарласан байдаг. 2009 оны 09 дүгээр сард НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас тус баярыг “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д оруулахыг албан ёсоор баталсан бол энэ нь дэлхийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн Хятадын анхны баяр наадам болжээ.

Хаалган дээрээ морин агь өлгөх заншил

Найруулагч: С.У
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл