Хэдэн хоногийн турш эмнэлгээр эргэлдэн, үзлэг, эмчилгээнд хамрагдсан иргэдтэй уулзан танилцах, эмч нартай ярилцахын дашрамд хоёр орны ард түмний сэтгэл зүрхний бат бэх холбоосыг мэдрэн, баярласан талархсан сэтгэлийн халгианаас аз жаргал амтлан явлаа.
Хүнд хорвоог харах мэлмий нээхээс илүү сайхан зүйл байхгүй
“Гэрэлт аялал” нийгмийн халамжийн арга хэмжээ одооноос дөрвөн жилийн өмнө буюу 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд тус арга хэмжээний хүрээнд нийт 20 мянга гаруй иргэнд нүдний болор солих хагалгааг үнэ төлбөргүй хийж өгсөн байна.
2018 оны 05 дугаар сараас “Бүс ба зам- Гэрэлт аялал” төслийн Монгол Улс дахь аяллын арга хэмжээг хэрэгжүүлж эхлэн, тухайн жилдээ Монгол Улсын нүдний болор цайх буюу нүдэнд цагаа унах өвчтэй 109 иргэнд үнэ төлбөргүй хагалгаа хийж өгснөөр улсын дотоод, гадаадад маш сайн үр нөлөө бий болгосон байна. Энэ жилийн хувьд Монгол Улсад хоёр дахь удаа зохион байгуулж байгаа юм байна.
Энэ сарын 26-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотод байрлах Цэргийн төв эмнэлэгт болсон ““Бүс ба зам- Гэрэлт аялал” төслийн Улаанбаатар хот дахь аялал” арга хэмжээний нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын нүдэнд цагаа унах өвчтэй иргэн Л.Цэрэндулам тус хөтөлбөрийн хүрээнд амжилттай эмчлүүлсэн бүх иргэдийн нэрийн өмнөөс үг хэлж, баярласан талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.
Тэрээр зүгээр л баяр талархлын үгийг цаасан дээр урсган бичиж, урстал уншсангүй. Харин өөрөө санал өгч үг хэлэхээр болсон тэрээр өөрийнхөө чин сэтгэлийн талархлаа үгээр илэрхийлэхийн аргагүй уяран хайлж, тэнд байсан бүх хүмүүс, ялангуяа хөтөлбөрт хамрагдсан өвчтөнүүд, эмч ажилтнуудыг уяраасан юм. Түүний урианы дагуу эмчлүүлсэн бүх иргэд, тэдний гэх бүлийнхэн суудлаасаа босон, алгаа ташиж зогсох нь үнэхээр сэтгэл догдлуулж байсан билээ.
Л.Цэрэндулам:
- Өвөр Монголын Улаан Загалмай, Монгол Улсын Улаан Загалмай хамтран “ Бүс ба зам- Гэрэлт аялал” төслийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод явуулж байна гэж сонсоод 06 дугаар сарын 23-нд энэхүү арга хэмжээнд хандан, нүдний болрын хагалгаанд амжилттай орлоо. Үйлчилж байгаа хүмүүс нь хөнгөн шуурхай, сайхан сэтгэлтэй, хүнд үйлчилж сурсан хүмүүс байна лээ. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Баянзүрх, Сонгино хайрхан дүүрэг, төв аймаг зэргээс нийт 890 гаруй хүнд үзлэг хийж 100 орчим хүнд нүдний хагалгаа хийж өгсөн гэж байна. Бид бүгдийн хорвоог харах мэлмийг нээсэнд хачин их баярлаж байна. Элэг нэгт Өвөр Монголчууд маань Монголын ард түмний төлөө үнэхээр их сайхан сэтгэл гаргаж тусалсан. Хүнд хорвоо харах мэлмий нээхээс илүү сайхан зүйл хаана байх вэ, таван жилийн турш олон зуун хүнийг хорвоо харах нүдтэй болгох төсөл хэрэгжиж байгаа юм байна.
Нүдэнд цагаа унах өвчнөөр хэдэн жил шаналж байсан бидэнд хорвоог дахин харуулсан та бүхэндээ маш их баярлалаа. 100 хүний нүдийг нээж хорвоогийн нар харуулснаар зуун гэр бүлд баяр жаргал авчирлаа. Энэ арга хэмжээнд шударга энэрэнгүй сайхан ажилласан Хятадын Улаан Загалмай, Өвөр Монголын Улаан Загалмай, Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн хамт олонд маш их баярлалаа. Бид мартахын аргагүй, үгээр хэлэхийн аргагүй баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Би өнөөдөр энд суугаа олон зуун хүний төлөөл болж үг хэлж байна. Энэ жил би далан настай. Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа юм байна. 70 өнгийн ажил зохиогдож байгаа юм байна. Яг энэ үеэр би сайхан нүдтэй, миний найз нөхөд сайхан нүдтэй, дараагийн дөрвөн жилд дахиад мянган хүн нүдтэй болно. Ямар сайхан бэ, та нарын буянд баярлаж байна. Хоёр орны найрамдалт харилцаа улам бэхжих болтугай гэж хэллээ.
Монгол эмч нарын үнэгүй үзлэг, оношилгоо Монголын ард түмэнд хүрлээ
ӨМӨЗО-ы Гадаад харилцааны алба, ӨМӨЗО-ы Эрүүл мэндийн зөвлөлөөс санаачлан, Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн хорооноос гүйцэтгэн зохион байгуулсан “ “Эрүүл мэндийн аялал” Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн монгол эмч нарын үнэгүй үзлэг эмчилгээ” арга хэмжээ 06 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотоос гадна, Хөвсгөл аймагт үнэ төлбөргүй үзлэг хийнэ. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Хөвсгөл аймгийн ерөнхий эмнэлэгт үнэ төлбөргүй үзлэг хийх үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд Хөвсгөл аймгийн хөдөө орон нутгаар явж, малчдад үзлэг хийж өгсөн байна.
Тус арга хэмжээний дагуу 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хийсэн үзлэгийн үеэр ӨМӨЗО-ы дарга Бү Шяолинь биечлэн хүрч, арга хэмжээтэй танилцсан байна.
06 дугаар сарын 27-ны өдөр тус эмчилгээний баг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлэгт үнэгүй үзлэг хийж, ахмад настан, нялхас, эрэгтэй, эмэгтэй гээд хандсан бүх хүмүүст туслахаар амралт чөлөөгүй хичээн ажиллаж байхад нь бид очсон юм.
Коридороор дүүрэн хүмүүс дугаарлан хүлээж байхыг харахад хоёр орны иргэдийн харилцан итгэлцэл ийм л байдаг байх нь гэж эрхгүй бодлоо.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлгийн дарга Анхтуяа:
- Манай эмнэлэгт Баянзүрх дүүргийн 9, 17, 19, 24 дүгээр хорооны үйлчлүүлэгчид үйлчлүүлдэг. Энэ үзлэгтээ 300 хүнийг бүртгүүлж авсан. Ийм үзлэг болж байгаад бидний хувьд, манай эмнэлгийн хувьд, хорооллын иргэдийн хувьд маш их баяртай байгаа. Яагаад гэвэл манай энэ хороолол зуун хувь гэр хороололд байдаг. Эмзэг бүлгийн иргэд олон, өвчлөл өндөр. Өвөр Монголоос ирсэн чадварлаг эмч мэргэжилтнүүд газар дээр нь ирж, гэрийнх нь дэргэд эмчилж байгаад сэтгэл хангалуун байна. Ард иргэд маань маш их баярлаж талархаж байна гэж ярилаа.
Тэнд ирж үйлчлүүлсэн хүн бүрийн сэтгэл баяр талархлаар дүүрэн байсан юм. Сэтгүүлч биднийг хараад их л идэвхтэй бодол сэтгэгдлээ хуваалцаж байхыг харахад бусдын ачийг сэтгэлдээ хэзээд санаж тээж явдаг Монголын ард түмнээр бахархах сэтгэл төрсөн юм.
- Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож сайхан сэтгэгдэл төрлөө. Түргэн, шуурхай үзлэг хийж буй эмч нар, ажилтнуудад маш их баярлалаа гэж үйлчлүүлэгч Отгонцэцэг ярив.
- Өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулалт сайтай, бүх эмч ажилтнууд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байгаад баяртай байна. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье гэж үйлчлүүлэгч Н.Баярням сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
- Энэ өдөр эмнэлэгт ирж, их сайхан үзлэг үйлчилгээ авлаа. Хөнгөн шуурхай, зөв боловсон үйлчилсэнд баярлаж байна. Эелдэг сайхан харьцаатай эмчилгээний багийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье гэж үйлчлүүлэгч Х.Янжиндулам ярилаа.
“Өвчингүй бол жаргал, өргүй бол баян” гэдэг монгол ардын хэлц үг бий. Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярын хүрээнд зохиогдсон ард иргэдийн эрүүл мэндийн төлөөх ийм сайхан буянтай үйл ажиллагаанууд нь хөрш орны иргэдийн сэтгэлд хүрч, хоёр орны ард иргэдийн сэтгэлийн холбоосыг бэхжүүлэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ирээдүйд ийм буянтай үйл ажиллагаа илүү олон зохиогдож, хоёр орны найрсаг харилцаанд хувь нэмрээ оруулах болно гэдэгт мөн итгэлтэй байна.
