solongonews
Шилийнголын төлөөлөгчдийн баг Монгол Улсад айлчиллаа
2017-09-07 16:40
Шилийнгол аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга Лүө Хүзайгаар ахлуулсан Шилийнгол аймгийн хошуу засгийн удирдлагаар төлөөлүүлсэн төлөөлөгчдийн баг 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотод айлчиллаа.

Төлөөлөгчдийн багийг УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин, Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн бүртгэлийн газрын дарга Ч.Нармандах, Гадаадын иргэн харьяатын газрын Боомт, орон нутгийн хэлтсийн дарга Л.Батсүх, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга н.Болор, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан, Монгол Улсын Байгаль Орчин Аялал жуулчлалын яамны мэргэжилтэн халуун дотноор угтан авч уулзалт ярилцлага зохион байгуулсан юм.

Уг уулзалтын үеэр Шилийнгол аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга Лүө Хүзай Шилийнгол аймгийн талаар танилцуулж, Монгол Улсаас гадаад харилцаа, аялал жуулчлал, боомт, хилийн бүс нутаг, чөлөөт арилжааны бүс зэрэгт боловсруулж байгаа бодлоготой танилцан, аялал жуулчлал, соёлын салбарт хамтран ажиллах тухай санал бодлоо дэлгэжээ.

Эрээн хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Тянь Юн энэ үеэр илэрхийлэхдээ: - Хилийн бүс нутгийн аялал жуулчлал, цайны замын аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлж, хилээр өнгөрөх баримт бичиг, визний асуудлыг хурдан шуурхай шийдэж, хоёр орны соёл аялал жуулчлалын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ: - Монгол Улс нь ӨМӨЗО-ны Шилийнгол аймагтай хоёр боомтоор хиллэж байгаа бөгөөд БНХАУ-ын Эрээн хот, Бугат хоттой найрсаг хотын төсөлд хамтран ажиллаж байна. Бидний хамгийн гол зорилго бол хөрш улсуудтайгаа, мөн хөрш улсуудын хотуудтайгаа найрсаг харилцаатай байх явдал болно гэв.

Шилийнголын төлөөлөгчдийн баг долоон өдрийн хугацаанд Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг, Хэнтий аймаг, Дорноговь аймагт айлчлан тухайн орон нутгийн удирдлагуудтай уулзаж, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал бодлоо солилцох юм байна.

Энэхүү уулзалт дууссаны дараа төлөөлөгчдийн баг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминтай уулзсан байна.

 

Зохиогч: Бэлтгэсэн: С.Саранчимэг, М.Банди
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл