solongonews
В.Давшилт “Гангын урсгал”-ыг хичээнгүй тигээр сийрүүлж монгол уран бичлэгийн баян санд бас нэгэн үнэт өв нэмлээ
2018-10-17 10:18
В.Давшилт “Гангын урсгал”-ыг хичээнгүй тигээр сийрүүлж монгол уран бичлэгийн баян санд бас нэгэн үнэт өв нэмлээ.

Монгол уран бичлэгийн баян санд олон эрдэмтэн мэргэд уран бичлэгийн бүтээлийн дээжээ өргөсөөр байгаа нь бахархалтай бөгөөд магтууштай. Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Сурган хүмүүжлийн товчооны заах арга судлалын тасгийн В.Давшилт энэ жил цаг зав гаргаж байж үзэмчин гүн Гомбожавын зохиосон “Гангын урсгал” номыг 2 сар гаруйн хугацаанд монгол уран бичлэгийн хичээнгүй тигээр сийрүүлж, монгол уран бичлэгийн бас нэгэн эрхэм үнэт бүтээл мэндэлсэн байна.

Гомбожав гүнгийн зохиосон “Гангын урсгал”-ын уг нэр нь “Чингис эзний алтан ургийн түүх канкийн урсгал нэрт бичиг оршив” болно. 1725 онд зохиогдож, гол төлөв монгол хаад ба ноёдын гол угсааны уламжлалыг он дараалан бичжээ. Уг бичгийг “Анхны бүлэг” болон “Нөгөө бүлэг” гэж хоёр хуваасан байдаг.

В.Давшилт гуай “Гангын урсгал”-ын монгол уран бичлэгийн бүтээлээ сийрүүлэхдээ монгол уран бичлэгийн хичээнгүй тигээр хуулбарлан бичжээ. Бүтээлийн уртын хэмжээ 33 метр, өргөний хэмжээ 70 сантиметр бөгөөд үсгийн тоо 30 мянга гаруй аж.

1981 онд Шилийнгол аймгийн багшийн сургуулийг дүүргэж, тухайн жилдээ багшаар ажлын гараагаа эхэлж, хэл бичиг, дуу, тамир зэрэг төрөл бүрийн хичээл заадаг сурагчдын хайртай багш болжээ. Хожим нь 1993 оны 10-р сард сургуулийн багшаас хошууны сурган хүмүүжлийн товчооны заах арга судлалын тасагт ажил шилжсэнээрээ одоог болтол ажлын байрандаа зүтгэсээр байгаа билээ. Багш хүн мянган эрдэмтэй гэдгээр В.Давшилт гуай ямар ч ажилд зуун хувийн хөдөлмөр зүтгэл гаргадаг бөгөөд чадахгүй зүйлээ заавал чадаж мэдэхийн тулд үзүүрт нь гартал зүтгэдэг нэгэн.

Түүний уран бичлэгийн хувь барилдлагыг ярихад нэг их холгүй 2004 оны учир юм. Сурган хүмүүжлийн товчооноос нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах болж, хөндлөн хөшгөн дээр үйл ажиллагааныхаа хэдэн үгийг уран бичлэгээр бичих болжээ. Тухайн үед товчоонд уран бичлэг бичдэг хүн байгаагүй болохоор аргагүй гаднаас уран бичээч залж бичүүлэх хэрэг болжээ. Энэ үед В.Давшилт гуайн багш түүнд: - Хэдэн үсгийн төлөө бас гаднын хүнийг гуйж байхаар та нар шиг залуу хүмүүс уран бичлэг сурч болдоггүй юм уу гэж олон хүмүүсийн өмнө үг идүүлсэн түүний нүүрэнд тулсан гэдэг. Энэ л явдлаас болоод В.Давшилт гуай Баошань, Баянхүү, Бай Бөхөө зэрэг алдарт уран бичээчдийн уран бичлэг, ном дэвтрийг нь цуглуулан, чөлөө зав гармагц л уран бичлэг бичдэг болжээ. Хэдэн хүн ажилладаг албан тасалгаанд уран бичлэгээ бичиж давтана гэдэг хангалттай орон зай биш байв. Тэрээр арга бус албан газрынхаа нэг буланд бичгийн жаахан ширээ тавиад л аргалж бичнэ. Амьдардаг газраа мөн адил. Тэрээр: - Гэрийнхээ хагасаас илүү зайг би эзлээд л авсан гэнэ. Нөхцөл боломж барагтай байдаг ч сурахыг хичээсэн үнэн зүрх цохилж байсан учир түүний уран бичлэгийн хэв удахгүй дээшилж ирсэн байна.

Хамт ажиллагсад нь түүнийг дагаад уран бичлэг сурдаг болсон төдийгүй уран бичлэг бичүүлэхээр ирдэг нь В.Давшилтын хувьд нэг ёсны олзуурхал байлаа. “Миний уран бичлэгийг голохгүй байгаа нь сайхан байна” гэж ярина. Хүн гуйвал бичиж өгсөөр одоо маш олон хүнд өөрийн уран бичлэгээ үнэ төлбөргүй хүргэсэн байна. Тэрээр орон аймгийн хэмжээний уран бичлэгийн маш олон уралдаан тэмцээнд оролцож, шагнал хөхүүлэл тоссон байна. Энэ жилийн 04-р сард тэрээр Өвөр Монголын Тариалангийн Их Сургууль дээр Хятад улсын хэмжээний уран бичлэгийн сургалтад оролцож, 20 хоног суралцсан нь түүнд маш дурдатгалтай явдал болсон бөгөөд маш олон уран бичээчтэй нүүр учран золгож, уран бичлэгийн мэргэжил боловсролоо нэг алхам дээшлүүлэн ахиулсандаа сэтгэл хангалуун байлаа.

Үзэмчин хүн Гомбожавыг ярихад нэгэн үеийн алдарт соён гэгээрүүлэгч, түүхч эрдэмтэн байлаа гэдэг. Нутгийнхаа энэ их хүний эрдэм чадлыг нь биширч, үр хойчдоо тэмдэглэж үлдээсэн аугаа их бүтээл болох “Гангын урсгал” номыг өөрийн чадлын хэмжээнд монгол уран бичлэгээр сийрүүллээ. Энэ жилийн 03-р сараас эхлээд 05-р сард дууссан гэж В.Давшилт гуай ярилаа.

“Гангын урсгал”-ын уран бичлэгийн бүтээлээ сийрүүлж дууссаны дараа В.Давшилт гуай нэг царддаг машин авч, эхнэрийн хамт тус бүтээлээ торгоор дэвсгэрлэж, угалз хээ чимэгтэй урлагийн сайхан бүтээл болгож цардсан байлаа. Цардах ажил нь бичиж сийрүүлэхээсээ илүү хүнд бөгөөд цаг их ордог гэдгийг В.Давшилт гуай ярьж байсан юм. Тус бүтээлээ Зүүн Үзэмчин хошууны музейд нэг долоо хоног дэлгэн үзүүлээд нухчиж элэгдэхээс болгоомжлон гэртээ авч хадгалжээ.

В.Давшилт гуай хожим ирээдүйн ажлын төлөвлөгөөгөө ярихад тухтай нэг байр олж түрээслээд, тусгай уран бичлэгээ оролдож сууна гэж байлаа. “Гангын урсгал” хэмээх уран бичлэгийн үнэт бүтээлээ бүтээж хожим Гамлын шүлэг, “Хөх судар” зэргийг монгол уран бичлэгээр сийрүүлж, олон түмэндээ толилуулах хүслээ сурвалжлагын төгсгөлд ярьсан билээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл