Амьсгал авахад булчингийн тонус нэмэгддэг, гаргахад тонус буурч булчин сулладаг гэсэн физиологийн зүй тогтол дээр энэхүү дасгал үндэслэгдсэн юм. Амьсгал ба бие суллахын хооронд бат бэх холбоо тогтоож өгснөөр биеэ бүрэн суллах үйл явцыг удирдах боломжтой болно.
Зөөлөн сандал, буйдан дээр аль болох тухлан сууна /хэвтэнэ/. Нүдээ аниад амьсгалаа анхааран сайтар чагна. Чагнаж байхдаа амьсгалынхаа хэмнэл, гүнийг мэдэр. Ингээд баруун гар дээрээ бүх анхаарлаа төвлөрүүл. Баруун гар чинь амьсгалын хэмнэлээр амьсгалж байгааг мэдэр. Гар дээр чинь агаар орж бас гарч байдаг олон жижиг сүв байна гэж төсөөл. Амьсгаа гаргах болгонд тэр сүвүүдээр агаар хэрхэн гарч байгааг төсөөлөн мэдэр. Энэ үед төрж байгаа мэдрэмжүүдээ нягтлан анхаарлаа тогтоож ав.
Энэ дасгалд өдөрт 3-5 минут зарцуулахад л хангалттай. Хэрэв хэд хэдэн удаагийн дасгалын дараа баруун гарын сарвууг богино хугацаанд суллаж чадаж байвал баруун гарын булчинг бүхэлд, дараа нь зүүн гарын булчин, дараа нь хөлийн булчин, дараа нь нурууны булчин, дараа нь хүзүүний булчин, нүүр гэж аажмаар явсаар бүх биеэ амьсгалаараа дамжуулан суллаж сурна. Ингэхдээ амьсгалах үед агаар чөлөөтэй “орж, гарахгүй” байгаа хэсгүүдэд онцгой анхаарал хандуулан биеийн бүх хэсгийн “сүвээр агаар чөлөөтэй орж гардаг” болоход илүүтэй анхаарал тавина.
