
2016 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 19:55 цагаас 20:30 цаг хүртэл Улаанбаатар хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан байна.
Энэ үеэр ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, “Буян”ХХК-ний зүүн талын автозамуудад ус ихээр нэмэгдсэний улмаас иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон газар доорхи давхаруудад ус их орж автомашинууд усанд автсан зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.
Цаашид 29-ний өдөр түр зуурын бороо орж, 30-ны өдрөөс өдөртөө 31-35 хэм хүртэл халах урьдчилсан төлөвтэй байна.
- Нийслэл хотод болсон үерийн аюулын хор уршгийг арилгах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах ангиудын бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүнийг 20:45 цагт “Яаралтай цуглар“ дохио өгч цуглуулан бэлэн байдлыг ханган ажиллажээ.
- Нийслэлийн Онцгой байдлын газарт дэд дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатараар ахлуулсан “Үерийн аюултай тэмцэх” шуурхай ажлын хэсэг байгуулагдан дүүргүүдэд үүссэн нөхцөл байдлын мэдээг авч байсан байна. Мөн цаашид хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах байцаагч нарт болон нийслэлийн Гамшгаас хамгаалах Үерийн аюултай тэмцэх, Хэв журам сахиулах, Усаар хангах, Дулаанаар хангах, Орон сууцны албадууд өгч бэлэн байдлыг хангуулсан байна.
- Ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээ авч холбогдох албад болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд хүргүүлжээ. Мөн Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөр дамжуулан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨҮГ, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын техник, хүн хүч хэрэгслийг дайчлан ажиллуулсан байна.
