
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Европын үйл хэрэг хариуцсан зөвлөлийн дарга Дональд Туск, Европын холбооны комиссын дарга Жан-Клод Юнкер нар уулзалтыг даргалан явуулжээ. Хятад Европ хамтын хүчин зүтгэлээр, дүрэмд журамд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалж, олон талт үзлийг санаачлан, чөлөөт худалдааг дэмжих үүрэг хариуцлагатай бөгөөд хоёр талын ажлын хэсгийн механизмыг бий болгож, ДХБ-ын шинэчлэлийн асуудлыг авч хэлэлцэхээр хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн байна. Хоёр тал Хятад Европын хөрөнгө оруулалтын гэрээний жагсаалтыг солилцож, Хятад-Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээ зөвшөөрчээ.

Ли Кэчян: - Өнөөгийн ээдрээтэй олон улсын нөхцөл байдалд, бид олон талт үзлийг хамтдаа хамгаалж, дэлхийн туйлшрал, олон улсын улс төрийн ардчиллыг дэмжих нь дэлхийн энх тайвныг хамгаалахад ашигтай. Бид чөлөөт худалдааг хамтдаа хамгаалах нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг түргэсгэж, саад тотгорыг арилгахад тустай хэмээн уулзалт хэлэлцээний үеэр санал нэгтэй үзсэн гэжээ.

Юнкер: - ЕХ-Хятадын хамтын ажиллагааны нөөц хүчинд би хэзээд итгэл дүүрэн байдаг. Ялангуяа өнөөгийн дэлхийн нөхцөл байдалд, бидний хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй их чухал болсон. Бидний хамтын ажиллагаа бол зайлшгүй хэрэг, Хятад, Европ хоёр талын эдийн засгийн хувь хэмжээг нэмбэл дэлхийн гуравны нэг хувийг эзэлдэг. ЕХ нь БНХАУ-ын худалдааны хамгийн том түнш бөгөөд Хятад улс бол Европын худалдааны хоёр дахь том түнш юм. Бидний хамтын ажиллагаа нь хоёр талын хөдөлмөр эрхлэлтийг бий болгож, хоёр талын хувьд ашигтай төдийгүй хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаанд асар их нөөц хүчинтэй гэдгийг харуулж байна гэжээ.


