solongonews
Уламжлалт соёлын нандин өвөө залгамжилж явах сайхан
2017-04-19 11:24
- Бургасан сүлжмэлийн аймгийн зэргийн Бодисын Бус Соёлын Өвийн өвлөн уламжлагч Хатанбаатарыг онцлоллоо.

 

   Шулуун хөх хошууны Нарт сумын Дуутнуур гацааны малчин Хатанбаатар уламжлалт бургасан сүлжмэл хийх ур мэргэжлээ хаяж орхигдуулалгүй авч явч, үндэстний соёлыг уламжлан залгамжлахад хувь нэмрээ оруулж хол ойрд магтагдан сайшаагдана. Сүүлийн өдрүүдэд сурвалжлагч тэднийд хүрэхэд түүнийг гэрийн ойролцоох хашаанаасаа улаан бургасны намаа хадаж сагс сүлжихээр бэлтгэж буйтай нь тааралдлаа.

Хайлаас бургас найгалзсан манхан нутагт төрж өсөн Хатанбаатар багаасаа аав, ээжийнхээ араг, савар, гал тогооны эдлэл хэрэгсэл хийж хэрэглэхийг харсаар сүүлдээ өөрөө хийж оролдох болж, аажимдаа бургасан эдлэл сүлжих мэргэжилд цагаарсан байна. Түүний бургасаар сүлжиж хийсэн араг, савар, сагс, хасах машины мухлаг ба гар урлалын бүтээгдэхүүн нь нарийн хийцтэй, олон төрөлтэй, бат бэх, цэвэр гоёороо онцлогдож, хүмүүсийн сонирхлыг их татдаг болсон байна. Хатанбаатрын гэрийн дотно, гадна бургасан сүлжмэл эдлэл зүйл олон харагдаж, уламжлалт мал аж ахуйн соёлын охь дээж болсон юм. Тэдгээр зүйлсийг үргэлж үйлдвэрлэл амьдралдаа хэрэглэх нь цаанаа л бахархалтай. Жирийн нэгэн малчин айлын ууган хүү болж заяасан тэр мал унаагаа арчилж, харин зав чөлөөгөөрөө бургасан сүлжмэл хийж ойр зэргэлдээх хот усныхандаа араг сүлжүүлэх гэхэд тэр ямар ч үнэ өртөггүйгөөр сүлжээд өгдөг сайхан сэтгэлтэй нэгэн.

     Тэр бургасан соёлоо олон хүнд таниулж мэдүүлэхийн тулд 2014 онд манай аймгийн дөрөв дэх удаагийн бодисын бус соёлын өвийн хамгаалалтын дэлгэн үзүүлбэр ба Шулуун хөх хошууны бодисын бус соёлын өвийн ухуулгын өдрийн үзүүлэгт араг, савар зэрэг бүтээлээрээ оролцож, харцаа дээш өргөн, мэдлэг мэргэжлээ дээшлүүлж явсан байна.

Хатанбаатар 2016 онд бургасан сүлжмэлийн аймгийн зэргийн бодисын бус соёлын өвийн өвлөн уламжлагчаар нэрийдэгджээ. Одоо тэрээр бургасан сүлжмэлээ үйлдвэрлэл амьдралдаа хэрэглэхийн хамт ойрын хэдэн жилээс өвлөн уламжилж олонд таниулах ажилд зүтгэж иржээ.

Хатанбаатар бургасан соёлоо нэн олон хүнд таниулах зорилгоор өнөө жил 64 модны том араг ба 13 бургасны савар хийгээд гинессинн тэмдэглэлд дэвшүүлэхээр бэлтгэхийн зэрэгцээ нутаг усныхаа үндэстний сургуулиудад бургасан сүлжмэлийн тухай хичээл орж, энэхүү уламжлалт соёлын нандин зүйлсээ өсвөрийн багачууддаа уламжлан залгамжлуулахаар алсын зорилттой сэтгэж явна.

Зохиогч: Оюунгоо
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл