solongonews
Дэлхийг чимсэн дэлгэр наадам
2016-03-23 15:56
Дэлхийг чимсэн дэлгэр наадам

Хурга ишиг майлалдсан төлийн улирал, хурсан цас хайлах урьхан хаврын цаг малчин түмний маань хамгийн их ажилтай улирал билээ. 2016 оны 3 дугаар сарын 3-ний өдөр Өвөр Монголын Урадын дунд хошууны Онгон суурингийн Гөрөмт багийн малчин Ганга гуайнд хөл хөдөлгөөн ихтэй, монгол хуцвас заслаараа гоёсон хол ойрын малчид морьтой, машинтайгаа хүрэлцэн ирцгээлээ.

Урад хурдан морины нийгэмлэг нь адуун соёлоо хөгжүүлэх үүднээс 2013 оноос эхлэн хурдан морины оны манлай шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсэн юм. Баян-Улаан сумын адуучин Жарантай: “Өнөө цагт адуу адуулахад бэлчээр нутаг маш чухал болжээ. Иймээс адуугаа өнөр өсгөх зорилгоор бусдын бэлчээрийг түрээслээд явж байна. Урадын дунд хошуу эртнээс аваад хурдан хүлгийн удамтай сайхан нутаг орон байсан юм. Одоо цагт найр наадам сэргээгдэж байгаа нь сайхан хэрэг, адуун соёлоо бид алдаж болохгүй” гэлээ.

Энэ удаагийн монгол морины 20 км-ын хол зайн уралдаанд Онгон суурингийн Гөрөмт багийн малчин Гангын хүрэн морь, 10 км-ын тоомсог морины уралдаанд тус байгийн малчин Хүдэрийн хээр морь, 7.5 км-ын шүдлэн үрээний уралдаанд Шинэхүрээ сумын малчин Баатарын хээр үрээ тус тус тэргүүлжээ. Үүнээс гадна мянган метрийн хурдан морины хүч залгах уралдаан болон ганган морины шалгаруулалт зэргийг зохион байгуулахаар тогтсон байна. Тус багийн малчин Дэлгэр: “Цагийн сайхан цагаан сар өнгө бэлэгтэй байна. Манай Урад нутаг бол эртний сайхан түүхтэй. Урад түмэн ч монгол соёлоо хадгалж, уламжлан ирсэн сайхан монголчууд юм. Түүхэн цаг үеийн урсгалд хэсэг хугацаанд үндэстнийхээ зан заншлаа орхигдуулж явсан үе бий. Сүүлийн жилүүдээс шинийн золголтоо нөхөн сэргээж, хоорондоо золгох гэвэл суухаас эхлэн ахмад нь дээр талд, дүү нар нь доор талд нь, эмэгтэйчүүд нь зүүн гар талаар, эрчүүд нь баруун гар талаар суух зэрэг уламжлалт сайхан зан заншлаа нөхөн сэргээж байна. Жил бүр ийнхүү зохион байгуулбал улам төгс сайхан, өргөн дэлгэр болох байх гэж бодож байна” гэлээ.

Урадын дунд хошуу гэж хурдан хүлэгтэй нутаг, өнгөрсөн зууны 80-аад онд монгол мориороо улс орныхоо өмнө нь удаа дараалан орж байсан түүхтэй билээ. Гэхдээ хүн амын тооны өсөлт, нутаг бэлчээр тачирхан, адууны ашиг шимийг хөгжүүлж ашиглах талаар дутмаг байгаа зэргээс болоод адууны тоо толгой эрс буурч, зарим сум, багийнхан үндсэндээ адуугүй болсон. Шинэ мянган эхэлснээс хойш адуундаа хайртай хүмүүсийн  халшраагүй зүтгэлийначаар өнөөдөр болоход адуун соёл хөгжлийн замдаа орж, жил бүр адуун соёлд холбогдсон олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдах болсон байна. Үүний зэрэгцээ тэмээн соёл, шинийн золголт, үндэстний хувцас заслаа өвлөж эдлэх, эрийн гурван наадмаа уламжилж хөгжүүлэх зэрэг үндэстний маань уламжилт соёл хөгжиж эхэлсэн байна. “Энэ удаагийн хурдан морины уралдаан болон Урад бууц шинийн золголтыг хамтдаа хийж байгаа нь үр хүүхэд, хойч үедээ заан сургаж, уламжлан хөгжүүлэхийг зорьсон юм. Үндэстний хувцас чимэглэл, тэр тусмаа морь, морины эмээл хазаарын тоног хэрэгсэл, засал чимэглэл, хэт хутга, хөхүүр даалин, алт мөнгөн аяга мэтийн соёлын сайхан зүйлсээ эрхэмлэн дээдэлж, уламжлан дэлгэрүүлж явах хэрэгтэй гэж энэ удаагийн наадмыг зохион байгуулсан Ганга гуай ярилаа.

Унасан морины дөрвөн туурайнаас нь урьдын түүх улбаалж, унаач хүүхдийн уухайлах дуун одот тэнгэрт цуурайтна. Алт, мөнгө, шүр, сувдан гоёл чимэглэлтэй эмэгтэйчүүд олон түмний дунд эрхэмсэг, торгон дээл булгаар гутлаар гоёсон эрчүүд түмний дунд жавхаалаг. Морио гэсэн адуучны магнай тэнүүн, уламжлалт соёлоо гэсэн бидний сэтгэл хангалуун.

Зохиогч: Б.Бөх
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл