solongonews
Амин хайраар дэлхийг уяраасан ээж хайрхан
2018-06-21 15:43
Зуны дунд сарын сүүлээр хөдөө нутагт хонь хайчлах ажил ид өрнөж байлаа. Худгийн захад саяхан хонио хайчилж дууссан нутгийн хэдэн залуус хүйтэн пиво залгилан цангаа тайлж сууна.

Хөдөө нутгийн малчин айлууд ийнхүү айл саахалт хоорондоо туслан ажиллах нь маш энгийн хэрэг бөгөөд ажил хийхэд зугаатай, цаг хэмнэдэг. Ажлын ядаргаа, амны цангааг тайлсан хэдэн залуус сумаар явж, ажилд тусалсан эв найраа архины зоог болгон үргэлжлүүлжээ. Түүний дундаас Батхуяг саяхан цэргээс бууж ирсэн залуу согтсон хэмээр гэртээ харьжээ. Архинд халсантай, омог дээшилсэнтэй угтаж аван загнасан ээжийнхээ өмнөөс урд нь байгаагүй омог зоригтойгоор өндөр дуугаран, хатуу үг сонсгосон байлаа. Хэлгүй, дүлий ч ядар доройхон биш, халуунтай бүлээнтэй эрээн хорвоогийн өмнөөс шазуураа зууж зүтгэж ирсэн ээжийнх нь нүдэнд зайр гүйлгэнэхийг хармагц Батхуягийн зүрхэн тольтод зүүгээр шивэх шиг санагджээ. Амьдралдаа ганц удаа биш ч эцсийн удаа ээжийгээ уурлуулж, гомдоож байгаа гэдгээ тэрээр мэдэж, цээжиндээ бат тогтоосон гэдэг. Энэ явдал одоогоос 4 жилийн өмнөх буюу 2014 оны явдал. Ингэж хүүгээ сургасан ээжийг Гэрэлтуяа гэнэ. Үзэмчин нутагт асрал энэрлийн гайхамшгийг амилуулсан улсын зэрэглэлийн “Хамгийн сайхан гэр бүл”-ийн эзэгтэй, ээж хүн тэр байлаа.

Өөрөө дүлий, хэлгүй мөртөө нөхрөө алдсан бэлэвсэн бүсгүй өнчин хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, хүний зэрэгт хүргэн, адилхан хөгжлийн бэрхшээлтэй, ганц бие бэргэнээ асран, ачлал журмыг гүйцэтгэсэн уярам халгим үлгэр Зүүн Үзэмчин хошууны Самай сумын Хэцүү гуу нарт нутгаас үүсэн, хошуу аймаг, орон улсад дамжин дуурсагдана.

Эрээн хорвоогийн хатуухан “тоглоом”

Наран өндөр байхад бид Самай сумны Мандалт багийн Хэцүү гуу нарт нутгийн Гэрэлтуяагийн сууринд ойртлоо. Хөндий зуугийн налуухан хөвөөнд, нар салхи туулж, он жил элээсэн хуучин навтархай гурван өрөө байшингийн захад хоёр өрөө шинэ тоосгон байшин, малын хашаа саравчны бүтээн байгуулалт сайтай энэ айлыг гаднаас нь харахад цэвэр цэмцгэр мөртөө боломжийн амьдралтай нь харагдана. Хашааны гадна угтсан өндөрдүү хоёр залуутай хоёр гоолиг бүсгүй гарч ирснийг харахад энэ айлын хоёр хүү, бэрүүд байж таарлаа. Хүн бүл олонтой айл байна. Халуун дотноор мэнд ус мэдэлцэж, яриа хөөрөө болж суулаа.

Гэрэлтуяа биднийг баяртай угтан авч байгаагаа гарын дүрслэл /дохисны хэл/-ээр илэрхийлж байсан боловч ойлгож ядсан болохоор хүү Батхуяг нь хэлмэрчлэн бидэнд ойлгуулж билээ. Гэрэлтуяагийн тухай сурвалжлага маань ч хоёр хүүгийн тайлбартай, хараагаа алдсан бэргэнийх гээд бүгдийн яриагаар үргэлжилсэн билээ.

Ирж явахын хорвоогийн орчилд баяр гуниг, жаргал зовлон ээнэгт хосолдог нэгэн жам байдаг. Хүний амьдралыг хэрвээ нар, сүүдэр хоёр талтай байдаг гэж төсөөлөх юм бол амьдрал Гэрэлтуяагийн өмнөх хагас насанд хамгийн харанхуй талаа үзүүлж ирсэн байлаа.


1963 он туулай жилийн өвөл, зулай зулайгаа гишгэлцэн төрсөн ах дүү тавын гуравдугаар нь болж дуу тавин ертөнцөд мэндлэхдээ нас биед нь даамгүй хэцүү зовлон түүнийг хүлээж байгаа гэдгийг нярай балчир Гэрэлтуяа хэрхэн ухаарах билээ. Дуутай, шуутай, инээдтэй, ханиадтай амьдралыг тэр эхээс төрсний дараа 3 жил л эдэлж чадсан байлаа. 3 настай тэр жил нь цагийн өвчин олж өвдөж сандрах үед нь буруу эм хэрэглэснээр сөрөг нөлөө үзүүлж, эмийн хор биед нь шингэж сохор бас дуу хоолойнх нь мэдрэлд нь нөлөөлөн дүлий, хэлгүй болж, насны эрэмдэг зэрэмдэг болгожээ. Энэ нь эрэмдэг хорвоо түүнд тулгасан анхны зовлон байлаа. Хүний буруу гэхийн оронд тэр цаг үеийнхэн алдаа байсан гэвэл таарах болов уу даа. Тэр үед 3 настай байсан нярай хүүхэд зовно гэдгээ хэрхэн мэдэх билээ? Дуудаад ээж ээ гэхэд авиа нь гарч өгдөггүй, сонсохоор ертөнц нэг л дээр чив чимээгүй болоход нь гайхаад л хоцорсон биз, хөөрхий. Тэгэхэд амьдрал юу ч болоогүй юм шиг үргэлжилсээр …

1987 онд ах дүү, садан төрлийн танилцуулснаар нөхөр Хургатайгаа танилцаж, айл болон өөрийн гэсэн амьдралаа эхлүүлжээ. Түүнээс хойш үхрийн хоёр эвэр шиг энхрий хоёр үр нь хойно хойноосоо мэндэлж, түүний энэ насан дахь хамгийн жаргалтай цаг үе, мөн түүнээс хойш хатуу амьдралтай халз тулан тэмцэх хамгийн итгэл зоригийг нь өгсөн байна. Гэтэл дангаар ирдэг зовлон үгүй гэдгийг яах билээ. Амьдралын хэцүү тавилан энэ нэг гэр бүлд дахинтаа гаслан зовлон авч ирнэ гэж хэн мэдэх билээ. 2001 онд нөхөр нь өвчнөөр нас барж, дөнгөж 10 нас л хүрсэн булбарай хоёр үрээ өнчрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй дорой эхнэрээ бэлэвсрүүлж орхиод явсан нь амьдрал түүнтэй хамгийн хатуугаар тоглосон байлаа. Хорвоогийн хатуу шалааны өмнө тэр гуниг зовлонгийн гүнд унасан нь лавтай болов. Нөхрийнхөө өвчнийг үзүүлж үлдсэн бөөн өр шир, өөрийг нь өрөвдөлтэй харж хоцорсон энхрий хоёр үр, битүүхэндээ зовж байж тэр бүхнийг зүрхэндээ шингээлээ, хэлээд ч хэндээ шивнэх билээ? Зовоод ч хааш очих билээ?

Итгэл сэтгэлээр эрчилсэн амьдрахуйн тэмүүлэл

Сурвалжлага маань удааширч, яриа өтгөрсөөр. Аль эртийн тэр зовлон зүдгүүрт амьдрал энэ айлаас нэгэнт холдсоныг бид хүмүүсийнх нь царайнаас олж харж байлаа. Тэрчлэн энэ ам бүл олонтой гэрийн уур амьсгал нь маш сайн, ямар ч хөгжлийн бэрхшээлтэй дорой хүнтэй айл шиг хүн хүний хоорондох харилцаа нь нэг эелдэг. Гэрэлтуяагийн агуу хайрын буухиа дараа нэг үедээ уламжлагдаж байгаа нь цай зоогийн завсар бидэнд яахын аргагүй мэдрэгдэнэ билээ.

Амьдрал хүнд зовлонгоор дүүрэн байсан ч хүүхдээ сургуульд суулгана гэж шүд зуусан Гэрэлтуяа, хоёр хүүхэд нь сургуульд орохоор хэдэн мал, гэр тэргээ эгч, ах нартаа даалгаад, өөрөө хошууны төвд гэр түрээслэн хоёр хүүхдийн тогоо шанага барьж суужээ. 2004 онд хоёр хүүгээ алдаж, залуугаараа бэлэвсрэн, хараагаа ч алдсан хамгийн хөөрхийлөлтэй бэргэнээ авч хамт амьдарсан байна. Өөртэй нь адилхан зовлон үзсэн бэргэнээ ганцаараа байгааг мэдсэн ч орхисон бол тэр Гэрэлтуяа биш байх байлаа. Үүнээс хойш нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн, хоёр өнчин хүүхдийг хамтад нь асран харгалзаж, нэгэн бүл болж, бүх дарамт төлөөсийг тулан амьдрах үүргийг тэр нэгэн биеийн хоёр мөрөндөө дааж зүтгэх болов.

Энэ хооронд хэдэн эгчээ түшин сууж байснаа ганц айлаараа салан гарч амьдрах боллоо. Хэдийгээр эгч дүү нь санаа зовж байсан ч “Зөрүүд” зантай Гэрэлтуяагийн шийдвэрийг эргүүлж чадаагүй байв. Ганц айлаараа амьдрах болсон мөчөөс түүний үүрэг хүндэрч амьдралтай тэмцэх итгэл зориг нь илүү хөвчлөгдөж байлаа. Гэр гадаа эр хүний л хийдэг ажлыг хийж явахад хөл гараа бэртээнэ, асрах хүн гэж байсангүй. Сум багийнхан ирж, халуун бүлээнийг нь сурахад хэлмэрчлэх хүн үгүй. Энэ бүх зүйлийг өнгөрөхөд Гэрэлтуяагийн хэзээ ч баясангуй байдаг нүд, царайных нь цаана хэчнээн гуниг зовлон залгилж байсныг тэр өөрөө л мэднэ. Гэлээ ч Гэрэлтуяа, гэрт гадаах бүх ажлыг амжуулж явахдаа хоёр хүүхдэдээ дарамт өгөөгүй. Бэргэндээ өчүүхэн төдий гуниг гутралын сэв өгөөгүй байлаа. Амьдралын дарамт хүнд байлаа ч түүний цэвэр дэгжин аалийг өөрчилж чадаагүй. Ажилч хичээнгүй, цайлган занг баллаж чадаагүй, шандас чанга, суудал хатуу араншинг нь дарж чадаагүй байсаар. Одоо ч гэсэн тэр амьдралд маш баяртай ханддаг, цэвэр цайлган зан чанараа үр хүүхдэдээ уламжилж яваа бөгөөд хүн зоны өрөвдөхийг хүлээж байгаагүй шандас чангаараа явж л байна.

Гэрэлтуяа хөдөө гадаа, нар салхинд явах дуртай гэнэ. Хоёр хүү нь сургуульд байхад гэрт суугаа бэргэндээ хоол, цайг нь ойртуулж өгөөд хөдөө аргал түүж, хонь, мал хариулж явдаг. Бодоход хөдөө шилийн өвс ногоо үнэрлэж, зөөлөн салхинд хацар илбүүлэн явах нь түүнд хамгийн жаргалтай мөч байсан болов уу даа. Мэдээж хүн хартай харьцахад төвөгтэй. Хүн аяндаа л өөрийнхөө бодь үнэн талаа нууж, сэтгэл зүрхнийхээ гүнд цоожилж тавьдаг. хүн амьтантай бараадах нь нэг төрлийн дарамт болдог ч байх түүнд.

Гэрэлтуяа зовлонгоос хором ч болов холдож чаддаг бас нэг зүйл нь оёдол, хатгамалтай ноцолдох юм. Хар багаасаа ээжийнхээ гар оёдлыг сурсан тэрээр оёдолд дуртай. Нэг гэрийн бүх хүмүүсийн өвөл, зуны дээл хувцас цөм л түүний гараас гардаг бөгөөд мэргэжлийн оёдолчны гараас гарсан дээл хувцастай зөрөхгүй. Аливаа хатгамал зүйдлийг өөрөө зурж төсөвлөдөг бөгөөд оёдолдоо нарийн ханддаг бөгөөд маш хурдан оёдог. Хувцас, гоёл урлахаар барахгүй малчин айлын амьдралд хэрэглэж барьдаг аливаа нэхмэлийн зүйлийг ч өөрөө оёж эвлүүлж байсан нь тэдний амьдрал хэрэглээний зардлыг бага бус хэмнэдэг. Ер нь тэр оёдолтой ноцолдож суухын цагт амьдралын эрээн бараанаас төө холдож чаддагийнх болов уу.

- Миний хадам ээж оёдолд үнэхээр сайн.  Би багаасаа оёдолд их дуртай байсан болохоор тэр угалз хээг урлахын хэцүүг мэднэ. Гэтэл манай ээж хээ угалз урлаж, эсгэж оёх бүх үйлийг ганцаараа хийдэг. Эхлээд би гайхаад л байсан. Одоо бол ойлгож байх шиг байна. Зав гарвал надад зааж өгдөг. Одоо ээж маань өдөржин ахын хуримын дээлийг хийгээд завгүй байна. Бага бэр Дорно хадам ээжийнхээ тухай ярихад өөрийн эрхгүй хоолой нь зангирч нулимс бөмбөрүүлнэ.

Сурвалжлагын завсар Гэрэлтуяа биднийг дагуулан хуучин байшиндаа орж, хуучны гэрэл зураг, өөрийн оёж урласан хээ угалзаа харууллаа. Тэрээр хүүхдүүдийнхээ багын зургуудыг бидэнд зааж баясна. Өөрийн зурж төлөвлөсөн хээ угалзаа харуулж олзуурхана. Өөрийнх нь хадгалж байгаа хээ угалзны төрөл зүйл нь бараг бүрэн байгаа гэж бэр Дорно нь ярьж байсан билээ. Ингээд харахад түүний хүнд гайхуулна гэж боддог амины хоёр хайр нь энхрий үр нь буюу дур сонирхол болсон оёдол нь л байж таарна. Аль багынхан хурга, тугалтай хамт авахуулсан зургуудыг заагаад л хүүхэд шиг баярлаж инээхийг нь харахаар бид түүний энэ олон жил зовлон жаргалыг хэлхэн байж, хатуу хорвоогийн өөд шандас чангалж чадсан итгэл сэтгэлийг нь мэдрэх шиг болов.

Зүтгэл тэмүүллийнх нь хариу-сайхан цаг айсуй

Хоёр хүү нь дунд сургуулиа төгссөний дараа сонголт хийх болов. Ар гэртээ харих уу? Үргэлжлүүлэн сургууль соёлын мөр хөөх үү? Том хүү Батбилэг нь дунд сургуульд нэг жил суралцсаны дараа үргэлжлүүлэн сургууль соёлын мөр хөөхөө больж, хөдөө гэртээ буцаж ээждээ туслахыг бодов. Харин бага хүү Батхуяг нь цэрэгт элсэх шалгалтыг өгөн цэрэгт явжээ. Хоёр жилийн цэргийн амьдрал Батхуягийн бие дээр маш их өөрчлөлт авч ирэв. Бага байхдаа сахилгагүйтэж дүрсгүйтэж, дандаа ахаараа шүүмжлүүлж, зодуулдаг байсан нөгөө дүрсгүй жаал цэргийн хуаранд хүмүүжжээ. Хоёр жилийн дараа цэргийн амьдралаа үргэлжлүүлж, зэрэг тушаал дэвших үү? Эсвэл ар гэртээ харих уу гэх бас нэгэн сонголт түүнд тулгарсан байлаа. Өөрийнх нь дайчин анд, дарга байлдагч нь түүнийг цэрэгтээ үлдэхийг нь хүсэхэд ээж, ах нь ч түүнийг цэрэгтээ үлдэж, үргэлжлүүлэн суралцаж, цалин хөлс өндөр, сайхан амьдралд тэмүүлэхийг нь дэмжсэн байна. Гэтэл тэрээр хойно өмнөхийг сайн тунгаан бодсоны эцэст ар гэртээ буцаж малчин болох шийдвэр гаргасан байна. 

“Тухайн үед ар гэрээ санана. Ялангуяа насаараа зовж зүдэрч явсан ээжийгээ санаж байсан. Цэрэгт байсан жилүүдэд би үнэхээр ээжийнхээ хэцүү тавилан, шандастай зүтгэлийг нь ойлгож мэдэрсэн. Энэ л шалтгаан тухайн үед гэр нутагтаа харих шийдвэрийг минь баталсан” гэж ярьсан Батхуягийн бие дээр наснаасаа эрт томоожсон байдал харагдана.

Хэцүү амьдралтай айлын үр хүүхэд нь ч эрт томоождог нь үнэнтэй билээ. Ээжийнхээ цайлган цагаан, ачлал журам, ажилч зан чанарыг тэр чигээр нь сэтгэл зүрхэндээ шингээж бойжсон энэ айлын хоёр хүү хэдийгээр бичиг эрдмийн оргилд тэмүүлж яваагүй ч нутаг усандаа шагшигдсан шилдэг залуус болжээ. Ах Батбилиг нь сумныхаа эвлэлийн үүрийн дарга болжээ. Дүү Батхуяг нь айл гэрийнхээ бүхий л ажлыг гялалзуулж явна.

Ийнхүү эр өсөж эсгий сунадаг. Ачлалт ээжийнхээ сэвтэй зүрхэнд нар гаргажээ.

Нэгмөсөн яваад үүрд буцдаггүй үйлийн төлөөх цус, нулимс үүрд мартагддаггүй ч, харин яваад магад буцан ирэх үйлийн төлөө цөхөршгүй мөрөөдөн хүлээх нь зовлонтой атлаа жаргалаар биелдэгт хүмүүс мохошгүй тэмүүлдэг юм санажээ.

Хорвоогийн хатуу тавилан Гэрэлтуяад хүний орчлонгийн хамгийн зовлон зүдүүрийг тулгаж байсан ч түүний шандас чанга мятаршгүй зүтгэлийнх нь өмнө эцэстээ уяраа нь энэ биз.

Одоо болоход эднийх 300 гаруй бог мал, 60 гаруй бод малтай. 3 өрөө тоосгон байшин, 7 өрөө пин саравчны бүтээн байгуулалттай, жил дунджаар 100 мянган юанийн орлого олж байгаа бөгөөд сайхан амьдралтай тухтайхан амьдарна. 2016 онд Шилийнгол аймгийн “Хамгийн сайхан гэр бүл”, 2017 онд “Таван сайнтай гэр бүл”, “Тэргүүний эмэгтэй”, “Мэргэжлийн жишээ үзүүлэх айл” гээд олон олон шагнал урамшуулал түүний амьдрал тэмцлийнх нь нотолгоо болж дурайна.

Сурвалжлага маань өндөрлөж, гэр бүлийнхэн хамт зургаа авахуулах гэхэд Гэрэлтуяа хоёр хүүдээ дээл хувцсаа сайхан өмсөхийг захиад, өөрөө бэргэнээ түшиж зураг авах гэж байсан гэрийн хажуугийн тэгшхэн тал дээр очлоо. Зураг авахуулна гэхэд Гэрэлтуяагийн нүүрэнд баярын инээмсэглэл тодорч байсан бөгөөд эхнээс нь дуустал маш сайхан санаа нийлж байсан юм. Ийнхүү бид ч энэхүү баяр жаргалтай гэр бүлийн хамт зураг авахуулж, дуран хараандаа үүрдийн дурсгал болгон үлдээсэн билээ. Зураг дарж дууссаны дараа Гэрэлтуяа мөн өөр хүнээр туслуулахгүй өөрөө бэргэнээ түшин гэр зүг алхалсан арын бараа нь тэр чигээрээ бидэнд Гэрэлтуяагийн амьдрал тэмцлийн ул мөрийг нь үзүүлж харагдлаа.

Бага хүү Батхуяг нь өнгөрсөн жил хуримаа хийж айл гэр болсон нь Гэрэлтуяад хамгийн их баяр болжээ. Сарын өмнөөс л өдөржин шөнөжин завгүй, хүү бэрдээ шинэ хүний дээлийг нь оёж өгсөн байна. Удалгүй том хүү Батбилэг нь ч хуримаа хийх гэж байгаа болохоор Гэрэлтуяа одоо өөр зүйлд сэтгэл хуваагдахаа больж, том хүү бэрдээ дээл оёод завгүй ажиллана. Амьдралд нар нь болсон энхрий хоёр үр нь айл болчихвол Гэрэлтуяагийн сайхан амьдрал ч улам наашлах нь дамжиггүй. 

“За, хоёр хүү тань айл болчихвол танай үүрэг хөнгөрч, жаргах цаг ирнэ шүү” гэхэд хаанаас ч үл олж харах цайлган инээд Гэрэлтуяагийн нүүрэнд халгилан цалгилж, хангай талын хуучин сууринг дулаацуулан, Үзэмчин нутгийн хөхөмдөг огторгуйд уусан жаргах шиг болж билээ.

Хатуу тавиланд гомдсон зүрх ингэж нэг анасан бол, хатуухан шагласан хорвоо ч тэгж нэг уярсан байжээ…

Зохиогч: Гүнбилэг, Номин, Үйлс
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл