
“Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”, “Монголын Логистикийн Холбоо”, “ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль” хамтран “Худалдаа тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг” сэдэвт арга хэмжээг энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Бид энэхүү арга хэмжээг “Логистик- Бидний замыг заана” уриатай “Дэлхийн логистикийн өдөр”-ийг тохиолдуулан дөрөв дэх жилдээ тэмдэглэх гэж байна.
Тус арга хэмжээний зорилго нь Монгол улсын худалдаа, тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлоход оршино. Мөн худалдаа тээврийг хөнгөвчлөх чиглэлээр бодлого боловсруулж буй төрийн яамд, агентлагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй дотоодын төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, банк, мөн тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн үүрэг оролцоог зөв тодорхойлон гаргах, идэвхийг нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой юм.
Энэхүү арга хэмжээ нь эрдэм шинжилгээний бага хурал, салбарын асуудал хөндсөн уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэн, танилцах аялал гэсэн хэлбэрүүдээр зохион байгуулагдах ажээ.
