
Судлаач, профессор Д.Баярхүү
- Та сайн байна уу? Өөрийгөө бидэнд танилцуулаач.
Намайг Дашдоржийн Баярхүү гэдэг. 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Өнөөдрийг хүртэл төрөлх хотдоо ажиллаж, амьдарч байна. Би өөрөө Монголын нэрт кино найруулагч хүний ууган хүү. Миний аав бол Монголын баримтад киноны ахмад зүтгэлтэн, анхдагчдын нэг. Миний ээж Монголын хамгийн анхны эмэгтэй гэрэл зурагчин хүн. Тухайн үеийн Монгол Улсын нам, төрийн удирдагч Самбуу, Цэдэнбал нарын дэргэд ёслолын гэрэл зургийг авч байсан. Төрийн ордонд болж байсан ёслолын арга хэмжээ, намын их бага хурал, Ардын их хурлын чуулган, гадаадын өндөр хэмжээний зочдын айлчлал зэргээр маш олон явсан. Олон улсын шагналтай гэрэл зурагчин хүн байсан. Тэгээд би кино найруулагч, гэрэл зурагчин ийм айлд төрж өссөн хүн.
- Таны Хятад судлаач болох зам хэрхэн нээгдэж байсан бэ?
Би өөрөө Улаанбаатарын шилдэг дунд сургууль, тухайн үеийн Лаборатори 1-р сургуульд 1964 онд элсэж, 74 онд төгсөж байсан. Эрдэм сургаж, хатуужуулан, сэтгэлийн хат даадаг хамт олон, найз нөхөдтэй болгосон үнэхээр хосгүй сургууль юм. Сургуулиа төгсөөд Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангид элсэж ороод, 3-р ангиасаа Хятад судлалын ангид шилжээд гурван жил суралцсан. Тэр үеийн Хятад судлалын ангийн гурван жилийн сургалт гэдэг хангалттай биш. Хятад хэлний мэдлэгийн хувьд сайнгүй, Хятад хүнтэй харьцаж байгаагүй, Хятадын уран зохиол, ном сэтгүүл, сурах бичиг унших, үзэх бололцоо байгаагүй. Мөн Монгол, Хятадын харилцаа тааруухан байлаа. Үзэл суртлын өнгө аяс их байсан нөхцөл байдалд бид бэлтгэгдсэн.

БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И-тай \Астанад\
1982 оны зун Монгол, Хятадын хил хамтран шалгах их ажлыг нугалалцсан хүний нэг юм. Хил дээр 6 сар байхдаа эхлээд орчуулагч, сүүлдээ комиссын нарийн бичгийн даргаар ажиллаад, анх хятад хүмүүстэй нүүр тулж уулзан, Хятадын нутагт орж байлаа. Тэгээд тухайн үеийн Монголын Засгийн газраас миний ажлыг үнэлэн, 1984 онд Бээжинд Элчин Сайдын Яаманд дадлагажигч ажилтнаар явуулж байсан. Тэнд 1986 оныг хүртэл ажиллаж байгаад Улаанбаатарт ирж, МОНЦАМЭ-д 4 жил гаруй ажилласан. 1990 онд Зөвлөлт Холбоот улсын Коммунист Намын дээд сургуульд суралцаж эхэлсэн. Дараа нь тухайн үеийн Зөвлөлтийн гадаад яамны дэргэдэх Дипломатын академид элсэж суралцаад 1993 онд дипломатч болоод гарч ирсэн. Ингээд МУИС-ын Олон улсын харилцааны дээд сургуульд профессороор очсон. Тэр үеэс би өөрийнхөө гол гол номуудыг бичиж эхэлсэн. 1994 оноос хойш өнөөг хүртэл 24 жилд 20 гаруй ном бичиж хэвлүүлсэн. Ихэнх нь олон улсын харилцааны чиглэлийн ном байсан.
- Та өөрөө Олон улсын харилцаа судалдаг хүн. Ингэхэд та дипломат албанд хэр удаан ажилласан бэ?
1996 онд ГХЯ-нд Нэгдсэн бодлогын газрын улс төрийн асуудал хариуцсан захирлаар томилогдож дипломат албанд шилжсэн. 1998 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөхөөр томилогдож, Нью Делид гурван жил ажилласан. 2001 онд эх орондоо эргэж ирээд ГХЯ-нд бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт бодлого төлөвлөлтийн зөвлөхөөр ажилласан. Японы олон улсын харилцааны институтэд зочин судлаачаар нэг дипломатч дэвшүүлэх тухай урилга тэр зун ГХЯ-нд ирснийг Төрийн албаны салбар зөвлөл хуралдаад надад өгөхөөр шийдсэн. Урилгын дагуу 2002-2003 онуудад Токиод ажилласан.
Японоос ирээд ГХЯ-ндаа хэдэн жил ажиллаж байгаад 2007 онд манай сайд дуудаад “Таныг Египетэд Элчин сайдаар нэр дэвшүүлж байна, зөвшөөрөх үү?” гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд 2008 оноос Египетэд 4 жил ажилласан. Каирт байхдаа хэд хэдэн улсыг хавсран хариуцаж ажиллав. 2009-2010 онд Кувейт улс, 2009-2014 онд Саудын Арабын Вант улс, 2012-2015 онд Лалын Бүгд Найрамдах Иран улсад хавсран суугаа элчин сайдаар ажилласан. Мөн Ливан, Иордан, Ливи, Сирийг хавсран хариуцсан Элчин сайд байв.
Эх орондоо эргэж ирээд уран бүтээлийн ажилдаа орсон. Хамтарсан нэг бүтээл, бие даасан 4 ч бүтээл гаргалаа. ГХЯ, НЭПКО хэвлэлийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу “Монгол Улсын гадаад харилцаа: Британника нэвтэрхий толь”-ийн Ерөнхий редактораар ажиллаж байсан. “Жамбын Батмөнх” хэмээх намтар судлалын бүтээлээ “Түүхэн эрхмүүдийн цадиг” төслийн хүрээнд бичиж хэвлүүллээ. Тэр ном маань 2015 онд ойр ойрхон хоёр ч удаа хэвлэгдсэн маш их сонирхол татсан ном болж чадсан.

2017 онд Астанад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын хурлаар
- Та Хятад хэлийг Монголдоо сурсан хятад судлаач хүн гэх юм. Хятад хэл сурахад хүндрэлтэй байсан уу? Яагаад хятад хэлийг сурах болсон бэ?
Хүндрэл мэдээж байсан. Тухайн үед бид Хятадын орчноос бүрэн тасарсан, ном, сурах бичиг байгаагүй, зөвхөн монгол багш нар заадаг байсан. Уншиж сонсох, дадлага хийх боломж байгаагүй, зөвхөн цээжлэх, ханз үсгээ зурж цээжлэх аргаар л сурч байлаа. Уг нь бид өөрсдөө санал өгөөгүй. Би өөрөө бол Гадаад харилцаагаар цаашаа явна гэдэгтээ хатуу зогссон. Харин 3-р курс эхлэхэд Хэл бичгийн факультетын дэргэдэх Хятад хэлний анги 3 дахь элсэлтээ авч байсан. 1976 оны намар хятад хэлний ангид 3 эрэгтэй, 1 эмэгтэй элсүүлсний дотор хожмын ШУА-ийн ОУСХ-ийн доктор Л.Бэгзжав, нэртэй хятад судлаач, доктор М.Чимидцэеэ, мөн Д.Эрдэнэчимэг гэж бүсгүй бид дөрөв байж билээ. Төрөөс бэлтгэсэн хятад судлаачид гэсэн үг.

Өвөр Монголын Солонго мэдээллийн төвийн Улаанбаатар дахь уулзалтаар
- Тухайн үеийн төрөөс бэлтгэсэн хятад судлаачид болон орчин үеийн залуу хятад судлаачид ямар ялгаатай вэ? Санал зөрөх тохиолдол байх уу?
Санал зөрнө гэж бол байхгүй. Би одоогийн хятад судлаачид, залуучуудад нэг зүйлийг анхааруулж, хэлж захидаг. Бид тэр үед гурав л байсан. Манай дээд талын эхний ангид 4 хүн, дараагийн ангид 3 хүн, гуравдугаар ангид бид гурван эрэгтэй байсан. Улсын хэмжээнд ийм л цөөн хүн байсан юм. Бид тэр үед тийм нөхцөл байдалд сурч байхдаа тодорхой хэмжээнд бачимддаг байлаа. Харин одоогийн залуучууд бол асар их бололцоотой. Мэдээлэл их байна. Монгол, Хятадын харилцаа хамгийн сайхан үедээ орсон байгаа. Хятадад мөн Хятадын оролцоо, хөрөнгө оруулалттай Монголын их, дээд сургуулиудад олон мянган хүүхэд Хятад хэл сурч байна. Би энэ хүмүүст баяр хүргэдэг. “Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэхэд та нар тэргүүлэх үүрэгтэй хүмүүс шүү” гэж хэлдэг. Мөн нэг дутагдлыг нь хэлдэг. Юу вэ гэхээр “Монгол, Хятадын харилцааны биетэй, бодитой практик ажилд нь яагаад ордоггүй юм бэ? Ийм олон мянгуулаа төгсөөд хаашаа очсон бэ” гэдэг асуултыг тавьдаг. Яагаад гэхээр би Монголын эдийн засгийн одоогийн загварыг маш их шүүмжилдэг. Ялангуяа ганзагын худалдаа. 1990 онд Монгол, Хятадын харилцаа сайжрахад л Монголчууд Эрээн руу ганзагын худалдаанд явсан. Одоо болтол явсаар байгаа. Тэр дотор хятад судлаач, хятад хэлтэй, Хятадыг мэддэг ганц ч хүүхэд байхгүй. Та нар тэр ажлыг гартаа аваач. Ганзагын худалдааг цэгцлээч. Арай соёлтой наймаа хиймээр байх юм. Хятадын хөгжлийн хурдны араас явж чадах тийм чадалтай, эдийн засгийн хятад судлаач нар болооч. Хятад судлаач бэлтгэдэг Монголын сургуулиуд “Хятадын худалдааны дүрэм, Хятадын тоглоомын дүрэм, “Нэг бүс нэг зам”-ын худалдааны дүрэм” зэрэг хичээлийг заагаач гэж уриалан дуудмаар байна.

Судлаач, профессор Д.Баярхүү
- Та Хятад судлаачдын холбоо байгуулсан тухайгаа яриач?
Монголын Хятад судлаачдын холбоог үндэслэн байгуулсан эхний таван хүний нэг нь би байна. 1988 оны намраас ярьж байгаад 1989 оны намар байгуулсан. Монголын Хятад судлаачдын холбоо гэдгийг байгуулалцсан анхдагчид нь Ж.Баясах, Х.Ариунзана, Л.Бэгзжав, Г.Батсүх, тэгээд би байлаа. Тухайн үед хоёр орны харилцаа дулаарч байсан. Энэ харилцаанд яаж хувь нэмрээ оруулах, Хятадын тухай зөв мэдээллийг Монголчуудад хэрхэн түгээх вэ гэх зорилготой, холбоогоо зөв эхлүүлсэн. Тэгээд би өөрөө 1990 оны намар Москва яваад холбооноос хөндийрсөн.
- Монголд одоогоор хятад судлаач хэр олон байна?
Яг хятад судлаач гэхээр тийм олон байхгүй. Судалгааны чиглэлээр ажиллаж байгаа газар гэвэл ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн гэж байгаа. Тэр бол угаасаа хятад судлалын уламжлалт туршлагатай хүрээлэн юм. Анх байгуулагдахдаа ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэн гэж байсан. Тус хүрээлэнгийн захирлаар одоо миний найз, нэртэй хятад судлаач, Монголын Хятад судлаачдын холбооны анхдагчдын нэг Ж.Баясах ажиллаж байгаа.
- Хятад судлалын чиглэлээр ажилладаг Монголын эрдэмтэд Хятадын эрдэм шинжилгээний салбартай мөн хамтран ажилладаг байх?
Маш их холбоотой. Манай Олон улсын харилцааны хүрээлэн гэхэд л Хятадын олон олон хүрээлэн, их сургуулиудтай холбоотой ажилладаг. Ж.Баясах захирал мөн Хятадын олон олон хүрээлэнгийн зочин судлаачаар ажилладаг. Тийм учраас маш идэвхтэй хамтран ажиллаж байгаа.
- Таны судалгааны чиглэл юу вэ?
Би яг өөрөө Олон улсын харилцааны судлаач. Их гүрнүүдийн гадаад бодлогыг судалдаг. Сүүлийн үед миний судалгаа бол “Нэг бүс нэг зам”, торгоны замын эдийн засгийн гадаад бодлого, түүнээс Монголд ямар ач холбогдолтой байх тухай, мөн гурван улсын эдийн засгийн хонгил, Монголын “Хөгжлийн зам” болон Хятадын торгоны замыг яаж холбох зэрэг судалгаан дээр 2015 оноос хойш сууж байна. Өвөр Монголын хоёр, гурван хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Жишээ нь Өвөр Монголын Хөгжил ба өөрчлөлтийн зөвлөлийн дэргэдэх Гурван улсын эдийн засгийн хонгил судлах хүрээлэн, Өвөр Монголын төрийн бодлого судлах хүрээлэнгийн Умардын чиглэлд ажиллах тасгийн зочин судлаачаар ажиллаж байна.
- Та хэдэн хэлтэй вэ?
Хамгийн түрүүний хэл гэвэл би монгол хэлээ одоо болтол сурч, судалж байгаа. Монгол хэлнийхээ цаана гарч чадаагүй эрдэмтэн хүн байна. Монгол хэлээрээ олон ном, зохиол бичсэн. Монгол хэл дээрээ бол насан туршдаа л ажиллаж байгаа хүн. Миний гадаад суурь хэл бол Орос хэл. Оросоос би асар их мэдээлэл авдаг. Англи хэлийг би Оросод үзсэн. Дараа нь БНЭУ, Египетэд ажиллахдаа гол ажлаа англиар нугалж байсан. Ингэхээр англи хэл бол ажлын хэл. Тэгээд хятад хэлээр мэдээлэл авч чадна. Их сургуульд байхдаа манж хэл заалгаж байсан. Ямар ч байсан уншиж чадна. Японд бол англиар ажиллаж байсан учраас япон хэл сураагүй.
- Монгол Улс дахь Хятад судлаачдын хүндрэл юу байна?
Хүндрэлтэй байх нөхцөл байхгүй гэж би ойлгодог. Монгол, Хятадын харилцаа маш сайн байна. Улс төрийн харилцаа бол илүү таатай байна. Худалдаа, эдийн засгийн харилцаа өргөн. Ши Жиньпин даргын “Хятадын хөгжлөөс хуваалцъя” гээд байгаа санал бодлогод хамрагдахын тулд бид эдийн засгийн хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй. Монголын эдийн засгийн загварыг өөрчлөхөд хятад судлаачид оролцох хэрэгтэй. Хятадаас юу хүссэн, ямар ном зохиол, сэтгүүл захиалж авах вэ бүгдийг нь авч чадна. Тийм ч учраас ерөөсөө хүндрэл бэрхшээл гэж байхгүй. Үүнийг зохицуулдаг зохицуулалт л хэрэгтэй байна.
- Хятад, Монголын харилцаа саадгүй болсон гэж та ярилаа. Ер нь цаашдын хөгжил ямар болох бол?
Монгол, Хятадын харилцаанд шийдэгдээгүй ноцтой асуудал үлдээгүй гэж би ойлгодог. Хоёр орны харилцаанд саад учруулах зохиомол бэрхшээл үүсэхгүй. Харилцааг хөгжүүлэхэд Хятад судлаачдын үүрэг л их байх ёстой гэж бодож байна. Худалдаа, эдийн засгийн үл ойлголцол бага зэрэг байгаа л даа. Улс төрийн асуудал гэж бидэнд байхгүй. Монгол, Хятадын харилцааг бэхжүүлсэн олон баримт бичгүүд байна. Тэгээд бүр иж бүрэн стратегийн түншлэл байгаа. Тэр түншлэлд заасан заалтдаа Монгол Улс үнэнч байгаа. Монголын төр засгийн үе үеийн удирдлагууд Монгол, Хятадын харилцааг шат шатаар ахиулсаар байгаа юм.
- Баярлалаа. Тантай ярилцахад таатай байлаа.
Баярлалаа.
