solongonews
Олон улсын биологийн олон янз байдлыг хамгаалах XXV өдөрлөг болов
2018-05-23 16:12
Олон улсын биологийн олон янз байдлыг хамгаалах XXV өдөрлөг болов.

Олон улсын биологийн олон янз байдлыг хамгаалах XXV өдөрлөг 05-р сарын 22-нд болов. “Биологийн олон янз байдлын конвенц”-д хамгийн эрт нэгдсэн улс орны хувьд Хятадын эх газрын төрөл бүрийн хамгаалалтын бүсийн талбай 1.7 сая ам дөрвөлжин км хүрч, улсын нутаг дэвсгэрийн 18 орчим хувийг эзэлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенц”-ын зорилтоо урьдчилан биелүүлжээ. Хятадын Экологи, байгаль орчны яамны албан тушаалтан Бээжинд болсон арга хэмжээнд хэлсэн үгэндээ: Панда, зүүн хойд нутгийн бар, түвд бөхөн зэрэг нэн ховордсон төрөл зүйлийн зэрлэг байгаль дахь популяц тогтвортой өсөж байна. Хятад улс цаашид экологийн хамгаалалтын бүс, биологийн олон янз байдлыг хамгаалах сүлжээ байгуулж, биологийн олон янз байдлыг хамгаалах хяналт удирдлагаа чангатгана гэжээ. Энэ тухай сурвалжлагч Ян Чюнгийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхийн бөмбөрцгийн био системийн аливаа зүйл, амьтан, ургамал, микробиаци, тэдгээрийн ген, оршин буй орчныг заадаг бөгөөд хүн төрөлхтний оршин амьдрах үндэс  юм. “Биологийн олон янз байдлын конвенц” хэрэгжиж эхэлсний 25 жилийн ойд зориулан Хятадын Экологи, байгаль орчны яам Олон улсын биологийн олон янз байдлыг хамгаалах өдөрлөгийг тохиолдуулан Бээжин хотод тусгай сэдэвт арга хэмжээ зохиов. Хятадын Экологи, байгаль орчны яамны дэд сайд Хуан Рүйчю, Хятадын засгийн газар биологийн олон янз байдлыг хамгаалахыг дээд хэмжээгээр чухалчилж байна гэжээ.

“Хятадын эх газрын байгалийн экосистемийн 90 хувь, улсаас хамгаалж буй зэрлэг ан амьтан, ургамлын 89 хувь нь байгалийн хамгаалалтын бүсэд нэлээд сайн хамгаалагдсан. Нэн ховордсон зарим төрөл зүйлийн байгаль дахь популяц аажмаар сэргэж, панда, зүүн хойд нутгийн бар, ирвэс, Азийн заан зэрэг төрөл зүйлийн тоо толгой илэрхий нэмэгдлээ. Хандгайн зэрлэг байгаль дахь популяц уг нь устсан байсан, байгаль хамгаалалтын бүс байгуулах, шинээр оруулж ирэх замаар төрөл зүйлийн тоо толгойг олшруулж, биологийн олон янз байдлыг хамгаалах амжилттай жишиг болсон юм.”

Хятад бол “Биологийн олон янз байдлын конвенц”-д хамгийн эрт нэгдсэн орнуудын нэг. Хятад улс тус конвенц, түүний протоколыг идэвхтэй хэрэгжүүлж буйг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч байна. “Биологийн олон янз байдлын конвенц”-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Кристиана Палмер Бээжинд болсон арга хэмжээнд видео бичлэгээр хэлсэн үгэндээ: Хятад улс “Биологийн олон янз байдлын конвенц”-ын гэрээлэгч тал болсноос хойш биологийн олон янз байдлыг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчилж, түүнийг экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг урагшлуулахын чухал агуулга болгосон гэжээ.

“Хятад улс 2015 онд нийтэлсэн Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай санаачилга”-даа, биологийн олон янз байдал алдагдахыг үндсэндээ тогтоон барих, экосистемийн тогтвортой байдлыг илэрхий сайжруулах зорилт тавьсан байдаг. Энэ нь Хятад улсын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, экологийн орчныг хамгаалах ухамсар, шийдвэр зоригийг харуулж байна. Иж бүрэн бодлого арга хэмжээний хэрэгжилт, олон бүс нутаг, олон салбарын хамтын ажиллагаа биологийн олон янз байдлын хамгаалалтыг илэрхий үр дүнд хүргэсэн.”

Хятадын биологийн олон янз байдлын хамгаалалт, нээн ашиглах хоёр хоорондоо зөрчилдсөөр байна. Үүний тулд Хятад улс цаашид олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно гэж Экологи, байгаль орчны яамны дэд сайд Хуан Рүйчю хэлсэн байна.

“Экологийн хамгаалалтын бүс, биологийн олон янз байдлыг хамгаалах сүлжээ байгуулж, үндэсний паркаар гол болгосон байгаль хамгаалалтын газруудын системийн бүтээн байгуулалтыг ахиулж, нээн ашиглах хэмжээг хатуу тогтоон барьж, экологийн сэргэлтийг чангатгана. Биологийн олон янз байдлын бүртгэл, мэдээллийн индэр байгуулна. Биологийн олон янз байдлыг хамгаалах хяналт, удирдлагыг эрчимжүүлнэ.”

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад улс 2020 онд “Биологийн олон янз байдлын конвенц”-ын гэрээлэгч талуудын XV хурлыг зохион байгуулах юм байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын Экологи, байгаль орчны яамны албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл