
Харин одоо шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр шинэ технологи, тоног төхөөрөмжөөр өндөр түвшинд боловсруулан дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Уламжлалт аргаар боловсруулсан үхрийн арьсыг энгийн үнээр худалдвал хэдэн зуун юань хүрэх төлөвтэй. Гэхдээ орчин үед технологийг боловсронгуй болгон нарийн боловсруулсан арьс ширийг олон улсын зах зээлд өрсөлдөх хэмжээнд боловсруулах зорилт тавин ажилласнаар, арьс ширийг боловсруулан дээр нь зураг зуран худалдаж арван дахин үнэ хүргэнэ гэдгийг Өвөр Монголын Алшаа аймгийн уран бүтээлч Ундармал бодит үйл хэргээрээ гэрчилсэн байна.
Ундармал 2009 онд их сургуулиа дүүргэн, нутаг буцаж арьсан урлалын гараагаа эхлүүлсэн байна. Тэрээр анх зөвхөн нутгийн үхэр малын арьс ширээр жижиг хэлбэрийн уран бүтээл хийдэг байснаа сүүлийн жилүүдэд гаднаас зориулалтын шилдэг сайн чанарын арьс оруулж, системтэй ажиллаж, түүний нэр нөлөө нэмэгдэн зах зээлд өөрийн гэсэн орон байртай болжээ. Ийнхүү өнгөрсөн жил үхрийн зургаан арьсан дээр урлаж бүтээсэн "Богд эзэн Чингис хаан"-ы хөрөг нь100 мянган юань хүрч, олны анхаарлыг татлаа.

Ундармал
Ундармал энэхүү бүтээлээ Итали улсаас оруулсан үхрийн зургаан арьсан дээр урлажээ. Тус бүтээлийн өндөр нь гурван метр, өргөн нь таван метр, 50 гаруй килограмм жинтэй болжээ. Ундармал арьсан урлалаа илүү сайхан амилуулахын тулд Монгол Улсын Улаанбаатар хотноо хүрч, Төрийн ордны өмнө Чингис хааны хөшөөг дууриан урлан бүтээж, хоёр талд нь "Бие баатар болбоос нэгэн үеийн баатар, Билэг баатар болбоос түмэн үеийн баатар" хэмээх Чингис хааны алтан сургаалаас сийрүүлэн, Чингис хааны Ази, Европын олон улс орныг байлдан дагуулж явсан зургаар арын үзэгдэл болгосон байна.
Тус бүтээлийг хийхэд хамгийн хэцүү нь Чингис хааны нүдийг зурах байлаа. Цаг хугацаа маш шахуу болохоор захиалга авсан тухайн өдрөөс эхлэн Ундармал сар гаруй өдөр шөнөгүй ажиллаж байж дуусгасан байна.
Сүүлийн жилүүдэд Алшаа аймаг нь ардынхаа уран бүтээлчдийг дэмжин, тусгай ажиллах байр үнэгүй гарган өгч, хүүгүй зээл өгч бизнес эрхлэхийг дэмжих, олон төрлийн уралдаан тэмцээн, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулснаар орон нутгийн өвөрмөц онцлогтой ардын уран бүтээлчид олноор төрөн гарч байна. Түүний нэг нь Ундармал юм. Тэрээр монгол үндэстний аймгийн зэрэглэлийн арьсан урлалын биет бус соёлын өвийн уламжлагчаар сонгогдсон байна.
