Тухайн үеэс тэднийх өөрийн нутгийн ямаандаа алс хол Ляо Нин мужаас ноолуурын ухна дөрвийг худалдан авч тавьснаар ямаа нь маш түргэн өсөж, 2009 он болоход ганц ноолуурын эр ямаа нь 500 гаруй болж, төлөө тавибал хамгийн олондоо 1000 ямаа бүртгүүлж байсан удаатай. Одоогоос найман жилийн өмнө ноолуур кг бүртээ 320 юаньд хүрч байсан үед эднийх 350 гаруй кг ноолуур худалдаж, 130 мянга гаруй юань орлого олж байсан аж. “Найман жилийн өмнө манай тусгай ямаа тэжээж байсан, хаврын гачиг цагт 100 гаруй мянган юаний орлого сайтай байсан л даа. Харин 2009 оноос дээд шатнаас ямааг цөөрүүлж хонь тэжээх төрийн бодлого гаргасны дүнд миний хайран ямаадаа бүр худалдагдсан шүү хэмээн ямаа олон маллаж байсан үеэ ерөөлт ийнхүү эрэгцүүлэн ярина.
Ерөөлтийнхөн хувьдаж олсон 770 гаруй га нутаг бэлчээр нь голдуу шил газар. Эдний нутаг нь Шил талаар голлосон нь ёстой ямаа маллахад тохирсон газар гэдгийг түүний яриан дундаас ойлгож билээ. Тэгээд тэр арга буюу цөөн хэдийг үлдээж, хэдэн ямааны үнээр нэг хонь худалдаж авсан гэдэг. Одоо эднийх 700 гаруй хонь, дөчөөд үхэр, зуу шахам ямаа тэжээж байна. Тэр хэлэхдээ:
- Ямааг дангаар нь тэжээвэл бэлчээрт гамтай, ямаа гэдэг амьтан идээд л цадвал хэвтчихнэ. Харин хонь бол нааш цааш гүйлдэж чухам бэлчээрт халтай. Яарсан хүн ямаа малж гэдэгчлэн ямаа өсөж үржих нь ёстой түргэн. Идэш голохгүй, юу өгсөн ч бүр иднэ, төлжих нь ч хурдан. Тэнгэр муухайрвал хоньтой адил уруудахгүй, гэр зүгээ хошуурч гүйлдээд л ирчихдэг мэргэн амьтан шүү хэмээн ямаа малжиж байсан туршлагаа ийнхүү учирлана.
Ерөөлт гэж ёстой хашир туршлагатай малчин юмсан. Тэр ноднин жил зууy тавиад ямаанаасаа хоёр удаа төл тосчээ. 10 дугаар сарын үеэр нэг удаа тосож, 5 дугаар сарын үеэр бас нэг удаа тоссон байна. Тэр хэлэхдээ, уржнан жил манай энд бэлчээр бас нэлээд сайн, ямааны тарга хүч бас овоо зүгээр. Тэгээд би ямаанаасаа хоёр удаа төл тоссон. Ер нь эх малынхаа тарга хүчийг сайн баталбал хоёр удаа төл тусахад асуудалгүй. Ямаандаа бордоог нь тохиромжтой өгч, өвсний соргогийг идүүлэн, усны тунгалгийг уулгаж, сайхан бэлчээрлүүлэх юм бол ямаа тарга алдахгүй гэж байлаа. Эднийх ноднин зуу тавиад ямаанаасаа хоёр удаа төл тосож, өнгөрөх намар дөчөөд эх мал үлдээж, 400 шахам ямаагаа дунджаар 500 гаруй юаниар худалдаж бараг 200 мянган юань шахам орлого олсон байна. Үлдээсэн дөчөөд ямаа нь энэ жил төллөөд бас зуу гарчээ.
Ямаа маллахад гарцаагүй арга туршлага хэрэгтэй. Ерөөлт ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх арга замыг хайж тусгай ямаа малжиж байсан бөгөөд одоо ч гэсэн жилд ямаанаасаа хоёр удаа төл тосох гэх мэтийн маллах аргыг сүвэгчилж орлогоо нэмэгдүүлж явна. “Өмнөх хэдэн жил манайх хавартаа өвөр дүүрэн мөнгө олдог л байсан. Харин ямааг цөөрүүлснээс хойш хаврын орлого гэж үндсэндээ үгүй болсон. Энэ дөч, тавин ямаанаас хэдий л их орлого олно доо. Яах даа, бас гар зуур зарах зоосыг л аргалчихна. Бас л ямаа маллах нь орлоготой, хонь бол ганцхан төл л олно. Харин ямаа бол ноолуураас нь орлого олно. Ишгийг нь худалдаад бас орлого олно. Тоо толгойгоо цөөрүүлээд мал маллахад хүрвэл мөн л ямаа тэжээх нь ашиг орлого илүү гэж Ерөөлт ярьж байлаа.
