2015 оноос хойш жил бүр зохиогдсоор буй буянтай үйл хэрэг буюу ӨМӨЗО-ы “Гэрэлт аялал” арга хэмжээний энэ оны хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Улаанбаатар хот дахь Цэргийн төв эмнэлэгт 06 дугаар сарын 24-ний өдрийн нүдний болор солих хагалгаанд хамрагдсан Монгол Улсын иргэдтэй ярилцсан юм.
Өмнөх жилүүдэд хагалгааны стандартыг хангаж, бүртгэлд хамрагдсан иргэдийг Өвөр Монголд хүргэн хагалгаанд оруулдаг байсан бол энэ онд хагалгааны зориулалттай Хятадын явуулын эмчилгээний машиныг шууд Улаанбаатар хотод авчирч, газар дээр нь хагалгаа хийснээрээ онцлог байв.
Автомашиныг хил гаргахын тулд бүрдүүлэх ёстой “олон мянган” бичиг баримт, гэрчилгээ зөвшөөрлийг гаргуулах тэр олон нарийн дамжлагуудын ард гарч, хөрш орны хилээр даван, “Цагаан хөшиг”-ний зовиурт автсан иргэдэд туслахаар зорин ирсэн том автомашин маань эмчилгээнд хамрагдсан Монголын олон зуун иргэдэд гэрэл гэгээ өгч, ач тусаа хүргэж байна гэж бодохоор тэнд ажиллаж байгаа эмч нарт үнэхээр талархууштай санагдсан юм.
Сэтгэлийн хүчинд итгэл батжина
“Бүс ба зам- гэрэлт аялал” төслийн Улаанбаатар дахь аялал” нэртэй энэ оны арга хэмжээнд нийтдээ 100 иргэнд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр төлөвлөсөн. Арга хэмжээний хүрээнд мөн Өвөр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн санхүүжилт, тусламжтайгаар Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт “Түгээмэл хайрын хүрээлэн” байгуулах, ирэх таван жилийн “Гэрэлт аялал”-ын гэрээнд гарын үсэг зурах зэрэг арга хэмжээнүүд хамрагдсан байв.
Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн байртай чанх зэрэгцэн байрлах манай байрны цонхоор тэнд болж буй бүх зүйл тодорхой харагддаг. Хоёр орны Улаан Загалмайн нийгэмлэгийн ажилтнууд арга хэмжээнд бэлтгэж нэлээд хэдэн хоног цаг наргүй ажилласныг би нүдээрээ харсан учраас иргэдийнхээ төлөө гэх энэхүү буяны байгууллагад хайр хүрсээр байсан билээ.
Биднийг эмнэлэгт очиход гурван хэсэг хүн дугаарлан хүлээж байв. Тодруулахад, өмнөх өдөр нь хагалгаанд ороод давтан шинжилгээ өгөхөөр хүлээгчид, явуулын эмчилгээний машины гадна хагалгаанд орохоор хүлээгчид болон нүдний мэргэжлийн эмчид үзүүлэхээр эмнэлгийн коридорт дугаарлан хүлээгчид байсан юм.
Хагалгаандаа нэгэнт ороод гарсан хүмүүсийн хувьд сэтгэгдэл үнэхээр өндөр байсан. Зарын дагуу мэдээлэл авч, үнэхээр үнэ төлбөргүй эсэхэд нь эргэлзээтэй хэдий ч урьд хөршөөс сайн эмч ирсэн гэдэгт нь итгэж зорьж ирсэн нь олон байлаа.
- Улаан Загалмайн нийгэмлэгийн шугамаар анх энэ мэдээллийг авсан. Тэгээд бүртгүүлээд үзлэгт хамрагдаж, өчигдөр хагалгаанд орсон гэхэд өнөөдөр ингээд л өвдөж хавдсан зүйлгүй явж байна. Ингээд хараатай болох нь гэж бодохоор маш сайхан санагдаж байна гэж Р.Нансалмаа настан ярьсан юм. Харин эмчлүүлэгч З.Шинэхүү:
- Би энэ Цэргийн төв эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэж байсан юм. Энэ арга хэмжээ эхэлсний хоёр дахь өдөрт мэдээлэл авч лавлаж асуухаар орсон. Тэгсэн чинь “Та суу суу, нүдийг чинь шалгая” гээд шалгаад, дараа нь нэг хятад эмч намайг дагуулж бүх шинжилгээг нь хийж өгөөд л тэр өдөртөө бүх юмаа амжуулсан. Хагалгаанд ор гэхэд нь шууд л орсон. Эхлээд үнэ төлбөргүй гэж сонсоод нэг их итгэж өгөөгүй, хагалгаандаа ороод хэчнээн төгрөг ч гэж хэлсэн өгнө гэж бодож байсан. Харин хагалгаанд ороод өнөөдөр эмээ авах хүртэл үнэ төлбөргүй үйлчлүүлж байгаадаа тэтгэврийн хүний хувьд үнэхээр сайхан байна. Монголын ард түмнийг эрүүлжүүлэх ийм сайхан үйлчилгээ явуулж байгаад баярлаж байна гэж талархан ярьсан юм.
Итгэлийн хүчинд сэтгэл ариусна
Цэргийн төв эмнэлгийн хашаанд зогсох хятад дугаартай цагаан машин алсаас тод харагдана. Түүний үүдэнд нэлээд хэдэн хүн халуун наран хурц ээхийг тоолгүй юу нэгийг хүлээн зогсож байв. Хүрээд очиход цагаан нөмрөгтэй нэгэн эмч, мөн улаан хантаазаараа танигдах Улаан Загалмайн нийгэмлэгийн хоёр ажилтан хөгшчүүлтэй хөөрөлдөн байв. Хагалгаанд орох ойрын дугаартай хүмүүс энд ингэж амжилттай ороод гарч ирэх хүмүүстэй солигдож орохоор хүлээж буй нь энэ аж.
- Нүдний болор цайрах буюу нүдэнд цагаа унасан гэсэн онош аваад Улаан Загалмайн нийгэмлэгт очиж бүртгүүлсэн. Тэгээд одоо хагалгаанд орох гээд хүлээж байна. Эхлээд зарыг хараад үнэ төлбөргүй гэхэд нь гайхаж байсан. Тав арван төгрөг эрхбиш авах байлгүй дээ. Дор хаяад л энэ улавч, нүдний дусаагуур гэх зэргээр тодорхой хэмжээний үнэтэй л байх гэж бодсон. Харин үнэхээр ямар ч үнэ төлбөргүй юм байна гэдэгт өнөөдөр ирээд л итгэлээ. Хоёр орны удирдагчид уулзалдаж, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны улмаас иргэддээ иймэрхүү үр өгөөжөө өгч байгаа юм болов уу гэж өөрийнхөө хувьд ойлгож байна гэж иргэн Б.Эрдэнэцоо ярилаа.
- Миний хувьд эхний удаа энэхүү арга хэмжээнд оролцож байгаа. Сэтгэгдэл их гоё байна. Энэ удаад Өвөр Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Чао Жюй нүдний эмнэлэгтэй хамтраад энэ үйл ажиллагааг хийж байна. Хөгшчүүл их идэвхтэй оролцож байна. Зөвхөн Улаанбаатар хот биш, хөдөө орон нутгаас хүмүүс бас зориод ирж байна. Зарим нь онош нь тодорхойлогдоод хагалгаанд орж, маш их баярласан талархсанаа илэрхийлж байна. Би өөрөө Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэнд, халамжийн ажилтан. Өмнө нь шүдний эмч хийдэг байсан. Ер нь тэгээд мэргэжил маань анагаахтай холбоотой эмчийн мэргэжил учраас нийт олныг хамарсан ийм эрүүлжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаадаа би үргэлж баяртай байдаг. Өөрөө дуртай, баяртай байгаа учраас угаасаа идэвхтэй сайн ажиллаж чадна. Монголын Улаан Загалмайн нийгэмлэг маань 21 аймаг бүрт Улаан Загалмайн хороо гэж бий. Улаанбаатар хотын 9 дүүрэг болгонд мөн Улаан загалмайн хороотой. Тэгээд хороонууддаа үүрэг өгч, энэ мэт үзлэг, оношилгоо болох тухай зараа сайн тавихыг мэдэгддэг. Энэ удаагийн арга хэмжээний эхний өдөр коридороор бараг зөрөх ч зайгүй, маш олон хүн ирсэн гэж Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн ажилтан О.Дэнсмаа тайлбарлалаа.
Түүний хувьд хэнтэй ч сайхан ярьж, хөгшчүүлтэй байнга инээмсэглэн харилцдаг сайхан ааштай, сайхан ч бүсгүй байсан нь үнэхээр Улаан загалмай хэмээх энэхүү буяны байгууллагынхаа нүүр царай нь болж байсан юм. Тэдний ажлын бэлтгэл сайн хангагдсаны улмаас орон нутгаас ч нэлээд олон иргэн хүрэлцэн ирсэн байв.
Монгол Улсын Завхан аймгийн Ургамал сумаас арга хэмжээг зорьж ирсэн 80 настай малчин Г. Батмөнх:
- Өвөр Монголоос эмнэлгийн баг ирж нүдэнд нь цагаа унасан хүмүүст үнэгүй хагалгаа хийж өгнө гэсэн мэдээг зурагтаас хараад өнөөдөр хүрч ирлээ. Шинжилгээг төлбөргүй хийж, эм бэлдмэлийг ямар ч үнэгүй өгч байна. Ямар буянтай сайхан ажиллагаа вэ, бид үнэхээр их баярлаж талархаж байна. Энэхүү хагалгааг энгийн байдалд сая төгрөг зарцуулж хийдэг гэсэн, өнөөдөр энд ямар ч төлбөргүй хагалгаанд хамрагдаж байгаадаа маш их баяртай байна гэж ярьж байлаа.
Арга хэмжээний хүрээнд нүдэнд нь цагаа унасан хүмүүст зориулсан үзлэг хийнэ гэсэн тодорхойлолттой хэдий ч Чао Жюй эмнэлгийн нэр хүндтэй эмч Жан Шяолид нүдний бусад зарим нэг гажигтай иргэнийг ч “цаашаа” гэх сэтгэл байгаагүй юм. Тэгээд л тэр их ажлынхаа дундуур хоёрхон настай Т.Эрдэнэ хүүг хүлээн авч, үзлэг хийж өгөхийг нь хараад тэр эмчид үнэхээр талархмаар санагдлаа.
Эрдэнэ хүүгийн аав Тамир энэ тухайд:
- Аав маань энэхүү арга хэмжээнд хамрагдаж нүдний болор солиулах хагалгаанд орох гээд хүлээгээд сууж байна. Тэгээд бага насны хүүхэдтэй болохоор намайг хүлээлгэлгүй эхлээд үзэж өглөө. Сайн нүдний эмч ирсэн гэхээр нь хүүгээ үзүүлэхийг хүссэн юм. Хүү маань солир хараатай байдагт их эмзэглэж явдаг. Эмч нарын хариулт хоорондоо зөрөөд байгаа. Хүүгээ зүгээр хардаг болгохын тулд хамгийн гол нь зөв эмчилгээ хийлгэх л хэрэгтэй гэж бодсон гэж ярилаа.
Жан Шяоли эмч:
- Улаанбаатарыг зорьж ирсэн багийн хамт олон маань өглөө 06:00 цагаас үдшийн 20:00 цаг хүртэл зогсолтгүй ажиллаж байна. Бидэнд хандсан хүн бүгдэд туслан хагалгаа бүрийг хамгийн өндөр түвшинд, амжилттай хийхээр хичээж байна. Эмчилгээний багийг бүрдүүлж ирсэн аравхан хүн хэдий ч хүнд бэрхшээл бүхний ард гарч, нийт 789 хүнд үзлэг хийн, нөхцөл байдалд нийцсэн 102 хүнээс даралт ихтэй, чихрийн шижинтэй долоон хүнийг эс тооцвол, нийт 95 хүнд амжилттай хагалгаа хийсэн. Багийн гишүүд маань Улаанбаатарт ирсэн өдрөөсөө хойш цаг хугацааг мартан, өөрийгөө умартаж, Монгол Улсын нүдэнд нь цагаа унасан өвчтөнүүдийн эргэн тойронд илүү олон тусламж үзүүлэхийг хичээсээр ирсэн. Эмчилгээний багийнхны халуун сэтгэл, халамжтай үйлчилгээ, мэргэжлийн ур чадвар зэрэг нь Монголын үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрч, итгэлийг нь олж чадсанд үнэхээр олзуурхаж байна гэж ярилаа.
- Өвөр Монголоос мундаг эмч нар Улаанбаатарт ирээд нүдний болор цайрах буюу нүдэнд нь цагаа унасан хүмүүст тусалж байгаа нь надад их тааламжтай санагдаж байна. Энэ арга хэмжээнд нь өөрөө туслаад оролцож байх үнэхээр сайхан байна. Хүмүүсийн талархал надад урам өгч, тэр урам маань намайг сайн дурын буяны ажил хийхийг дэмжсээр байна гэж Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн сайн дурын ажилтан, арав гаруйхан настай З.Эрээн-Аралмаа, Ж.Мэчидмаа нарын ярихыг сонсоод хоёр орны иргэдийн харилцаа ийнхүү сэтгэл, итгэлээр холбогдож байна даа гэсэн асар их бахархал эрхгүй төрж байлаа.
