Төвдөд сарлагийн олон үүлдэр байдгийн дотор зүүн нутгийн Лэй Ү Чи буюу "Их уул" сяний сарлагийн мах амт чанараараа алдартай. Энэ үүлдрийн сарлагийн мах уураг ихтэй, онцгой амтлаг байдаг нь байгальтай нь холбоотой ажээ. Далайн түвшнээс дээш 4500 метрийн өндөрт бэлчиж, усны тунгалгийг ууж, өвсний соргогийг иддэг сарлаг үхэртээ арвай буудай, төвд давс зэрэг нэмэлт тэжээл өгдөг тухай тус суурингийн төлөөлөгч танилцууллаа.
58 мянган хүн амтай Лэй Ү Чи суурин нийт 180 мянган сарлагтай гэнэ. Сурвалжилгын үеэр бид сарлагийн мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Төвд айл” ХХК-ийн ажил үйлстэй танилцсан юм. 2015 онд байгуулагдсан тус компани жилд сарлагийн 300 тонн мах боловсруулдаг бөгөөд нутгийнхаа 1500 гаруй өрхтэй гэрээлэн сарлагийн мах авдаг байна. Эдний зах зээл дэх эрэлт нийлүүлэлт тогтмолжиж олонд танигдахыг дагаад малчдын жилийн дундаж орлого ч 3000 юаниар нэмэгдэж, нутгийн иргэдээ ажлын байраар хангажээ.
