Элсэн цөлийн гүн дэх өвгөн дарга

Хөвчийн элсийг тогтоож, ногооруулж болох тухай зүүдэнд ч орж байгаагүй гэж одоо ч гайхан бишрэх энэ хүнийг Чэн Нямбуу гэдэг. Түүний нас сүүдэр 70 хол давсан ч яг л цэрэг хүн гэмээр хөл, нуруу цэх шулуун. Тэрээр Хангин хошууны Дугуйтал суурингийн Дуут багийн малчин. Тэднийх тэнгэрийн царай харан аж төрж, хаяа хязгааргүй цэлийсэн элсэн цөлөөсөө залхахдаа хаашаа ч хамаагүй нүүмээр санагдах үетэй нэг бус тохиолдож байсан гэдэг. Гэвч нутгаа орхин нүүж чадсангүй, багийн дарга хүн учраас малчдаа дагуулан олон жил элсэн цөлд мод ургуулж явсан түүхтэй. Гэвч тэдний хүч даанч бага байлаа.
Харин энэ үеэр Или корпораци Хөвчийн цөлийг ногооруулах ажлаа эхлүүлэн зам засаж мод тарьснаар Чин Нямбуу болон нутагтаа үлдсэн айл өрхүүд мод тарьсны үр ашгаараа хэдэн жилийн дараа шинэ гэртэй, сайхан амьдралтай болцгоожээ.
Ажилсаг хөдөлмөрч Чин Нямбуу мод болон тариалан тарих ажлаа одоо ч орхигдуулаагүй. Жилдээ мод тарьсан орлого нь 70 гаруй мянган юань, тариалангаасаа 40 гаруй мянган юаний орлого олж, басхүү тэжээсэн малын тоо толгой нь ч хэдэн арваасаа хэдэн зуу болон өссөн байна. 2013 онд Чин Нямбуу ойжуулаагүй элсэрхэг газраа Или корпорацид түрээслүүлэн 600 гаруй мянган юаний ашиг олжээ. Нутгаа сахин хамгаалж, амьдралаа дээшлүүлсэн Чин Нямбуу шиг малчин өрхүүд олширсоор. Цөлжилтийн эсрэг энэ нутгийн Засгийн газар, аж ахуйн нэгж компаниуд, иргэд хүч нэгтгэн ногоон байгальтай болох нэгэн мөрөөдлийн зүг хүч тавин зүтгэж байна.
Элсний аялал жуулчлалыг хөгжүүлэгч Мөнхдалай

Хөвчийн элсний гүнд нууртай, довтой, модтой элстэй сайхан нутаг байдаг нь Хөвчийн элсний Дуут нуурын аялал жуулчлалын бааз юм. Дуут нуур цэлэлзэж хөвөөг нь дагаад мал сүрэг идээшлэн байхын дээр наахнуур нь нуурын усан онгоцоор байгалийн сайхныг бахархан тольдож явах жуулчид зөндөө харагдана. Дуут нуурын зүүн хойд эргийн дэнжид ”И Ли шинэ тосгон”-ы хэдэн мөр байшин тодхон цайрна.
Домог шиг долоон нууртай энэ сайхан нутгийнхаа давуу талыг ашиглан элсэн цөлийн спорт, усны аялал жуулчлал зэргийг хөгжүүлэн өнөөдөр дэлхийн жуулчдыг хүлээн авах болсон энэ залууг Мөнхдалай гэдэг. Дуут нуурынхаа хөвөөнд тоглож өссөн болохоор элсэнд хүрээлэгдсэн энэхүү ногоон бүрдээ, хөгжүүлье гэсэн мөрөөдөл хүсэлдээ хөтлөгдөн байгальд ээлтэй эко аялал жуулчлалын талаар олон шинэлэг зүйлийг сэдсээр байгаа билээ.
Түүний хийж байгаа аялал жуулчлалын бааз Хөвчийн элсний Дуут нуурын аялал жуулчлалын баазын нэг хэсэг байгаа юм. Хөвчийн элсний Дуут нуурын аялал жуулчлалын бааз дэлхийд нэртэй. Или нөөцийн корпораци 30 жилийн турш байгаль орчныг хамгаалан, цөлийг ногооруулсны үр дүнд бүтээн байгуулсан Хятадын 4А зэрэглэлийн байгалийн аялал жуулчлалын бааз болсон.
2011 онд НҮБ-аас Дуут нуурын аялал жуулчлалын баазыг “Хөвч олон улсын цөлийн форум”-ын байнгын газар болгосон. Тус аялал жуулчлалын бааз нь нийт 920 га талбайг хамардаг. Үүнээс усны бүс 380 га, нуга газар 40 га, өвс ургамал 380 га, цөлийн 384 га талбайг хамарч байна.
2015 онд Хятадын Ой шугуйн яамнаас 33 цөлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зөвшөөрсний нэг нь Хөвчийн цөлийн цэцэрлэгт хүрээлэн юм.
”Элсэн цөлийн саргай”-Отгонхуар

Үзүүр хязгаар нь үл харагдах Хөвчийн элсэнд амьтан голтны бараа харагддаггүй байсан үе саяхан. Хөвчийн нутагт ”Элсэн цөлийн саргай” гэсэн сайхан алдартай энэ бүсгүйг Отгонхуар гэдэг. Ордос хотын Хангин хошууны Дугуйтал Дуут багийн малчин. Бага насандаа Хөвчийн элсэнд намхан мөртлөө хуучин байшинд ам бүл олуулаа амьдарч, хавартаа элсэн шуурга шуурч, гэр байшинг нь элс шороо дарж, хаалгаа ч онгойлгож чадахгүй хүнд хэцүү орчинд өссөн тэрээр элсэн цөл гэвэл бие нь арзайх шиг болдог. 1998 онд банканд сарын 300 юаний цалинтай наранд борлож, салхинд үлээгдэхгүй тайван ажиллаж явсан ч тухайн үед Или корпорацийн эхлүүлсэн мод тарьж цөлийг ногооруулах үйл ажиллагааны өдрийн 80 юаний цалин мөнгөнд нь татагдан нутаг буцаж цөлжилтийг бууруулах хатуу ажилд эргэлт буцалтгүй орсон байна.
Нутгаа ногооруулсан арга туршлагаараа хожим нь Шинжаан, Төвд зэрэг олон газарт ногоон өнгө нэмж явсан энэхүү хөдөлмөрч бүсгүйн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж “Улсын үндэстний эв нэгдэл хөгжлийн тэргүүний хүн” зэрэг олон шагнал хүртээсэн байдаг.
Аав хүү хоёр ойжуулагч

Өвөр Монгол орон Хятад улсынхаа цөлжилт хамгийн их төвлөрсөн бөгөөд учруулсан нөлөө нь хүнд ноцтой нутаг юм. Бадайнжаран, Тэнгэр, Улаанбух, Хөвч зэрэг “Дөрвөн их элсэн цөл” хөндөлсөж, Муу-Ус, Хулан шаргын даага, Хорчин, Хөлөнбуйр зэрэг “Дөрвөн их элсэжсэн газар” залгаа байдаг экологийн орчин муутай. Өмнө нь Хөвч, Муу-Ус зэрэг нь туулай баахгүй, тоодог буухгүй элсэжсэн газар байж, хар тоос дэгдэн, шороон шуурга байнга “айлчилдаг” байв.
Экологийн орчин гарцаагүй хэцүү байдалд өвөр монголчууд гар нухлан гачигдаж суусангүй, цөлжилттэй тэмцсээр ирсэн. Одоогоор Хөвчийн элсний гуравны нэг хувь нь ногоон бүрд болж, дэлхий даяар цөлжилтийг бууруулсан амжилттай жишиг болжээ. Энэхүү амжилт нь энэ нутгийн үе үеийн хүмүүсийн сэтгэл, зүтгэлийн илрэл болж байдаг.
Цөлжилтийг бууруулсан гавьяат хүмүүсийн тухай ярихад Өргөндалай гуайг дурдахгүй өнгөрч үл болно. Өнгөрсөн зуунд хүмүүс Хөвчийн элсэн цөлөөс нүүн зугтаж байхад анх хүрз атган эзгүй цөлд зоригтой мод тарьж эхэлсэн цөөн хэдэн хүний нэг нь Өргөндалай.
Бага наснаасаа модон соёо үүрээд хөдөө гадаа олон явахыг нь харж өссөн Өргөндалайн бага хүү Хүсэлт өнөөдөр том эр болоод аавынхаа ажлаас хуваалцан явж байгаадаа их баяртай байгаа аж. Тэрээр сэтгүүлч бидэнд аавынхаа тарьж ургуулсан моддыг зааж нэрлэж өгсөн юм.
Элсэн цөлийн шинэ бизнесмэн

Энэ жил ч нар хур тэгширсэн сайхан зун болж байгааг Хөвчийн налгар элсэнд ургасан өвс мод, хатаж амжаагүй хөрснийх нь чийг нь мэдээлээд байна. Энэ жилийн модны суулгацаа шинжин суух энэ залуу бол Ордос хотын Хангин хошууны Жаргалант суурингийн Сайн-ус багийн малчин Оргил. 2012 онд Дүрслэх урлагийн мэргэжлээр их сургуулиа төгссөн тэрээр хотын амьдралд хөл хоргодоогүй шууд л хөдөө нутагтаа буцаж байгальд ээлтэй бизнес хийсэн. Өмнө нь элсэн цөлийг тогтоож ногооруулна гэж өчнөөн хүмүүс олон жил нуруу тэнийлгэх завгүй хөдөлмөрлөж билээ. Оргилын хувьд элсэн цөлд харгана тариад Органик бордоо болгох үйдвэрлэлийг хөгжүүлж түүнээсээ шууд ашиг олох. Ажил хийвэл ам тосдоно гэдэгчлэн түүний боловсруулсан бордоо нь малчдад таалагдаж ханган нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээндээ хүрэхгүй болсон аж.
Оргил энэ жилийн суулгасан 1333 га талбайн модон суулгацаа сонирхуулж дуусаад бидэнд сая юаний өртөгтэй төмөр хүлгүүдээ танилцуулхаар гэрийн зүг хөдөллөө.
Хөвчийн элсэн цөлийг ногоон бүрд болгосон домог биш, үнэн түүхийг сонссон тэдний бий болгосон ногоон бүрдийг хараад Хөвчийнхнөөр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Энэ бол жинхэнэ гайхамшиг.
