Энэ долоо хоногт Казахстаны нийслэл Астана хотод болох ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Шинэ Дели болон Исламабадыг албан ёсоор ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлснээр олон улсын тавцанд тус байгууллагын нэр нөлөө улам бэхжиж, геополитикийн хамрах хүрээ нь өргөжин тэлэх болно гэж БНХАУ-ын ГХЯ-ны сайдын туслах Ли Хүйлай өнөөдөр мэдэгдэв. Тэрбээр цааш нь:
- Хамгийн том газар нутаг болон хамгийн олон хүнийг хамарсан байгууллага болсноор ШХАБ-ын нэр нөлөө улам нэмэгдэнэ гэж хэллээ.
ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалт 6 дугаар сарын 8-9-нд Астана хотод болно.
Казахстан, Хятад, Киргизстан, Тажикистан, ОХУ болон Узбекистаны 2001 оны зургаадугаар сарын 15-нд Шанхай хотноо байгуулсан ШХАБ нь олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм. Одоогоор Пакистан, Энэтхэгээс гадна Афганистан, Иран, Монгол болон Беларусь улс тус байгууллагад ажиглагчийн статустай бол Турк, Азербайжан, Шри Ланк, Армени, Камбож болон Балба нь яриа хэлцээний түншүүд юм.
Пакистан болон Энэтхэгийг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2016 оны зургадугаар сард Узбекистанд болсон Дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүн улс орнуудын удирдагчид гарын үсэг зурсан байна.
