solongonews
Талын цагаан мөөгний ач тус
2016-09-05 11:25
Талын цагаан мөөгний ач тус

      Талын цагаан мөөг буюу монгол мөөг нь уулын ар, хажуу хөндийн чийглэг зөөлөн хөрсөнд хөх манан татуулан ургадаг гэдгийг бид сайн мэднэ. Монголчууд цагаан мөөгийг шинэ соргогоор нь авч сайтар хатаасны дараа хонины махны шөл, хүйтэн хоол, хуурах хайрах зэрэг хэлбэрээр хийж иддэг. Цагаан мөөг хоол хүнсэнд хэрэглэдэг үнэт материал төдийгүй мөн эмийн ургамлын төрөлд ордог юм. Талын цагаан мөөгийг Төвд болон Монгол анагаах ухаанд нялхсын халуун, савны халуун, дотор халууныг бууруулах, басхүү элэгний эмчилгээнд хэрэглэдэг. Орчин үед мөн хавдрын эсрэг тэмцэх үүрэгтэй болохыг судалгаагаар тогтоосон байна. Ийнхүү цагаан мөөгний эмчилгээний үр нөлөөний тухай нарийн тодорхой мэдээлэл бэлтгэхээр Шилийнгол аймгийн Монгол Эмнэлгийн Хорооны уламжлалт заслын салааны эмч Болороос сурвалжлага авсан юм.

            

   Цагаан мөөгний малгайн орой нь цагаан, шилбэ нь суурь уруугаа бүдүүрсэн, богиновтор байдаг. 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл ургадаг, хур бороон ихтэй жил элбэг ургана. Цагаан мөөгний эргэн тойронд өөр ямар ч мөөг холилдон ургадаггүй, мөөгний махлаг хэсгийг хугалсны дараа цагаан өнгөө алддаггүй онцлогтой. Мөөгийг өглөө эрт түүх нь илүү тохиромжтой. Эрт түүхэд сая гарсан мөөг чийрэг чанга байхаас гадна өглөөний нарны туяанд тод харагддаг байна. Болор эмч:

- Мөөг бол эх байгалийн ид шид хадгалагдсан илч багатай, чихэр болон давс, мөн өөх багатай. Уураг ихтэй хүнсний ногоо. Фосфор, кали, кальц, төмөр, зэс, цайр, иод зэргийг агуулагдсан байгалийн бүтээгдэхүүн болно. Цагаан мөөгөнд хүний биед хэрэгцээтэй арваад зүйлийн хүчил агуулагдаж байгаа бөгөөд энгийн шинэ соргог хүнсний ногоо жимсэнд байдаггүй витамин D маш элбэг агуулагдаж байдаг. Мөн цагаан мөөгөнд агуулагдах каротин нь хүний биед витамин A болон хувирдаг учир мөөгийг бас витамин A-ын эрдэнийн сан гэж хэлдэг юм гэж ярьсан юм.

Тэрээр мөн: - Цагаан мөөг нь амтлаг бөгөөд маш бага давслаг амттай, зөөлөн сэрүүн чанартай байдаг. Түүнд хүний биед тустай биологийн идэвхт олон бодис агуулагдахын учир хоол хүнсэндээ зохицуулж идэх нь цусан дахь тосны хэмжээг багасгах, даралтыг бууруулах, халууныг туух, хавдрын эсрэг тэмцэх үйлчилгээтэй. Мөн ходоод гэдэсний шингээлтийг сайжруулах, тархины судасны хатуурлаас сэргийлэх, ханиалгыг намдаах, яс бэхжүүлэх бөгөөд чихрийн шижин өвчинд ч сайн байдаг. Гэхдээ бөөрний ажиллагаа муу ба бөөрний өвчинтэй хүмүүс мөөг идэхэд тохиромжгүй гэдгийг сануулъя гэсэн зөвлөмж өглөө.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Зулаа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл