
Хятад улсын хөрөг зургийн “Арван содон” зураглаач шалгаруулах ёслол 07 дугаар сарын 09-ний өдөр Хятад улсын Шанхай хотод боллоо.
Энэхүү үйл ажиллагааг Хятад улсын хөрөг зургийн судалгааны нийгэмлэг, “Хөрөг зураг”-ийн сэтгүүлийн хорооноос санаачлан, Хятад улсын хэмжээнд хөрөг зураг дарах эрх олгох үйл ажиллагаа болох юм.

2009 онд “Үзэмчин монголчууд” нэртэй гэрэл зургийн цуврал бүтээлээрээ Хятадын хөрөг зургийн “Арван содон” зурагчнаар анх удаа шалгарч байсан монгол үндэстний нэрт хөрөг зургийн зурагчин Аян энэ удаад “Буриад монголчууд” нэртэй гэрэл зургийн цуврал бүтээлээрээ хоёр дахь удаа “Арван содон” зурагчны нэгээр шалгарч байгаа юм. Аян бол тус шалгаруулалтад шалгарсан цорын ганц үндэстний цөөнхийн зурагчин бөгөөд Өвөр Монголоос сонгогдсон цорын ганц хөрөг зургийн гэрэл зурагчин юм.

Аян 1970 онд Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны уугуул. 19 наснаасаа аппарат, камер сонирхон зураг дарж, гэрэл зурагчны замаа эхлүүлжээ.
- Би анх үнэмлэх, сурагчийн үнэмлэхийн зураг дарж мөнгө олдог байсан. Энэ нь миний хөрөг зураг дарах ажилд суурь болсон юм. Дараа нь хөрөг зураг дарах тухайд судалж сурч өөрийн гэсэн хэв маяг бүрдүүлсэн гэж тэрээр ярьсан юм.
2017 онд Пинёогийн олон улсын гэрэл зургийн үзэсгэлэнд Аян “Монгол морины жавхаа” бүтээлээ дэлгэж, үзэсгэлэнд оролцсон 40 гаруй улс орны 3000 гаруй бүтээлийн дундаас тэргүүн байранд шалгарсан байна. Мөн үзэмчин монголчуудын амьдрал ахуйгаас сэдэвлэсэн “Нүүдэлчин” цуврал бүтээл нь 2007 онд Хятад улсын 22 дахь удаагийн гэрэл зургийн бүтээлийн үзэсгэлэнд алтан медаль хүртэж, 2009 онд дэлхийн зан үйлийн гэрэл зургийн “Хүн төрөлхтний хувь нэмрийн шагнал” хүртсэн байна.
