solongonews
”Элемент” брэндийг бүтээгч бүсгүй
2019-03-25 11:49
”Элемент” брэндийг бүтээгч бүсгүй

“Дэлхийд ховорхон дэндүү сайхан хувцас” гэх дээл байдгийг яруу найрагч Мөнхийн Билэгсайхан яруу найргаараа магтан уянгалсан бол өөрийн төрөлх мэдрэмжээрээ, гоо сайхны таашаалаараа, үйл оёдлоороо мэдрэн тунхагласан хүн нь Наранхуар юм.

Монгол дээл шиг эрхэмсэг сайхан гоёл өөр байхгүйг ойлгосон тэр л цагаасаа эхлэн, жилийн дөрвөн улиралд хаана явсан ч монгол дээлээрээ гангарч явдаг Наранхуартай Хөххот дахь "Монгол элемент” компанид нь хүрч уулзсан юм.

1971 онд Алшаа аймгийн Эзэнээ хошууны хөдөө нутагт монгол гэрт төрж өссөн  Наранхуар хар багын “Монгол дээлээ өмсч, ямаа унаад давхиулж байсан” дурсамжтай. Арван хэдхэн насандаа хошууныхаа Улаанмөчирт элсэн орж, бүжигчин, хөтлөгч, бүжиг дэглээчээр бүтэн 10 жил ажилласан тэрээр ажлаа орхин, Бээжин хотыг зорьж, “Ингээд л би Бээжингийн тэнүүлчин болсон” гэж байлаа.

Бээжингийн гудамжийг тэр цагаас эхлэн монгол дээлтэй бүсгүй чимэх болсон. Багаасаа хувцас авахдаа яаж өөрчлөхөө бодож авахаас биш шууд өмсөхөөр сонгож авдаггүй байсан тэрээр хувцсыг өөрийнхөө хэлбэрээр өөрчлөхийг л эрхэмлэдэг байсан нь төрөлхийн авьяас, ирээдүйд дизайнер болох зөн сувин нь байв уу гэмээр.

2003 оноос Наранхуар монгол дээл урлан бүтээх ажлаа эхлүүлэв. Таван жилийн дараа 2008 онд тэрээр үрийн зулай үнэрлэв. Хүүгээ монгол хэл соёлтойгоо ойр байлгахаар Хөххот буцахаар шийдэж, дараа жил нь шууд Хөххотыг зорин иржээ.

Хөххотод дээл оёдог хүмүүс олон байдаг ч өөрийн нэрийн брэндтэй оёдлын газар нэг ч байгаагүйд Наранхуар маш их гайхаж, дээлний брэнд бий болгохоор шийдсэн байна.

2013 онд Наранхуар “Монгол элемент” компанийг байгуулж, хувцас загвар, гэрийн тавилгын бүтээгдэхүүний брэндийг бүртгүүлэн авсан байна. Олны хүчинд ажил бүтнэ гэж итгэдэг тэрээр Оюун, Эрхэм, Оюунтана гэх санаа сэтгэл нийлсэн хэдэн найзтайгаа хамтран энэхүү компаниа ажиллуулж эхэлснээр хүссэн ажил нь амжилттай болжээ.

   Уламжлалт дээлийг орчин үеийн шинэ загвартай болгож, хүн бүр өмсөхөд   зохицуулна хэмээн зориг шулуудсан Наранхуар уламжлалт хувцас загварыг судалж шинжлэх нь юунаас ч чухал гэдгийг ухамсарлажээ. Учир нь монгол үндэстний хувцас загварт 28 ястны өөр өөрийн онцлогтой хувцас загвар байдаг бөгөөд тэдгээр ястны хувцас загвар нь тус тусын оёдлын аргатай байдаг аж. Оёдлын бүх аргыг мэдэж, хувцас загварын аливаа сайхан талыг орчин үеийн дээл хувцсанд ашиглаж чадвал үндэстний дээл соёлоо уламжлан, шинэчлэн дэлгэрүүлж чадна.

 

- Барга дээл гурван эмжээртэй байдаг. Урад дээл ч мөн гурван эмжээртэй. Гурван эмжээр нь “Аав, ээж, би” буюу “өнгөрсөн, одоо, ирээдүй”, мөн “Газар, дэлхий, хүн” гурвыг төлөөлдөг байна. Мөн Буриад авгай дээл нь долоон хэсгээс бүрддэг. Учир нь эрт дээр үед Буриадын Балжин хатан гэх сайн удирдагч байсан аж. Дайсанд баригдаж долоон хэсэг мөчлүүлжээ. Иймээс түүнийг дурсан авгай дээлээ долоон хэсгээр хийдэг болсон гэнэ. Ингээд үзэхээр монголчууд ямар мундаг байсан юм. Хувцас, дээл гэдэг тэр чигээрээ соёл хэмээн дээлний соёлын тухай Наранхуар олон зүйлийг ярилаа.

Тэрээр ийнхүү монгол хувцас загварын тухай судалж явсаар Шилийнхотын музейгээс 1500 жилийн өмнөх хувцасны бүс, зах дээр нь шүрэн хатгамал байхыг олж харжээ. Алт, мөнгө, шүр, оюу зэргийг маш жижгээр дунд нь нүхэлж хэлхэн бүтээсэн тухайн дээл нь Наранхуарын анхаарлыг их татаж, монголчуудын эрт үеийн оёдол урлалын соёлд шүрэн хатгамал байсныг ойлгосон төдийгүй, түүнийг сэргээн уламжлахаар болжээ. Ингээд нэг зах хувцас төсөвлөн зурж, Гуанжөүд аваачин шүрэн хатгамал хийдэг гурван оёдолчноор гурван сар хэлхүүлж, хувцсаа гаргасан байна. Хар өнгийн хувцсан дээр алтан шаргал өнгийн шилэн сувдаар хээ угалз хэлхэн бүтээсэн дээл нь компанийн үзүүлбэрийн тэнхимийн голд нь байрлаж, харсан бүхний харааг булаана. Энэхүү бүтээлд нийт 100 гаруй мянган шилэн сувдыг гараар хэлхэн бүтээснээрээ маш үнэтэй нандин бүтээл болсон байна.

 Ингэж монгол хувцас загварын элементийг орчин үеийн хувцас загвар дээр уламжлан, өвлөн дэлгэрүүлсэн ба цаашлаад оёдлын аргыг автоматаар хийхийг хүртэл оролдож үзсэн байна. Монгол хувцас загварт гүрийлгэ гэх утас дарж оёх нэг төрлийн оёдол байдаг. Түүнийг өмнө нь машинаар оёж болдоггүй байжээ. 2015 онд Наранхуар Шанхайд хүрч, асууж сурсаар нэг Япон бууралтай уулзав. Наранхуарын авч очсон оёдлыг өвгөн мэргэжилтэн туршиж үзэхээр болжээ. Хэдэн өдрийн дараа очиход янз бүрээр гаргачихсан сууж байсан гэнэ. Уг нь энэ буурал олон төрлөөр оёдог машиныг судалдаг мэргэжилтэн хүн байсан болохоор машинаа бага зэрэг өөрчлөөд гүрийлгэ оёдог машин болгосон байжээ.

- Ингэж оёдлын арга, бөс материал гээд олон газраар явсан. Түүнийхээ ачаар ч материал сайн таньдаг болсон гэв.

Хэдэн зуун төрлийн материалын цуглуулгыг компанийнхаа хананд өлгөжээ. Энэ бүхэн хөдөлмөрч бүсгүйн Хятад улс, дэлхийн цар хүрээнээс цуглуулсан материал аж.

3D машинаар хэрэглэгчийн биеийг хэмжиж, компьютер дээр тусгай мэргэжлийн софтоор эсгэлтийн загвар зурж, тусгай хэвлэх машинаар хувцасны хэсэг бүрийн эсгэлтийн хэмжээг хэвлэн гаргах иж бүрэн төхөөрөмжтэй “Монгол элемент” компани нь мэргэжлийн оёдолчдыг ажиллуулж, захиалгын хувцас урлана. Бөөнөөр захиалсан хувцсыг компанидаа оёсон загвараараа Шанхайн хамтарсан компанидаа явуулж, бөөнөөр үйлдвэрлэдэг аж.

Орчин цагийн тоног төхөөрөмж, техник мэргэжил, стандарт хэлбэрт шилжжээ. Одоо дутагдаж байгаа нь монгол язгуур хувцасны тус тусын нэгдсэн томьёог багтаасан компиотерийн дата сан юм. Наранхуар энэ бүхэнд зориулан 28 ястны уламжлалт хувцасны томьёоны дата сан байгуулах ажлыг санаачлан эхлүүлээд байна.

- Бидний урласан хувцасны бүх загвар манай дата санд хадгалагдаж байна. Миний бүх загвар 5000 хүрэхэд APP болон сайтаар цацна. Тэр цагт дэлхий нийтээрээ сайтаас татан авч хаана ч өөрийн хүссэн дээлээ урлуулах боломжтой болно.

 Өнгөрсөн 09-р сард тэрээр Монгол Улс болон Францын Парист 100 гаруй дээлээрээ загварын шоу хийжээ. Түүний дата сангийн төлөвлөгөө биеллээ олбол ирээдүйд монгол дээл дэлхийн хүмүүст хүрч чадна гэдэгт бүсгүй тун их итгэлтэй байна.

- Өмнө нь энгийн даавуун дээл өмсдөг байсан хүмүүс одоо цаг сайхан болж, торго дурдан гэхчлэн олон төрлийн бөс материалыг сонгох болжээ.

Тийм ээ, монгол соёлоо түшсэн Наранхуар эрхэмсэг!

Зохиогч: Нийтлэл: Бүрэнбаяр, Сурнаа
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Амьдрал гаригийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл