
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх их найр наадам ойртож байгаатай холбоотой олон нийтийн анхаарал Өвөр Монголд төвлөрч байна.
Тэгвэл Өвөр Монгол 70 жилийн ойгоо тэмдэглэх их найр наадмаа хаана хийх гэж байна вэ? Найр наадмын гол талбайн барилга байгууламжийн онцлог хэлбэр нь ямар байгаа бол?
Энэ тухай мэдэхийг хүсэж байгаа хүн цөөнгүй байгаа байх. Тиймээс Өвөр Монголын 70 жилийн ойг тэмдэглэх найр наадмын гол талбай болох Өвөр Монголын цөөн тоот үндэстний соёл спортын төвийн тухай та бүхэндээ товч танилцуулъя.

Өвөр Монголын 70 жилийн ойг тэмдэглэх найр наадмын гол талбай болох Өвөр Монголын цөөн тоот үндэстний соёл спортын төв нь Хөххотын шинэ тойргийн Бор хошуу суурингийн Ямаат тосгоны өмнө хэсэгт байрлаж байна. Хойд талаараа Далан хар уулын өмнө бэлийн экологийн замтай нийлж, өмнө хэсгээрээ G6 хурдны замтай холбогдож, байгалийн өнгө үзэмжээр гол болгож, спорт аялал жуулчлалд суурилж, монгол үндэстний өвөрмөц онцлог, бүс нутгийн соёлыг уялдуулан, спортын соёл, онцгой соёл, аялал жуулчлалын соёлоор гол болгосон үндэстний спортын суурин, аялал жуулчлалын суурин юм.

Өвөр Монголын цөөн тоот үндэстний соёл спортын төвийн барилга байгууламжийн ажлыг 2016 оны 2 дугаар сард эхлүүлсэн байна. Энэхүү барилгад ёслолын тайз ба үзэгчдийн тайзны гол барилга, морин уралдааны стандарт зам, машины зогсоол, тоглолтын танхим, тэмцээний ордон, адуун соёлын музей, сур харвалтын ордон зэргийг багтааж байгаа аж. Үзэгчдийн тайзны гол барилгын талбай нь 19.5 га талбай, ерөнхий барилгын талбай нь 81869.8 кв метр бол морин уралдааны стандарт замын эзлэх талбай нь 44 га байх юм. Харин машины зогсоолын эзлэх талбай 21.34 га байхаар төлөвлөн ажиллаж байна. Тус барилгыг барьж байгуулахад 729.73 сая юанийн хөрөнгө оруулжээ.

Өвөр Монголын цөөн тоот үндэстний соёл спортын төв нь ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх гол талбай бөгөөд цаашид Хөххотын олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх спортын төв болох юм байна. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх их найр наадмын үеэр тус спортын төв нь тал нутгийн гайхамшигт сайхан өнгө төрхийг сонирхохоор дөрвөн зүг найман зовхисоос хуран цуглах дотоод гадаадын эрхэм зочид болон наадамчин олон, жуулчдыг угтан авч дэлхий нийтэд Өвөр Монголын үндэстний өвөрмөц онцлог, нийгмийн хөгжил дэвшлийг танилцуулах төв газар болох юм.




