Ойн арга хэмжээ хурлын ёслолоор нээлтээ эхлүүлэн төрийн дууллаа эгшиглүүлэв. Төгсөх ангийн сурагчдын төлөөлөл “Эх сургуулийн минь маргааш нэн сайхан болсугай” сэдвээр илтгэл тавьж, сургуулийн удирдлага өнгөрснөө эрэгцүүлж, ирээдүйгээ төлөвлөн ярилцсан юм. Нээлтийн ёслолд зориулан уран сайхны тоглолт хийж, нийт багш, сурагчдын хамтын бүжиг, зуун хүний морин хуурын хөгжим, зургаан хүн морь унаж дуулсан дуу зэрэг нь тус тусынхаа өвөрмөц онцлогоор хурсан олныг баясгалаа.
Урадын дунд хошууны Монгол үндэстний дунд сургууль 1950 оны 5 дугаар сард байгуулагдсан хошууны шууд харьяа монгол сургууль юм. 1966 онд Урадын өмнөд хошууны засгийн ордноос Баянхуа монгол бага сургуульд харьяалуулан бага, дунд анги хичээллүүлж эхэлсэн байна. Энэ нь Урадын өмнөд хошууны биеэ даасан Монгол үндэстний дунд сургуулийг үүдэн байгуулахын бэлгэ тэмдэг бөгөөд анхны алхам байв. Улмаар 1973 оны 5-р сард хошууны Хувьсгалын зөвлөлөөс “Баянхуа монгол сургууль”-ийг “Урадын өмнөд хошууны Монгол үндэстний дунд сургууль” гэж нэрийдсэн байдаг. Хагас зуун жилийн түүхтэй тус сургуулийн төгсөгчид өдгөө улс эх орондоо төдийгүй олон улсад нэр хүндтэй авьяас билэгтнүүдийг төрүүлсээр байна. Цэнгэлбат, Цолмон, Алтанбагана зэрэг олон арван төгсөгчид нь улс орны өнцөг булан бүрээс цуглаж сургуулийнхаа 50 жилийн ойн баярт чин сэтгэлийн бэлгээ барьсан юм. Тэдгээр шилдэг төгсөгчид дундаас өвөрмөц нэгэн бүтээл болох хос толгойтой морин хуурын баримлыг тусгайлан бүтээж сургуульдаа бэлэг болгон өргөсөн нь олны анхаарлыг эрхгүй татаж байлаа. Энэ бол “Жонон өрөөлт” нэртэй хос толгойт морин хуурын баримал. Өвөрмөц содон хийц бүхий 20 метрийн өндөртэй тус баримлыг хос толгойт морин хуурыг анхлан санаачилсан Өвөр Монголын уран бүтээлч Х.Сэцэнхуар Монгол Улсын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн уран барималч, багш Т.Даваасамбуугийн уран бүтээлч баг хамт олонтой хамтран бүтээсэн байна.


Х.Сэцэнхуар:
- Би энэ сургуулийн 1980 оны төгсөгч. Төрөлх сургуульд маань морин хуурын анги нээснийг анх мэдээд маш сайхан санагдаж, үнэхээр их баярласан. Тиймээс морин хуур сурч байгаа сурагчид, хойч үедээ өв уламжлал, үндэсний соёлоо хайрлах сэтгэлийг нь урамшуулъя гэсэн бодол орж ирсэн юм. Ингээд өөрийн санаачилсан хос толгойтой морин хуураа баримал болгож сургуульдаа нэгэн бодит дурсгал бүтээж дурсгах санаа анх төрсөн. Үүнийг бүтээхэд олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа, чин сэтгэл зориулагдсан, олон сайхан уран бүтээлчид, хувь хүмүүс тусалсанд чин сэтгэлээсээ талархаж байна гэж ярьлаа.

Баримал гэдэг орон зайн урлаг, энэ ч утгаараа хэзээд баг хамт олны хамтын бүтээл байдаг. Монгол Улсын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн Т.Даваасамбуугийн уран бүтээлийн багийн гишүүд болох Н.Батбуурь, Б.Түмэнчулуун нар Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран баримлын ангийг төгссөн залуу уран бүтээлчид юм. Тэдний урласан бүтээлүүд олон бий. Томоохон бүтээлүүдээс нь нэрлэхэд Дорнод аймагт “Хун хатан ижий”, Дорнодын төвд “Тал нутгийн ахан дүүс” нэртэй халх, буриад, үзэмчин, барга гээд үндэстнүүдийн баримлыг бүтээсэн байдаг. Хэнтий аймгийн Батноров суманд танин мэдэхүйн зориулалттайгаар Тэмүүжин Боорчийн анд бололцож буй сэдэвт баримал зэрэг олон дурсгалт баримал бүтээсэн зэргээр жишээлэн дурдаж болно. Харин Өвөр Монголд Шилийнгол аймгийн Сайхан талд танин мэдэхүйн зорилгоор зам дагуух Тэмээдийн баримал урласан. Мөн сургуулиудад “Гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд” нэртэй бүтээл хийсэн байна. Мөн Монгол Урчуудын Эвлэлийн Хорооноос зарласан Хавар, Намар, Алтан бийр, Шинэ бүтээл зэрэг үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог чадварлаг багийнхан ажиллажээ.

Хятадын уран бүтээлч Ян Яшин, Монголын уран бүтээлч Т.Даваасамбуугийн хамт
Түүнээс гадна, Хятадын орчин үеийн нэрт уран барималчин Ян Яшин өөрийн уран бүтээлийн урландаа тэдэнд зориулан байр гаргаж өгч, энэхүү бүтээлийг туурвих таатай боломж бүрдүүлсэн нь талархууштай бодит дэмжлэг байв. “Жонон өрөөлт” баримал дээр домгийг дүрслэн өгүүлсэн бөгөөд Монгол Улсаас олдсон 250 тамгыг ихэнхийг нь багтаан дүрслэхийг зорьсон байна. Ингэснээр тус баримлыг зүгээр нэг сонирхоод өнгөрөх бус өв уламжлалынхаа тухай танин мэдэхүйн ойлголттой болох давуу талтай. “Жонон хар” хос толгойт морин хуур нь Эрээнхотноо зохиогдсон Хятад, Монгол, Оросын хамтарсан Тосон будгийн зургийн үзэсгэлэнд оролцож байв. Хоёр улсын уран бүтээлчдийн хамтран урласан, өөрийн гэсэн өвөрмөц үлгэр домог, үүх түүхтэй “Жонон өрөөлт” баримлыг хойч үедээ уламжлуулан дурсгасан нь үнэхээр ч том бэлэг болж чадлаа гэж хурсан олон үнэлж байлаа.

1980 оны 8-р сард хошууны Засгийн ордноос хошууны төвд “Урадын өмнөд хошууны монгол үндэстний хоёрдугаар дунд сургууль”-ийг байгуулаад Баянхуа дахь монгол сургуулийг “Орны өмнөд хошууны монгол үндэстний нэгдүгээр дунд сургууль” гэж нэрийдсэн байдаг. 2000 оны 8 дугаар сард хошууны засгийн ордноос монгол нэг, хоёрдугаар дунд сургуулийг хошууны төв Мунь уул сууринтай хамтран “Урадын дунд хошууны монгол үндэстний нэгдүгээр дунд сургууль” гэсэн анхны нэрийг нь сэргээсэн байна. Тавин жилийн туршид Урадын өмнөд хошууны Монгол үндэстний дунд сургуулийн бууц нь дөрвөн удаа солигдож, 2015 оны өвлийн эхэнд Мунь ууль суурингийн баруун хойд хэсэг дэх Урадын өмнөд хошууны Үндэстний сурган хүмүүжлийн тойрогт шилжин байрласан түүхтэй.

Баянхуа сургуулийн захирал н.Мөнхжаргал:
- Сургуулийн 50 жилийн ойг тохиолдуулан олон чухал ажил өрнүүлсний нэг нь Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р дунд сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Бид цаашид хамтарч боловсрол сургалтын чиглэлээр олон ажил төлөвлөөд байна гэдгээ илэрхийлсэн юм.
Тус сургуулийн захиргаа ийнхүү Өвөр Монголдоо төдийгүй хоёр улсын хооронд боловсролын салбарт нэгдсэн нь 50 жилийн ойн бас нэгэн онцлог болсон байна. Одоо шинээр баригдаад байгаа Урадын дунд хошууны монгол үндэстний дунд сургууль орчин үеийн боловсрол сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 14 хичээлийн танхимтай, хими физик, биологийн туршилтын тасаг, мэдээ мэдээллийн хичээллэх байр, уншлагын болон дууны хичээлийн танхим, морин хуур, хөөмий, төгөлдөр хуур хөгжмийн сургалтын тэнхим, уран зургийн хичээлийн танхим зэргийг бүрэн тохижуулсан байна. Басхүү 352 сурагчдыг хооллож дайлах орчин үеийн төхөөрөмжит хоолны газар, халуун усаар 24 цагаар хангах угаалгын газартай. Түүнчлэн 296 суудалтай илтгэлийн танхим, 15000 гаруй ном, гарын авлага, сурах бичгийн хадгаламжтай номын сан, сургуулийн түүхийн үзүүлбэр, үндэстний уламжлалт эдлэл хэрэгслийн болон уран бичлэгийн өргөө зэрэг танхимуудтай.
Сурах орчноо иж бүрэн цогцлоож, хамгийн гол нь чадварлаг боловсон хүчинтэйгээр ажлаа үргэлжүүлж байгаа Урадын дунд хошууны Монгол үндэстний дунд сургуулийн хамт олон хагас зууны хангинам дуулалд амжилт цалгиулж, үйл ажиллагаа нь улам өргөжин тэлсээр байна.



Э.ҮРЖИНХАНД
