Сычуань муж нутагтай “95 он”-ы сүүлч үеэр төрсөн Чэн Шы-Я 03 дугаар сарын 21-ний өдөр Үндэсний хурдны тэшүүрийн ордны 30 метр өндөр "Мөсөн тууз"-ын орой дээр зогсож байхад хөл гар нь чичирч байлаа.
Тэрээр урт шулуун шатаар өгсөж, ердөө нэг метрийн өндөртэй коридороор нэлээд удаан явсаар гэрэлтүүлэг болон бусад байгууламж угсарч тавьсан нарийн гудамжинд хүрч ирэв. Энэ нь түүний хувьд ёстой л адал явдалт кинонд тоглож байгаа юм шиг санагдана. Дараа нь тэрээр асар том цагаан мөсийг олж хараад сая сэтгэл тайвшрав.
Энэхүү мөсөн гадаргын тухай Чэн Шы-Я болон түүний хамт олон тэнд хэрхэн нүд гялбам гэрэл, сүүдрийн орон зайг бий болгох тухай тоолшгүй олон удаа төсөөлж байсан. Дахин давтан төлөвлөж дүгнэлт хийсний дараа тэд хятад элементүүдээр дүүрэн богино хэмжээний видеог мөсөн дээр буулгахын тулд агаарт дөрвөн проектор байрлуулахаар шийджээ. 04 дүгээр сарын эхээр өвлийн олимпийн өмнөх хамгийн чухал туршилтын ажил эхэлнэ. Энэ удаа тэрээр “Мөсөн тууз”-ын орой дээр гарч ажилласан нь туршилтын ажил эхлэхээс өмнө проекторын байршлыг тогтоож байгаа нь тэр.
Чэн Шы-Я бол Бээжингийн өвлийн олимпийн зохион байгуулах зөвлөлийн Спортын үзүүлбэр үзүүлэх багийн гишүүн. Өвлийн олимпийн хугацааны “Мөсөн тууз”-ын хөгжим, гэрэлтүүлэг, проекц, шууд нэвтрүүлэг, үзвэр үйлчилгээ зэрэг талын ажлыг эдгээр залуучууд хийдэг. Чэн Шы-Я:
- Туршилтын үйл ажиллагааны явцад проекцийн үзүүлэх талбай тийм ч том биш боловч энэ нь бидний мөрөөдлийг илэрхийлдэг. Мөн "Мөсөн тууз"-ын нээлтийн хэсгийн чухал агуулга болохоор заавал гоё үзэсгэлэнтэй байх ёстой! гэж хэллээ.
Чэн Шы-Ягаас нэг нас ах Лю Юаньже Үндэсний хурдны тэшүүрийн ордны ажлын гүйцэтгэх багийн албан тасалгаанд үйл ажиллагааны цагийн хуваарийг туршиж байлаа. Бээжингийн төрийн өмчийн хөрөнгийн менежментийн ХХК хөрөнгө оруулж бүтээн байгуулалт хийсэн "Мөсөн тууз" нь өвлийн олимпийн хамгийн чухал барилга болох бөгөөд энд спортын тэмцээний олон арга хэмжээ зохион байгуулагдах болно.
Тамирчид өглөөний 10:00 цагаас эхлэн хурдны тэшүүрийн ордонд дасгал хийдэг. Бусад холбогдох ажилтнууд хэзээ ажилдаа гардаг вэ? Тэшүүрийн ордон өглөөний 06:00 цагт нээгдэнэ; нийтийн хоолны баг өглөөний 07:00 цагаас эхлээд хоолоор үйлчлэх бөгөөд өглөөний 06:00 цагт заавал ажлын байрандаа байх ёстой; Тээврийн баг нь өглөөний 05:00 цагаас өмнө унаа тэрэг тохируулж сайн дурын ажилтнууд болон бусад ажилтнуудыг тухайн газарт хүргэж өгөх хэрэгтэй гэж Үндэсний хурдны тэшүүрийн ордны ажлын гүйцэтгэх багийн дарга Лю Юаньже танилцуулна.
Тэмцээний арга хэмжээний технологи, дэд бүтэц, цахилгаан хангамж, цар тахлаас урьдчилан сэргийлэх гэх зэргийг туршилтын үйл ажиллагаанд хянан үзэх ёстой. Лю Юаньже болон түүний багийн хамт олон тэмцээний хуваарийн дагуу өдөр тутмын ажлаа тохируулдаг. Энэхүү залуучуудын багийн хүн бүр маш нарийн цагийн хуваарьтай байдаг. Цагаан сарын дараа багийн бүх хүмүүс амралтын өдрүүдээ орхиж, 04 дүгээр сарын эхний туршилтын үйл ажиллагаанд шилдэг үр дүнд хүрэхээр бүх хүчээрээ хичээж ажиллана.
"Мөсөн тууз"-ын эргэн тойронд завгүй ажилладаг олон хүмүүсийн дундаас Фэн Ганг эрж олоход хамгийн хэцүү. Бас хамгийн дөхөм байдаг. Яагаад гэвэл Үндэсний хурдны тэшүүрийн ордны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн орлогч менежерийн ажилтай тэрээр газар дээрх газар доорх өнцөг булангуудаар ажил хянаж явдаг болохоор гар утас нь ихэвчлэн ямар ч дохиогүй байдаг. Гэхдээ зөвхөн тэмцээний замын хажууд түүнийг хүлээдэг л юм бол хурдны тэшүүрийн мөсийг шалгахаар орж ирэхэд нь "барьж" чадна.
"Мөсөн тууз" дахь мөсний хэсэг бол энгийн мөс биш юм! Анх олон улсын бие даасан спортын байгууллагын мэргэжилтнүүд "Мөсөн тууз"-д олон улсад зөндөө хэрэглэгддэг байгаль орчинд ээлтэй мөс үйлдвэрлэх технологийг ашиглахыг санал болгож байсан боловч Хятад улс эцэст нь нүүрстөрөгчийн давхар ислийг шууд хөргөж мөс хийх арга хэрэгжүүлэв. Энэ бол нэн илүү дэвшилтэт технологи бөгөөд бага эрчим хүчний хэрэглээтэй, жилд дутуу ялгаруулсан нүүрстөрөгчийн хэмжээ нь 1.2 сая гаруй мод тарьсантай тэнцэж байна.
44 настай Фэн Ган арав гаруй жилийн турш мөсөн гулгуурын талбай барьж байсан туршлагатай, том, жижиг олон мөсөн гадаргуу хийж байв. Гэхдээ 12000 метр квадрат талбайд нүүрстөрөгчийн давхар ислийн технологийг ашиглан мөсөн гадаргуу хийж байгаа нь өвлийн олимпийн түүхэнд анхны тохиолдол юм. Түүнээс “Хийж чадах уу?” гэж асуухад “Хятад улсын хүн лавтай сайн хийж чадна” гэж тэрээр шуурхай, шийдэмгий хариулж байлаа.
Төлөвлөгөөгөө дахин дахин өөрчилж, тоног төхөөрөмжөө ахин дахин шалгаж, ажлын нарийн зүйлийг дахин дахин төгс төгөлдөр болго. Хурдны тэшүүрийн мөсөн гадаргыг амжилттай хийхийн тулд Бээжингийн өвлийн олимпийн зохион байгуулах зөвлөл Канадын тусгай мэргэжилтэн Марк Мессерийг урьж хамтран ажилласан байна. Марк хэд хэдэн удаа туршсаны дараа маш сэтгэл хангалуун байв. Одоогийн байдлаар бүх мөсөн гадаргуугийн температур маш тохиромжтой байгаа нь тамирчид тэмцээнд сайн үр дүнд хүрэхэд маш их тустай байдаг. Энэ оны нэгдүгээр сард “Мөсөн тууз”-ын мөсөн гадаргыг анх удаа туршин ашигласан.
Хурдны тэшүүрийн дэлхийн аварга асан Ван Бэйшин туршиж үзээд эрхий хуруу гарган сайшаасан байна. Нэгэн шинэ ээлжийн мөс хийх ажил эхэллээ. Фэн Ган өдөр бүр мөсөн гулгуурын талбайн зузаан, температур, тэгш байдлыг шалгадаг. Мөсөн гадаргуу улам зузаарч, 2.5 см болоход ойртож байгааг хараад түүний сэтгэл амарсан гэх.
Бээжингийн өвлийн олимпийн наадам ойртохын зэрэгцээ сайн мэдээ улам нэмэгдэж байна. Тэмцээний 12 талбайн барилгын ажил бүгд дууссан бөгөөд 100 хувиар ногоон цахилгаан хэрэглэдэг. Бээжин-Жанчхүү хурдны төмөр зам болон Бээжин-Чүн Ли хурдны авто зам нэвтэрч, тэмцээнд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан сайн дурын ажилтны тоо нэг саяыг давжээ.
Зөвхөн "Мөсний тууз" төдийгүй "Цасан Рү-И", "Болор гутал" зэрэг өвлийн олимпийн наадмын талбай олон байдаг. Өвлийн олимпийн ордон, олимпийн тосгон бүрт Хятадын Фэн Ган, Лю Юаньже, Чэн Шы-Я зэрэг өвлийн олимпийн мянга түмэн ажилтнууд шаргуу ажиллаж байна. Тэдэнд нэгэн хамтын мөрөөдөл бий: Дэлхий нийтэд хамгийн шилдэг, хамгийн аюулгүй, хамгийн сэтгэл хөдөлгөм өвлийн олимпийг өргөн дэвшүүлэхийг хүсэж байна!

03 дугаар сарын 22-ны өдөр Фэн Ган ажилтнуудын хамт "Мөсөн тууз"-ын тэшүүрийн зам дээр ус цацаж байна
