
2016 онд АУШУҮИС-ийн “Хүний их эмч” бэлтгэх сургалтын хөтөлбөрийг БСШУСЯ, Боловсролын газар, Дээд боловсролын хэлтэс, Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөл, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэл төслийн дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын АSIIN олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, магадлан итгэмжлүүлснээр олон улсын түвшинд хүрсэн сургалт явуулдаг болохыг баталжээ.
“Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэнээр тус сургуулийн суралцагч оюутнууд, төгсөгчид, эмч нар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, төгсөлтийн өмнөх сургалтын хүрээнд кредит болон оюутан солилцоо, төгсөлтийн дараах сургалтаар мэргэжил дээшлүүлэх, мэргэших урт, богино хугацааны сургалтад хамрагдах боломжтой болж байгаа юм.
АШУҮИС нь дэлхийн жишигт хүрсэн сургалт явуулдаг болохыг батламжилсан түүхэн үйл явдал боллоо.
1942 онд Монгол Улсын их сургуульд Хүн эмнэлгийн факультет байгуулагдсанаас хойш 70 гаруй жилийн хугацаанд Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийг үе шаттайгаар шинэчлэн боловсронгуй болгож ирсэн билээ. Энэ хугацаанд АШУҮИС нь 2011, 2016 онуудад Сургалтын хөтөлбөрөө Үндэсний хэмжээнд амжилттай магадлан итгэмжлүүлж, сургалтаа явуулж байна.

